“Урианхай, тува түмний соёлын өвийн өдрүүд” үйл ажиллагаа энэ сарын 25, 26-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дахь Толбо нуурын хөвөөнд болох аж. Тус арга хэмжээнд урианхай, тува түмний өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан нээлт, хаалтын тоглолт зохион байгуулах бөгөөд 108 магтаалч, бий биелээчид, 21 цуурч уран бүтээлээ толилуулах юм байна. Мөн Бүгд Найрамдах Тува Улс, Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон, Өвөр Монголын соёлын өв уламжлагчид, урианхай, тува түмнээс төрөн гарсан урлагийн алдартнууд оролцох аж. Соёлын өдрүүдийн үеэр овоо тахих зан үйлүүд, соёлын биет бус өвийг таниулах, сурталчлах сургалт, уламжлалт наадгайн тэмцээн болох гэнэ.
Энэ арга хэмжээг Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Урианхай өв соёлын нийгэмлэг”, “Монголын тувачуудын нийгэмлэг” ТББ зохион байгуулах аж.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал