Химийн олон улсын 54 дүгээр олимпиад БНХАУ-ын Тянжинь хотод энэ сарын 10-18-нд боллоо. Тус олимпиадад манай улсаас дөрвөн сурагч оролцсоноос тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль хүртэв. Өөрөөр хэлбэл, Монголын багийн сурагчид анх удаа уг олимпиадаас бүрэн бүрэлдэхүүнээрээ медаль хүртэн, өндөр амжилт үзүүллээ. Манай улсаас сурагч О.Тэмүүжин, А.Ирмүүн нар мөнгө, Б.Гэрэл, Д.Бумчин нар хүрэл медалийн эзэн болсон байна. Энэ нь монгол сурагчдын оролцсон олон улсын дөрөв дэх олимпиад байв. Үүнээс өмнө математик, физик, биологийн олимпиадад манай улс өндөр амжилт үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Жил бүр олон улсын хэмжээний таван олимпиадад манай улсаас оролцдог. Одоогоор математик, физик, биологи, химийн гэсэн дөрвөн олимпиадад оролцсон монгол сурагчид долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна. Дараагийн олимпиад нь мэдээлэл зүйнх бөгөөд ирэх сарын 7-15-нд болох аж.
Олон улсын хэмжээнд математик, мэдээлэл зүй, физик, хими, биологи, газар зүй гэсэн зургаан төрлийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг. Манай улс газар зүйнхээс бусад олимпиадад тогтмол оролцож иржээ. Тухайлбал, өнгөрсөн онд монгол сурагчид таван олимпиадаас хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл, нийт 15 медаль хүртэж, дөрвөн сурагч тусгай байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ. Үүнээс өмнөх жилүүдэд олон улсын олимпиадаас 3-5 медаль хүртэж байжээ.
Бэлтгэсэн М.Оч