ОХУ-ын Буриад улсын ардын дуу, бүжгийн “Байгал” чуулгын хөгжмийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, тус улсын Төрийн соёрхолт Г.Баттулга Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ. Хөгжмийн зохиолч, Гавьяат багш Л.Галмандахын бага хүү тэрбээр “Байгал” чуулгад 20- иод жил ажиллаж буй бөгөөд буриад зоны амьдрал, туулж ирсэн адармаатай түүхийн талаар өгүүлсэн хөгжмийн бүтээл олныг туурвисанд тус улс Төрийн соёрхлоо хүртээсэн нь саяхан мэт. Түүнтэй холбогдож, товч мэдээлэл авлаа.
-Та нэгэн үед нэлээд амжилтад хүрсэн “Fire” хамтлагийн гол гишүүн шүү дээ. Сүүлийн үед их урлагийн замд амжилт арвинтай явах боллоо. Хэзээнээс энэ замаар “давхиж” эхлэв ээ?
-Би найзтайгаа хамт хамтлагаа байгуулсан юм. Өдөр, шөнийг ялгахгүй бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Тоглолтын өмнө бол бүр гэрийн бараа харахгүй. Тэр үед аав нэг өдөр “Чи хэдий болтол ингэж амьдрах вэ. Сонирхол, хүслийг чинь ойлгож байна. Гэхдээ эрдэм хэрэгтэй. Соёлын дээд сургуульд ор” гэсэн. Морин хуурч, хөгжмийн аргазүйч багш болоод удаагүй байхдаа Улаан-Үдэд ирсэн. Хувь заяаны төөрөг юм болов уу даа, 2005 онд “Байгал” чуулгынханд морин хуурч хэрэг болоход, би тоглосон юм. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл энэ хамт олонтойгоо ажиллаж байна.
-Хөгжимчин байх хүсэл, сонирхол тань аавынхаа мэргэжлээс үүдэлтэй юү?
-Тийм ээ. Хорвоог таньж эхэлсэн цагаас манай гэрт хөгжим дуугарч байдаг байлаа. Аавынхаа зохиосон дуунуудаар “амьсгалж” хүн болсон.
-Аавтайгаа хамтарч гаргасан бүтээл бий юү. Эсвэл туурвиснаа аавдаа сонсгож, үгийг нь сонсож байв уу?
-Аав минь 2009 онд өөд болсон. Тэр үед би бүтээл төрүүлж хараахан амжаагүй байлаа.
-Та монгол үндэсний найрал хөгжимд зориулсан олон арван зохиол туурвижээ. Хөгжмийн зэмсэг тус бүрийн онцлогийг тодруулахыг нэлээд зорьдог юм байна. Таны уран бүтээлийн алсын зорилго юу вэ?
-Монгол үндэсний морин хуу, ятга, ёочин зэрэг зэмсэгт гадаадын хөгжмийн зохиолчид бүтээл туурвиж, тэдгээрийг нь олон улс оронд хөгжимчид, оркеструуд тоглож байгаасай гэж боддог. Энэ миний туйлын хүсэл байх. Ийм болох цагийг дөтлөхийн тулд бид уран бүтээлээ сайн хийж, аль болох олон оронд тоглох ёстой. Гадаадынхан манай театрыг олонтоо зорин ирдэг болтол сурталчлах хэрэгтэй.