Монгол Улсын даян мэргэн Д.Түвшин Дорноговь аймагт үндэсний сур харвааг хөгжүүлэх үйлсэд зүрх сэтгэл, амьдралаа зориулж яваа. Тэрбээр сурын алтан шар зурхайд нутгийнхаа нэрийг дуурсгаж, үндэсний спортын залууст үлгэр дуурайл болсон ахмад харваачдын нэг. Түүний гаргасан амжилтуудыг дурдвал сонины зай даанч хүрэлцэхгүй. Монголын үндэсний харваачдын холбооноос зохион байгуулдаг ахмадын УАШТ-ээс шагналгүй нутаг буцсан удаа түүнд тун ховор. Тухайлбал, өнгөрсөн жил III байр эзэлж, хүрэл медаль гардсан. Жил бүрийн наадмаар цэц сорьдог тэрбээр 1989 онд улсын мэргэн, 1995 онд Монгол Улсын даян мэргэн цол хүртэж наадамчин олныг баясгасан түүхтэй. Түүнийг эмэгтэйчүүдийн багийн УАШТ-д шавь нартайгаа оролцох үед нь яриа өрнүүлсэн юм.
-Наадмын босго өндөр гэдэг дээ. Үндэсний спортынхон наадамчин олонд бүтэн жил хэрхэн хөдөлмөрлөснөө харуулдаг. Сурын алтан шар зурхайд эрхий мэргэчүүдийн цэц сорих өдөр дөхжээ.
-Монголын үндэсний сур харваанд залуус жилээс жилд нэмэгдэж, улсын цолтой шинэ мэргэн төрөх болсон. Бидний үед харваачид цөөн. Наадмаар 400 гаруй харваач цэц сорихыг үзэгчид хараад “Хөөх, ямар олон харваач ирээ вэ” гэж гайхдаг байв. Тэгвэл өдгөө 800 харваач сурын алтан шар зурхайд цэц сорьж байна. Энэ жилээс харваачдад босго оноо тогтоож, улсын аварга болон томоохон тэмцээнд түрүүлсэн, мөн чансаа өндөртэй 500 харваачийг наадмын үндэсний сур харваанд оролцуулах болсныг дуулсан. Залуус наадмын харваанд өрсөлдөхийн тулд бэлтгэлээ сайн базааж, амжилтай харвахыг зорьж байгаа. Энэ наадмаар тэднээс хэн нь ч 40 сумнаас нэг ч алдалгүй онож түрүүлэхэд гайхахааргүй болсон.
-Дорноговь аймгийн Сайншанд сумынхан 90, 91 жилийн ойн баяраа нэгтгэж наадмын дараа өргөн тэмдэглэх гэл үү?
-Тийм ээ, аймгийн маань 91 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа. Өнгөрсөн жил цар тахлын улмаас наадам болоогүй тул 90 жилийн ойг тэмдэглэлгүй хойшлуулсан юм. Нутагт хур бороо бага, гантай, шороо шуурсан зун болж байна. Улаан шороо боссон газар наадам хийх хэцүү. Энэ жил улс, аймаг, сумын наадмыг нэг өдөр зохион байгуулах хууль батлагдсан. Нутгийн удирдлага гантай байгаа тул наадмаа хойшлуулж, зуншлага сайхан болж, идээ цэгээ элбэг дэлбэг, хүн малын зоо тэнийсэн үед ойн баяр нь тохиож буй аймгийнхантай давхцуулж хийх хүсэлт тавьсныг нь зөвшөөрлөө.
-Танд жил бүрийн наадмаар нутаг ус, алдар, цолоо дуудуулах сайхан санагддаг байх. Наадамчид харваачдаа харахаар догдолж суугаа гэдэг эргэлзэхгүй байна.
-Бид ч бас наадамчин олонтой уулзах гэж сарын өмнөөс сэтгэл догдолж, хоног тоолон хүлээдэг юм. Миний хувьд залгамж халаа шавь нараасаа улсын цолтон төрүүлэхээр зорьж байгаа. Урин дулаан орохоор наадмын өдрүүд бодогдож, сэтгэл гэгэлзээд эхэлдэг. Үндэснийхээ спортоос сур харваагаар хичээллэн, наадмаар алдар, цолоо дуудуулж цэц сорих сайхан. Энэ спортын ачаар эрүүл яваагаа ховорхон тохиох аз завшаан гэж боддог.
-Үндэсний спортоор хамтдаа хичээллэж, амжилт гаргасан гэр бүл цөөнгүй бий. Танайх ч бас тэдний нэг дээ.
-Бид биеийн тамирын багш мэргэжилтэй. Нөхөр надаас өмнө үндэсний сур харваатай нөхөрлөсөн. Дорноговьд сур харваач ховор тул биеийн тамирын багш, мэргэжилтнүүдийг үндэсний сур харвуулж сургахаар Хэнтий аймаг руу явууллаа. Тэнд мэргэчүүдтэй танилцаж, хамт бэлтгэл хийгээд буцахад нь “Эхнэрээ сур харвуулж сургаарай” гээд нум бэлэглэсэн юм. Намайг баярлаж, бэлгэшээхэд хань минь “Үндэсний сур харваа сайхан спорт санагдлаа. Чи ч гэсэн харваж болно, хамтдаа хичээллэе” гэв. Бид 1984 оны намар хичээллэж, дараа жил нь болсон тэмцээнд би II байр эзлэн, спортын мастер цол хүртэв. Тэр цагаас сумынхаа хүүхдүүдийг үндэсний спортод сонирхолтой болгож, хөгжүүлэхээр зорьсон. Багш хүн шавь нараа амжилт гаргахад өөрөө түрүүлснээс дутуугүй баярладаг. Тэднээс зарим нь аймгийн болон улсын гарамгай, гоц мэргэн цол хүртжээ.
-Гэр бүлээрээ үндэсний сур харвааг хөгжүүлэхээр зориход нутгийнхан тань хэр хүлээж авсан бэ?
-Таатай хүлээж авсан. Биднийг сур харвахаас өмнө аймгаас зохион байгуулсан тэмцээнд хэнийг оролцуулах вэ гэж хайх шахам юм болдог байлаа. 1986 оноос сургуулийнхаа багш нарыг зун амрахаар нь бэлтгэл хийлгэж, харвуулснаар багаараа улсын аварга, бүсийн тэмцээнд тус бүр таван удаа түрүүлсэн. Би идэрчүүдийн УАШТ-д сурагчдаа оролцуулахад 10 жил дараалж, аваргаар шалгарав. Шавь нараас минь гадна нутгийн хүмүүс хүүхдээ сур харвуулахаар дагуулж ирснээр Дорноговь аймаг мэргэн харваачидтай болсон доо.
-Улсын мэргэн цол хүртэх жилээ та дархан мэргэн Ч.Мөнхцэцэг гуайн ааваар нум урлуулсан тухай ахмад харваачдаас сонсож байлаа.
-1986 онд улсын даян мэргэн Р.Чойжсүрэнгээр нум урлуулж, 20 жил харвахдаа наадам, УАШТ-д тус бүр хоёр удаа түрүүлсэн. Дорноговь аймгийн “Тэргүүн харваач” өргөмжлөлийг түүний урласан нумаар л хүртсэн. Надад ээл, ивээлээ харамгүй хайрласан болохоор бэлгэшээж, гэрийнхээ хойморт залсан шүү. Гавьяат тамирчин, улсын наадамд зургаан удаа түрүүлж Монгол Улсын дархан мэргэн цол хүртсэн Мөнхцэцэгийн ах, эгч нь үндэсний сур харваагаар олон жил хичээллэсэн. Аав нь охин Мөнхтуяадаа зориулж, нум урлахдаа “Би арай хатуудуулчихлаа. Охин минь энэ нумыг татах тэнхээгүй юм” гээд бариад сууж байхад нь би “Надад энэ нумаа өгөөч, харвая. Та хийж сураагүй биш, охиндоо дахиад нэгийг урлачихна шүү дээ” гэхэд “Чи сонирхож байгаа бол ав даа. Урласан нумны минь ид шидийг улсын наадамд гаргаарай” гэж ерөөгөөд өгсөн юм. Би ч хэлснийг нь биелүүлсэн. Түүний охин Ч.Мөнхцэцэгтэй түрүү байрын төлөө цэц сорьсон удаа олон. Намайг улсын мэргэн цол хүртэхэд тэрбээр баярлаж “Би чамд нумаа өгч явуулчихаад яах бол гэж бодож суусан юм. Нумаар минь харваж, амжилт гаргахыг харах сайхан байна” гэж билээ.
-Залуу урлаачдын урласан нумыг хараад танд ямар бодол төрдөг вэ?
1987 онд нөхөр минь Сэлэнгэ аймагт болсон бүсийн тэмцээнд хүний нумаар харваж түрүүлээд, спортын мастер цол хүртэхэд Дулаанхаан сумын нум урлаач З.Баатар “Чи үндэсний сур сайн харваж сурчээ. Найз нь чамд өөрийн гараар нум урлаж өгье” гэв. Тэр нумны бат бөхийг одоо ч биширдэг. Сүүлийн үед залуу урлаачдын хийсэн нум чамлалтай санагдах боллоо. Харваачид захиалж хийлгэсэн нумаараа гурваас таван жил харваад хугарчихаж байна. Ахмад урлаачдынхаа ухаан, туршлага, технологийг залуус тал бүрээс нь сайтар судалдаг байгаасай. Урлаач хүн харваачийн биеийн онцлогт тааруулж урлахдаа сэтгэл, ухаанаа шингээдэг юм. Урласан нум нь 20 жилийн цаг агаар, байгалийн үзэгдлийг даана гэдэг гайхалтай шүү.
-Та Дорноговь аймгийн Сайншанд сумаас ажил, амьдрал, амжилтынхаа гарааг эхлүүлсэн юм билээ.
-Би уг нь Ховд аймгийн хүн. Сумынхаа сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, Биеийн тамирын дээд сургуульд сурсан. Ажил, амьдралынхаа гарааг Дорноговь аймгаас эхлүүлж, амжилт гарснаа бэлгэшээдэг. Нөхрийг минь Л.Хүүхэндүү гэдэг, Өмнөговь аймгийнх. Үндэсний сур харвааны хүндэт, шагайн харвааны харьшгүй мэргэн, үндэсний бөхийн аймгийн заан цолтой. Бид энэ нутагт ажиллахаар хуваарилагдаж очихдоо танилцаж, гэр бүл болсон юм. Амьдрал, спортын түүх энэ нутгаас эхтэй. Нөхрийнхөө хамт үндэсний сур харвааг хөгжүүлж, олон харваачтай болголоо. Улсын наадмаар нөхөр шагай, би сур харвана. Харвааны дундуур хэрхэн цэц сорьж байгаа бол гээд нэгэндээ санаа тавина. Би ханиа хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш гурван жил сур харваагүй. Энэ жил эмэгтэйчүүдийн багийн УАШТ-д оролцохоор шавь нартайгаа ирж, сурын талбайд нумаа эвшээлгэх сайхан байна.
-Үндэсний сур харваанд амжилт гаргасан оргил үеийнхээ тухай сонирхуулаач.
-Үндэсний сур харваагаар хичээллэсэн эхний 10 жил миний амжилтын оргил үе байжээ гэж боддог. Улсын мэргэн цол хүртэх наадмаар надтай түрүү байрын төлөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харваач, улсын мэргэн Ж.Гүнтогтох өрсөлдөж, товх харвасан. Түүний ах Ж.Гүнбадрал мөн л улсын мэргэн цолтой. Тэднийхэн гэр бүлээрээ сур харваагаар хичээллэдэг. Тухайн үед эмэгтэй харваачид 32 сумнаас 28 оносон нь түрүүлдэг байв. Улсын цолтой мэргэнтэй товх харвахын өмнө сэтгэлд олон зүйл бодогдож түгшсэн. Тэр жил хүмүүс улсын мэргэн түрүүлэх үү, эсвэл шинэ мэргэн төрөх үү гэж амьсгаа дарж суусныг санадаг юм. Цол дагаж бяр гэдэг дээ. Улсын даян мэргэн цолыг туршлагатай болчихсон хойноо хүртсэн. 1995 оны наадмаар эмэгтэй харваачдаас хамгийн өндөр оноогоор түрүүлж байв. Миний ард Ч.Мөнхцэцэг, Л.Цэнгэл мэргэн нар оноо ойрхон явсан. Наадамчид тэднээс хэн нь түрүүлж, цолоо ахиулах бол гэж ярилцаж байлаа. Зарим жил аймгийн наадам сур харваагүй болчих гээд байсан тул улсын наадамд оролцоогүй. Спортын сэтгүүлчид Ч.Мөнхцэцэг мэргэнээс “Та энэ жилийн наадмаар хэнийг хүчтэй өрсөлдөнө гэж бодож байна вэ” гэж асуухад “Д.Түвшин мэргэн” гэж хариулдаг сан. Тэгтэл олноос онцгойлж хэлсэн өрсөлдөгч нь аймгийнхаа наадамд сур харваж байх жишээтэй.
-Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний ойн баяраар аймгийнхаа харваачдаас таныг гурван удаа түрүүлснийг саналаа.
-Хутагтын мэлмий гийсний ойн баярт Улаанбаатараас алдартай мэргэчүүд ирдэг. Нөхөр минь нэг жилийнх нь ойн баяраар эрэгтэйчүүдийн сур харваанд түрүүлсэн. Улсын дархан мэргэн Ч.Мөнхцэцэг надаас олон дүү. Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа хэвлэлийнхэнтэй сэтгэгдлээ хуваацахдаа “Би хүүхэд байхдаа Ч.Мөнхцэцэг, Д.Түвшин, Л.Цэнгэл мэргэн нарыг байнга түрүүлэх ёстой гэсэн ойлголттой байлаа” гэж билээ. Улсын наадмаар эмэгтэйчүүдээс улсын мэргэн цол анх хүртсэн харваач бол Б.Батжаргал. Тэрбээр олон удаа үзүүрлэлээ. Наадмын босго өндөр. Харваачид оноо тэнцсэн үед товх харван, хэн түрүүлж оносон нь улсын цол хүртдэг. Би дөрвөн удаа II байрт шалгарахдаа нэг оноогоор дутсан.
-Сурын талбайд сонирхолтой зүйл өрнөдөг үү?
-Спортын мастер цолыг 32 сумнаас 24 оносон тохиолдолд олгодог байв. 1985 онд 26 онож болзол биелүүлсэн юм. Тэр тэмцээнд цолны эрэмбээр Ч.Мөнхцэцэг миний өмнө зогсож, дөрөв дэх сумаа онолоо. Намайг харвах гэж байтал сонирхолтой зүйл тохиосон юм. Дорнод аймгийн нэг харваач “Чиний нэгдүгээр сум чинь сайн оносон. Үүгээрээ харва” гээд өгөв. Нөгөө сумаар харваад давуулчихлаа. Мэргэнээс нэг оноогоор дутаж, II байр эзлэхэд хүмүүс дургүйцэж, нөгөө харваачийг “Түүний харваа сайхан болж байхад чи яах гэж сумыг нь солив. Товх харвах байсныг өөр сум өгөөд байр хойшлуулчихлаа” гээд зэмлэв. Тэр үед “Хөөрхий минь надаас болж хүмүүст загнууллаа” гээд санаа зовж байлаа.
-Таныг аймгийнхаа наадамд сур харвасан жил улсын наадамд хэн түрүүлсэн бол?
-Л.Цэнгэл мэргэнийг улсын наадамд оролцох жил би аймгийн наадамд харвасан. Биеийн тамир, спортын хорооны дарга “Аймгийн наадам сур харваачгүй болох гээд байна. Чи энэ жил нутагтаа харва. Л.Цэнгэл мэргэн та хоёрын нэгийг улсын наадамд оролцуулна” гэв. Намайг улсын наадамд оролцоогүй жил Л.Цэнгэл, Ч.Мөнхцэцэг нар түрүүлсэн байдаг юм. Мөн ахмадуудаас Б.Цэцэг үндэсний сур харваагаар хожуу хичээллэсэн ч богино хугацаанд амжилт гаргасан. Би 60 настай байхдаа 32 сум оноход наадамчид “Та бараг түрүүлэх шиг боллоо” гэхэд “Үгүй байлгүй, миний ард сайн харвадаг олон харваач бий” гэлээ. Д.Цэцэг надаас хоёр сумаар илүү онож, улсын мэргэн цол хүртсэн. Тэрбээр “Өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй. Тэр үед чамайг дахин түрүүллээ гэж бодсон шүү” гэж билээ. Тэрбээр наадмын сур харваанд эхний V байрт цөөнгүй шалгарсан.
-Хүүхдүүд тань үндэсний сур, шагайн харваагаар хичээллэдэг үү?
-Нэг хүү минь аавынхаа шагай харвахыг эрдмийг өвлөж, улсын гарамгай мэргэн цол хүртсэн. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч ач хүү шагайн харваж байна. Зээ нар минь сур харвах сонирхолтой. Тэднийхээ нумыг одооноос зэхэхээр нум сайн урладаг хүмүүсийг судалж байгаа. Үндэсний спортоор хичээллэдэг тамирчдын хүүхдүүд багаасаа бие дааж өсдөг. Биднийг тэмцээнд явахад охин минь дүү нараа хараад үлдэхэд хадам аав, ээж минь анхаарал хандуулдаг байв. Наадмын харваанд оролцчихоод бүсийн харваанд өрсөлдөхөөр Хэнтий, Дорнод, Завхан, Хөвсгөл явна. Нутаг нутгийн байгалийн сайхныг харж, шинэ нөхөдтэй болоод ирдэг сэн.
-Наадмаар жуулчид үндэсний сур харвааг сонирхож их үздэг. Монголчуудын дэлхийн талыг нум, сумаар эзэлж явсан нь тэдэнд сонирхолтой санагддаг бололтой.
-Монгол цэргүүдийн дайнд хэрэглэдэг байсан нум, сум энх цагт үндэснийх нь спортын нэгэн төрөл болж хөгжсөн нь сонирхолтой санагддаг болов уу. Өнөөг хүртэл хөгжсөн энэ спортын гайхамшгийг мэдэх гэж хичээдэг нь гадаадынхнаас анзаарагддаг. Зарим оронд эртнээс улбаатай зүйл нь устаж үгүй болсон байхад монголчууд өвөг дээдсийнхээ өв соёлыг хадгалж өнөөг хүргэсэн ухааны нууцыг олж мэдэхийг хүсдэг байх. Тэд харваачдаас үндэсний хувцас, нум, сумаа юугаар хийдэг вэ гэж сонирхож асуудаг юм.
-Сурын талбайд олон сар бэлтгэл хийдэг харваачдын хатуужил, тэсвэрийг хараад бахархдаг шүү.
-Бид цаг агаарын ямар ч нөхцөлд харваж сурсан. Халуун, хүйтэнд борлож, нүүр, гар хуурайшсан байхыг үеийн хүүхнүүд харчихаад “Хүүе ээ, чи биеэ яасан боддоггүй юм бэ, нүүр тань харлаад, гар, хуруу чинь эвэршээд хэцүүдэх нь” гэдэг байв. Харваачид намар хөдөө амарч, хонь хариулсан хүүхдүүдээс нэг их ялгарахгүй шахам харагддаг юм. Үндэсний сур харваачид бие, сэтгэлийн хатуужлаас түрүүлж суралцдаг тул хэр баргийн зүйлд амархан шантрахгүй.
Энэ ташрамд, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд цэц сорих үндэсний сур харваачдын хараа нь хурц, оноо нь мэргэн, уухай нь цээл байх болтугай. Сурын алтан шар зурхайгаас шинэ мэргэн төрж, наадамчин олныг баясгах болтугай. Мөн аймгийнхаа зон олон, ах дүүс, үр хүүхэд, найз нөхөд, наадамчин олондоо баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан наадаарай.
Бэлтгэсэн Г.Батцэцэг