Орос, Украины хооронд болж буй үйл явдлын хувьд Өрнөдөд ямар нэг стратеги огт алга. Энэ тухайгаа саяхнаас бусдад сонсогдохоор ярьж эхэллээ. Британийн чөлөөнд байгаа нөлөө бүхий генералуудын нэг, 2010-2013 онд Британийн армийг толгойлж байсан 70 настай Дэвид Ричардс “Daily telegraph” сонинд бичсэн өгүүлэлдээ Өрнөдийн стратегийг “Яах нь вэ, харзная” гэж буйтай адил байна хэмээн өгүүлжээ. Түүний бодлоор үүнийг стратеги гэж үзэж болохгүй аж.
Иракт болсон ажиллагааг удирдаж байсан үетэйгээ генерал харьцуулж үзсэн байна. Тэгэхэд байлдааны ажиллагааны эцсийн зорилго, зорилт юу болох талаар хариулт авах гэсэн түүний бүх оролдлого Лондонд ч, Вашингтонд ч, НАТО-гийн штабт ч үл ойлгох явдалтай тулгарч байжээ. Дараа нь Ливи, Сири, Иракт Өрнөд түрэмгийлэл үйлдсэн цаг үед ч ийм асуудал гарч байв. Тууштай стратеги одоо Украинд ч илт үгүйлэгдэж байна хэмээн Ричардс баталж байна. Тэрбээр “Бид дайны ямар төгсгөл хүсэж байгаа, эсвэл ямар Орос улс үлдээхийг хүсэж буй тухайд Лондонд ч, Вашингтонд ч, ер хаана ч төсөөлөл бага байна” гэв.
Лондоноос хариулт шаардахдаа генерал улсынх нь гадаад бодлого бүхэлдээ хилийн чанадын холбоотноосоо хамаарч буйг илт хүлээн зөвшөөрч мэдээж чадахгүй байгаа л даа. Гэтэл асуултууд ар араасаа гарч ирээд байдаг. Оростой шөргөөцөлдсөн эхний үед уг үйл явдалд дуртайяа орж явчихсан Өрнөд асуулт тавихыг зөвшөөрдөггүй байв. Оросын тусгай ажиллагааны эхний өдрүүдэд тэндхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажилтнууд “Өрнөдийн сэтгүүл зүйн гайхуулдаг стандартын” талаарх номлолоо бүгдийг мартаад “үзгээ жадтай дүйцүүлэх” болсон байна. Харин улстөрчид, их бага ч гэлээ эрүүлээр сэтгэдэг шинжээчид нь зохимжгүй сэдвийг дэвэргэхгүй байсан нь дээр гэмээр нөхцөл байдалтай тулгарчээ.
Америкийн 93 настай философич Ноам Хомский Оросын эсрэг Өрнөдийн болзошгүй дайнтай холбоотой асуудлыг хөндөхөөс зайлсхийв. Тэрбээр саявтар сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хэрэв энэ асуудлыг гэнэт хөндөж, тэр тухай ярьж эхэлбэл тэр дор нь өөрийг чинь Путинийг дэмжигч, бууж өгөхийг уриалсан коммунист харх хэмээн нэрлэх болно” гэж хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эндүү ташаа үг хэлчихээд түүнийг нь ажилтнууд нь залруулдгийг хүмүүс мэдэх болсон. Ялангуяа гуравдугаар сарын 26-нд Варшавт үг хэлснийх нь дараа уг үгийг Цагаан ордон түүхэн, эрин үеийн гэж ойлгуулахыг хичээсэн шүү дээ. “Ардчиллыг хамгаалах” тухай АНУ-ын хувьд дадал болсон энэ дэмий үгийг нь аваад хаячихвал Оростой ил шулуухан сөргөлдөөнд Өрнөд татагдан орсны зорилго нь Оросын хууль ёсны Засгийн газрыг унагах гэсэн ганцхан зүйлд чиглэж байгаа нь тодорхой болно. Улс төрийн хувьд Оросыг үзэн ядах явдал албан ёсны үзэл суртал нь болоод байгаа Польш энэ үзэл санааг “Ура” хэмээн хүлээж авсан.
Ингээд хэсэг чимээгүй болов. Хомскийн хэлснээр Оросын эсрэг Өрнөдийн дайны зорилгын тухай асуултыг бусдад дуулдахаар тавьж болохгүй байв даа. Энэ нам гүм байдлыг 99 настай Генри Киссинжер тавдугаар сарын 23-нд Давост шуугиан тарьсан үг хэлж эвдсэн билээ. Үүгээрээ тэрбээр Украины “Энхийг эрхэмлэгч”-ийн хар жагсаалтад Украины эсрэг Оросын мэдээллийн тусгай ажиллагаанд оролцогч болж бичигдсэн юм. Ингээд л хардлага сэрдлэг тэр даруй эхэлсэн. “Ямар ч үнээр хамаагүй ялалт” чухал гэж мэдэгдэж, 2-5 дугаар сард Оросын зүг хилэнтэй үг хашхирч байсан стратегичид гэнэт “Хаан нүцгэн байна” хэмэээн орилолдсон юм. Украин дахь үйл явдлын эцсийн зорилго юу болохыг хэн ч тодорхойлоогүйг тэд анзаарчээ. Киссинжер мэт улс төрийн бурхи хэлсэн үгнийхээ араас “Путиний тагнуул” гэх хоч авах нь тийм ч аюултай бус.
Энэ асуудлаарх бодол санааны өөрчлөлт Голландын 70 настай зохиолч Иан Бурцманийн байр сууринаас илт болсон. Тэрбээр Оростой жинтэй яриа хөөрөө хийх нь чухал болох талаар дүгнэсэн цөөн улстөрч рүү бүр дөрөвдүгээр сард хилэгнэн давшилсан юм. Гэвч Киссинжерийг үг хэлсний дараа Бурцман “Орос бууж өгнө гэдэг үлгэр” гэсэн нэртэй өгүүлэл бичиж, өөрөө золтой л тэдний эгнээнд давхиад орчихоогүй.
Америкийн ахмад зүтгэлтний үгийн нөлөөнд автан голланд зохиолч Оросыг тэртэй тэргүй ялж чадахгүйгээс хойш Украин шаналантай зөвшилцөлд бэлтгэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн юм. “Буулт хийхийг үл зөвшөөрөх, Путин унаж байж л ардчиллыг аварна гэх хилийн чанадаас өгч буй зөвлөгөө бодит байдалд тэгтлээ нийцэхгүй” гэж зохиолч бичиж, ямар ч байсан улсаа аварч үлдэхийн тулд газар нутгаасаа өгсөн жишээ цөөнгүй байдгийг Украинд сануулав. Ерөнхийлөгч Рональд Рейганы цэргийн зөвлөх байсан, Америкийн улс төрийн ахмад шинжээчдийн нэг, бас “бурхи” гэж хэлж болох одоо 79 настай Эдвард Люттвак газар нутгаасаа өгч улс орноо аврахыг ил шууд уриаллаа. Украин дахь хямралыг зогсоох цорын ганц арга бол олон улсын хэмжээнд “маргаантай бүс нутаг” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Донбассын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж тэр мэдэгдэв. Крым Орост харьяалалтайд Люттвак эргэлзэхээ нэгэнт байсан, Запорож, Херсон мужийн тухайд ийм санал асуулга явуулахгүй гэдэгт тэр яагаад ч юм итгэлтэй байгаа аж.
Маргааныг чухам ийм маягаар энхийн замаар шийдвэрлэхийг Донецк, Луганскийн БНУ-уудын төлөөлөгчид нэг жил хагасын өмнө санал болгож байсан билээ. 2020 оны арванхоёрдугаар сард Донецкийн БНУ-ын Гадаад хэргийн сайд Наталья Никанорова “Одоогийн бий болсон нөхцөлд шууд ардчиллын механизм-бүх нийтийн санал асуулга гарц байж болох юм” хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан ёсны бус индрээс санал болгож байв. Тэр үед Өрнөд түүний үгийг сонссон бол олон золиосыг тойрч гарч болох байлаа. Гэвч НҮБ дахь Өрнөдийн төлөөлөгчид Донбассын төлөөлөгчийн энэ үгийг сонсохоос татгалзан чихээ бөглөж, уг хуралдааныг орхиж гарсан төдийгүй түүнийг телевизээр дамжуулахыг ч хориглож байв.
Улс төрийн ахмадууд (насыг нь бичээд байгаа нь санамсаргүй юм биш) голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд санал бодлоо илэрхийлж Өрнөдийн шинжээчдийн дараагийн үеийнхэнд замыг нь тавьж өгсөөр ирсэн юм. RAND корпорац болон Америкийн тагнуулын албаны ажилтан байсан, одоо “Карнеги” санд АНУ-ын төрийн удирдлагын хөтөлбөрийг тэргүүлж буй Кристофер Чиввис “Gruardian” сонинд “Энэ дайныг аль болох түргэн дуусгах нь Украин болон Өрнөдийн эрх ашигт нийцнэ” нэртэй өгүүлэл нийтлүүлжээ. Дайны талбарт Европын олон зүтгэлтэн уриалаад байгаачлан Оросыг Украин ялах тэнхэлгүй хэмээн Чиввис ойлгуулахыг хичээсэн байна. Тиймээс Украиныг хувааж, дайны дараа Өрнөдийн талыг баримталсан хэсэг дээр нь Өрнөд хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг Америкийн стратегич илэн далангүй уриаллаа. Ийм шийдвэр гаргахад Владимир Зеленскийд хэцүү байгааг Чиввис ойлгоод түүний өмнөөс Өрнөд уг шийдвэрийг гаргахыг уриалж, Украины ард түмнийг энэ замаар явахыг турхирав.
Оросыг украинчуудын гараар ялах, эсвэл хүчийг нь сулруулах замаар түүнийг олон улсын тавцангаас зайлуулах боломжгүйг Өрнөдийн дээд удирдлага улам бүр ойлгох болж байна гэж хэлж болно. Газар нутгийн талаар буулт хийх боломж Украинд байгааг сануулсан үг Жо Байдены амнаас ч унаж эхэлсэн нь үүнийг гэрчилж байна. Америкийн Ерөнхийлөгч “New York times” сонинд зориулж бэлтгэсэн саяхны нэг өгүүлэлдээ нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгээс татгалзах асуудлаар Украины эрх баригчдад шахалт үзүүлэхгүй гэх санааг илэрхийллээ.
Оросыг дайн хийж юм уу, эдийн засгийн хоригоор ялах боломжгүйг Вашингтон нэгэнт ойлгосон ч цаашдын стратегиа боловсруулаагүй байгаа нь тодорхой боллоо. Цус урсгасан үйлдэл үргэлжилсээр, Украины ард түмэн энэлэн шаналсаар, эдийн засгийн өргөн цар хүрээтэй эмх замбараагүй байдал бий болсны хариуцлагыг Цагаан ордон өөрөөсөө зайлуулж Зеленскийд тохохыг санаархаж буй нь Вашингтоны байдлаас илт болж байна. Оросыг “дайны талбарт ялах” чадалтай гэх үлгэр ярьж Украиныг түлхэж оруулсан улс төрийн мухардмал байдлаас гарах нүх сүв олохыг шаргуу оролдож буй нь “Орос довтлох” талаар Зеленскийд урьдчилан анхааруулсан гэсэн зэмлэл Байдены амнаас гарснаас харагдаж байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг газар нутгийн асуудлаар буулт хийж байж л Украинд энх амгалан байдал тогтоно гэж саяхан хэлсэн нь энд өгүүлээд байгаагийн томоохон нотолгоо мөн биз ээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант