Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ орон нутгийн үйлчилгээг цахимжуулах болон кибер аюулгүй байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Зургадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд улсын түвшинд үзүүлдэг үйлчилгээнүүдийн хувьд 660 үйлчилгээ цахимжаад байгаа. Түүнээс гадна, тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 8,100 орчим иргэн тоон гарын үсэг аваад байна. Тоон газрын үсгээр бүх төрлийн үйлчилгээг авах бөгөөд цахимаар гэрээ хэлэлцээ хийх боломж бүрдэж байгааг онцолж хэлмээр байна.
Мөн долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж буй. Уг шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана. Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичиж, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү заавал утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой. Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломжтой.
Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ бий. Нөгөө талаар иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна.
Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын түвшин маш эмзэг байгааг нуухгүй. 2021 оны арван хоёрдугаар сард түүхэндээ анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр кибер аюулгүй байдлын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдэнэ. Уг тогтолцоог хууль баталснаар бий болохгүй. Хамгийн гол нь соёл, боловсролтой байснаар өөрийгөө цахим орчноос хамгаалж чадна. Иргэдийн хувьд нэг паспортыг бүх платформд ашиглаж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсрол байхгүй байгаагийн шинж. Тиймээс Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажлын хэсэг гаргаж, иргэдийг хурууны хээгээр бүртгэсэн гоо сайхны газар, супермаркетуудын датаг устгах ажил зохион байгуулж байна. Мөн тагнуулын байгууллагатай хамтран Халдлагаас хамгаалах төв ажиллуулж байна. Иргэдийн мэдээллийг их хэмжээгээр авдаг эмнэлэг, байгууллага, үүрэн холбооны оператор компани, банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ хууль хэрэгжинэ. Нөгөө талдаа Е-Монголиа системд орсон нэг үйлчилгээ иргэний датад төрийн албан хаагч зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд мэдээлэл ирдэг болсон. Иргэд өөрийн мэдээллийг өмчлөх боломжийг хангаж ажиллаж байна. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг маш олон байгууллага хариуцдаг. Манай яаманд төсөвлөсөн зардал гэж байхгүй. Тухайлбал, Тагнуул, Батлан хамгаалах яам гэх мэт газруудад тодорхой төсөв баталсан" гэх тайлбар мэдээллийг өглөө.