Улсын хурлын чуулганаар өнөөдөр Төрийн албаны, Малын тоо толгойн албан татварын болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Хүүхэд хамгааллын, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Донорын тухай гээд 15 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэх учиртай. Гэвч гишүүдийн ирц 51.3 хувьтай байлаа. Өөрөөр хэлбэл, 75 гишүүний 42 нь л чуулганы танхимд иржээ. Өчигдөр Э.Батшугар гишүүн төрсөн өдөр нь тохиож ирээгүй бол өнөөдөр Д.Ганбат гишүүн төрсөн өдрөөсөө хурлаа тасалж, ирээгүй байв.
Ингээд УИХ-ын дарга Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай өөрчлөлт оруулсан тухай, Аж ахуйн нэгжийн албан татварт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх дээр санал хураахад 35 гишүүн дэмжиж, 7 нь татгалзлаа. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Дараа нь Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх, эсэхийг хэлэлцэж эхлэв. Өчигдөр уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хоёр цагийн завсарлага авсан аж. Завсарлагын хугацаа дууссан тул гишүүд үргэлжлүүлэн саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд ажлын хэсэг байгуулъя гэсэн юм билээ. Гэтэл УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэжээ. Монгол Улсын нэг жилийн хөгжлийн бодлогыг маш чанартай боловсруулах ёстой.
УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрүүд амьдрал нийцтэй, ард иргэдэд өгөөжтэй байх хэрэгтэй. УИХ хуулиа халтуурдаж, чанар муутай баталдаг тул амьдралд хэрэгждэггүй, үр өгөөжгүй байгаа. Зохион байгуулагчид ажлаа хийхгүй байна. Үүнээс болоод ард түмэн бухимддаг. Бид хууль болгоноо амьдралд нийцтэй байх талаас нь харж судалж батлах ёстой. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг чанартай боловсруулснаар үр өгөөжөө өгнө. Үүнд гоомой хандсан шалтгаан нь УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой. Ажлын хэсэг байгуулж УИХ-д мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ёстой. Ингэж байж сайн хууль гарна. УИХ-ын Тамгын газрынхан гишүүдээс өндөр цалин авдаг, тиймээс ажилдаа сэтгэлтэй хандмаар байна. Ийм байдлаар асуудалд хандахаар цаашаа яаж хөгжих юм" гэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Байнгын хорооноос оруулж ирсэн асуудалд УИХ-ын Тамгын газар ямар хамаатай юм" хэмээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Хөгжлийн төлөвлөгөөг чанартай батлах ёстой. Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүд ийн ирц дутуу, асуудлаа хөнгөн хуумгай судалсан байдалтай хуралдаж байна.