Нийтийн цахим сүлжээнд Sodnomjamts ErdeneOchir (Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын дэд захирал Э.Содномжамц) гэх иргэн нэгэн ноцтой мэдээлэл тавьсан. Э.Содномжамц нь " ...Гаалийн ерөнхий газрын Удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Геологийн төв лаборатори ТӨҮГ-т 2022 он гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 745.0 сая төгрөгийн хохирол үүсээд байна. Цаашид энэ хохирол хэд болж нэмэгдэхийг чимээгүй хүлээсээр байх уу? “Оюу толгой” ХХК гэх мэт зарим нэр бүхий компаний лабораторийн шинжилгээний төлбөр төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүслээ" гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн юм. Дээрх нийтлэгдсэн мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газраас албан ёсны хариу тайлбар мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Гаалийн ерөнхий газар болон “Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь 2022.04.28-ны өдөр №22/04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Уг гэрээнд улсын хилээр нэвтрүүлэх эрдэс бүтээгдэхүүн, ашигт малтмалын дээжинд лабораторийн шинжилгээ хийж, мэдээллийг харилцан солилцож хамтран ажиллахаар заасан бөгөөд бусад байгууллагын үйлчилгээний төлбөр, шинжилгээ хийх үнэ хөлс, хураамжийн хэмжээг тогтоох, түүнийг хүчингүй болгох, цуцлах, төлбөр төлөхгүй байх талаар аливаа нэгэн зүйл заалт огт тусгагдаагүй болно. Гэтэл “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-аас “Оюу толгой” ХХК-ийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсний төлбөрийг төлөхгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн мэтээр, үүнээс үүдэн 745,0 сая төгрөгийн хохирол учирсан мэтээр огт үндэслэлгүй мэдээллийг сошиал сүлжээгээр тарааж байгаад харамсаж байна. Дээрх мэдээлэл нь огт үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээлэл бөгөөд хоёр байгууллагын “Хамтран ажиллах гэрээ”-ний утга агуулгыг ойлгоогүй, эсхүл илтэд мушгин гуйвуулах агуулгатай, гүтгэлэг гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл байх тул шаардлагатай бол Хууль хяналтын байгууллагад хандан энэ асуудлыг шийдвэрлүүлэх болно гэдгийг мэдэгдэж байна.Гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хувьд улсын хилээр нэвтрүүлэх эрдэс бүтээгдэхүүн, ашигт малтмал зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг зохих лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулан, гаалийн хяналт тавьж ажиллаж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ үүнтэй холбоотой гарч буй үйлчилгээний хураамжийг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр ногдуулан барагдуулж байгаа бөгөөд бусад байгууллагын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээнд хөндлөнгөөс оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээжээ.