Сурагчдын хичээлийн жил шувтрахтай зэрэгцээд сурах бичгийнх нь зузаан, хүндийг нь дөнгөж одоо л мэдэв үү гэлтэй гайхан “балмагдав”, салбарын сайд нь. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурах бичиг бүрийг улирлаар нь хуваан хэвлэж, сурагчдын нурууг амраах гэнэ. Засгийн газрын энэ сарын 13-ны ээлжит хуралдааны үеэр мэдэгдсэн түүний эл шийдэл, санаа хэр оновчтой бол. Сурагчид цүнхэндээ ганцхан сурах бичиг л авч явдаг уу. Сурах бичгүүдийг улирал бүрээр хуваан хэвлэх нь хэнд ашигтай вэ гэхчлэн олон асуулт багш, эцэг, эхчүүдийн дунд маргаан дагуулаад буй юм. Тиймээс эдгээрт хариулт хайлаа.
Л.Энх-Амгалан сайдын хэлснээр хүүхдүүд цүнхэндээ олон сурах бичигтэй явдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлж буйг судалгаагаар нотолсон гэж хэлнэ лээ. Мөн тэрбээр цаашид нэг хичээлийн жил хоёр улиралтай болж буй учраас сурах бичгийг үүний дагуу хуваан хэвлэж, нимгэлснээр сурагчдын цүнхэн дэх ачаа багасах боломжтой гэж үзэж байна. Шууд утгаараа бол энэ нь боломжтой мэт санагдах.
АГУУЛГА, АЛДААНУУДЫГ НЬ ЗАССАНЫ ДАРАА АРГА ХЭМЖЭЭ АВАХАД ОРОЙТОХГҮЙ
Сурах бичгийн цаас хөнгөн, нимгэн байснаар сурагчдын нуруунд ирэх ачаалал буурах нь гарцаагүй. Гэвч уг асуудал нь сурах бичигт бугшсан “буглааны” ердөө мөсөн уулын орой нь л юм. Өөрөөр хэлбэл, өдгөө сурах бичгийг хуваан хэвлэхээс илүүтэй агуулга, дизайнд нь анхаарах, үг, үсэг, утга, найруулгын алдааг засахаас авхуулаад шинэчилж, засварлах түмэн асуудал, мянган шалтгаан бий. Харин салбарын сайд энэ бүхнийг анхаарахаас илүүтэй “Сурагчдын цүнх хүнд байна” гэдэгт ач холбогдол өгч, хуваагаад хэвлэчихвэл л болчих мэт ярьж байна. Үүнийг нь олон нийт “бизнес” гэж хардахаар “Өлөн сэтгэлгээтэй хүмүүст бол мөнгө угаах боломж байж магадгүй. Би яаж ч ядарсан төрийн мөнгө, хүүхэд, ахмадуудад зориулсан төсөв хумслахгүй” гэх мэтээр нийгмийн сүлжээнд хэрүүл хийж суух нь хэр зохистой вэ. Л.Энх-Амгалан сайдын энэ мэт судалгаагүй шийдлүүд нь салбарын, тэр дундаа ерөнхий боловсролд заавал хийх ёстой шинэчлэлд хэт хөнгөдөж мэдэх талтай.
Үнэндээ сурах бичгийг улирлаар нь хувааж хэвлэх цаг нь одоо биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Учир нь хүүхдүүдэд ном хүрэлцдэггүйгээс сүүлийн жилүүдэд олон тооны сурах бичгийг нэмж хэвлэсээр ирсэн. Үүний улмаас нэг хичээлийн ном гэхэд оноосоо хамаараад өөр, агуулга нь ч 4-5 янз, хуудас, дасгал, даалгаврууд нь хоорондоо зөрдөг болчихсон. Энэ нь багш, сурагчдын хамтын ажиллагаанд үргэлж чирэгдэл учруулсаар буйг эдүгээ ч шүүмжилсээр байна. Ийм номуудынхаа агуулгыг эхлээд нэгтгэн, багасгах, нийтээр нэг сурах бичгээр хичээллүүлэх талд анхаарах, ингэхдээ эн тэргүүнд үг, үсгийн алдаануудыг нь засах хэрэгтэйг багш нар хэлэв. Хэвлэлийн компаниуд 2020 онд VIII ангийн уран зохиол, химийн хичээлийн номын хуудаснуудыг хооронд нь хольж хэвлэн, сургуулиудад тараачихсан жишээг ч тэд ярьж байсан юм. Энэ мэт илэрхий алдаануудаа зассаны дараа сурах бичгийн оврыг багасгах, хөнгөрүүлэх арга хэмжээ авахад оройтохгүй гэх.
БАГА АНГИЙНХНЫ СУРАХ БИЧГҮҮДИЙГ НИМГЭЛЭХЭД Л 5 943 680 ШИРХЭГ БОЛНО
2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан тул сурах бичиг нөхөн хэвлэх тендер зарлаагүй. Ерөнхийдөө хуучин номуудаа ашигласан гэсэн үг. Харин ирэх намраас сурах бичгүүдийг тэг дундуур нь хуваагаад эхэлбэл юу болох вэ. Бид тийм эдийн засгийн нөөц, чадавхтай улс бил үү. 2019-2020 оны хичээлийн жилд I-V ангийнхны сурах бичгийг нөхөн хэвлэхэд л тэрбум гаруй төгрөг зарцуулснаа салбарын яамнаас мэдээлж байв. Шинээр зохиосныг нь хэвлэн, нийлүүлэх гэж мөн л хагас тэрбум төгрөг зарлагадсан тооцоо бий. Ерөнхийдөө жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийг зөвхөн сурах бичиг нөхөн хангаж, шинэчлэхэд зарцуулдаг. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 712 353 хүүхэд суралцаж байна. Ирэх жилүүдэд эл тоо улам нэмэгдэх төлөвтэй. Тэдэнд шаардлагатай бүх сурах бичгийг улирлаар нь хуваан хэвлэнэ гэдэг маш их ажил, зардалтай байх нь гарцаагүй.
Тоо бодож үзье. Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийнхан өдгөө тус бүр долоо, IV-V ангийнхан есөн сурах бичиг судалж буй. Улсын хэмжээний I-V ангийнхны нийт хүүхдийн тоо энэ хичээлийн жилд 371 480-д хүрсэн. Тэдний номыг төрөөс 100 хувь хангадаг бөгөөд нэг хүүхэд дунджаар найман сурах бичиг судалж байна. Үүнийг нийт хүүхдийн тоонд үржүүлбэл 2 971 840 ширхэг ном ашиглаж буй гэсэн үг. Зөвхөн бага ангийнхны эдгээр сурах бичгийг хуваан хэвлэлээ гэхэд л тоо нь 5 943 680 болж үржинэ. Дунд, ахлах ангийнхны нийт номын 40 хувийг төрөөс, үлдсэн 60 хувийг нь түрээсийн сурах бичгээр хангадаг. Тэдгээрийг мөн “нугалж” хэвлэнэ гэвэл энэ мэт маш их хэмжээний цаас, цаг гарздахаар байна. Дунд, ахлах ангид өдгөө 340 873 хүүхэд суралцаж буй. VI ангийнхан 13, VII-IX ангид 18-19, түүнээс дээш бол 10-16 сурах бичгийг тус бүр судалдаг. Ерөнхий боловсролын сургуулийн 712 353 сурагчид шаардлагатай бүх номыг ингэж нимгэлнэ гэвэл мөрөөдөл мэт.
СУРАГЧДЫН НУРУУГ “ТЭНИЙЛГЭХ” ХЯЛБАР АРГУУД
Сурагчдын цүнхийг хөнгөлөх үүнээс хялбар бөгөөд хямд ямар арга байж болох вэ. Олон улсын туршлагуудаас суралцъя. Герман, Швед гэхчлэн Европын орноос авхуулаад урд хөрш БНХАУ хүртэл сурах бичгийн нимгэн, зузаан байхыг нь нэг их чухалчилдаггүй аж. Учир нь ерөнхий боловсролын сургуулиуд нь номын сан болон сурах бичиг хадгалах шүүгээтэй. Хүүхдүүд гэр, сургууль руугаа сурах бичгээ зөөдөггүй гэсэн үг. Гэртээ зөвхөн дасгал ажлын нимгэн ном, дэвтрүүдээ авч явдаг аж. Эдгээрийг улсаас нь, тухайн сургуулиас нь хангадаг юм билээ. Мөн биеийн тамирын хувцас, хэрэглэл, хоолны аяга, халбага зэргийг сурагчид цүнхэндээ авч явдаггүй. Тэдгээрийг бас л сургууль, ангидаа үлдээнэ. Дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн агуулгыг шинэчилж, сайжруулах бол дахин хэвлэдэггүй. Эцэг, эхэд нь, эсвэл өөрсдөд нь шинэчлэгдсэн номуудын цахим хувилбарыг илгээдэг юм байна. Өмнө нь хэлсэнчлэн хүүхдүүд дасгал ажлын болон мэдлэгээ бататгах номтой. Түүгээрээ явцын хичээлүүдээ шалгуулж, дүгнүүлнэ. Энэ мэт хялбар бөгөөд нэвтрүүлэх боломжтой жишээ цөөнгүй.
Тухайлбал, анги, танхим бүрийг номын тавиур, шүүгээтэй болгож, эхний ээлжид хүүхдүүдийг сурах бичгээс нь “салгаж” болмоор. Мөн сурагчдыг ангидаа шаахайтай оруулдаг сургууль ч цөөнгүй бий. Энэ нь бас л хүүхдүүдийн нуруунд ачаа нэмж буй. Сурах бичгээс гадна сургуулиудад “шахдаг” хүнд, зузаан гарын авлагуудыг худалдахыг болиулах хэрэгтэйг ч судлаачид хэлэв.
Салбарын сайдын хэлснээр цаашид бүх ангийн англи, монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн агуулга, хөтөлбөрийг сайжруулж, түүний дагуу номыг нь шинэчилнэ гэж мэдэгдсэн. Цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, ном, сурах бичгүүдийг засаж, сайжруулах зүйл олон гарах нь мэдээж. Тэгэх бүртээ л судалгаатай, үндэслэлтэй шийдвэр гаргаж, хэрэгжүүлээсэй гэж багш, эцэг, эхчүүд хүсэж буй юм. Сурах бичгүүдийг хуваан хэвлэх шийдвэр хэдийгээр албан ёсных болоогүй ч яаран хийх шинэчлэл биш гэдгийг олон улсын туршлага, жишээнүүд харуулж байгааг дахин сануулах нь илүүдэхгүй буй за.