Ж.МИШЭЭЛ
“Хөгжлийн бэрхшээл гэдэг бол хэн нэгнийг ялгаварлан гадуурхах шалтгаан биш. Тиймээс тэдэнд бусдын адил сурч хөгжих, ажиллаж хөдөлмөрлөх, нийгэмд үнэлэгдэх боломжийг бий болгох ёстой. Үүнийг сургалтын байгууллагын хамгийн анхан шатны нэгж болох сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлэх нь зүйтэй” хэмээн ярих энэ эмэгтэй бол нийслэлийн 253 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Б.Хандсүрэн. Түүний хариуцдаг ангид аутизмын хүрээний эмгэг оноштой хүүхэд суралцдаг. Ингэснээр багш төдийгүй бусад хүүхэд, цэцэрлэгийн хамт олны хандлага ихээхэн өөрчлөгдсөн талаар тэрбээр онцлов. Тэрчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн ойлгох, харилцах, хөгжүүлэх, тэдний эцэг, эх, асран хамгаалагчидтай ямар байдлаар хамтран ажиллах талаар туршлага, мэдлэгтэй болжээ. Залуу багштай ярилцсанаа хүргэе.
-253 дугаар цэцэрлэг хэдийнээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамруулж эхлэв. Одоо хэдэн хүүхэд сурч байна вэ?
-2019 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд элсүүлж эхэлсэн. Анх хамрагдсан хүүхэд нь тархины хатангиршил гэсэн оноштой, гурван настай хүү байсан. Цэцэрлэгээ амжилттай төгсөөд, өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуульд орсон. Яг одоогоор манай цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд суралцаж байна. Тэдний нэг нь миний хариуцсан ангид суралцдаг.
-Таны хариуцсан ангид суралцаж буй хүүхэд хэдэн настай вэ?
-Дөрвөн настай. Хоёр настайдаа буюу 2020 оноос цэцэрлэгт элссэн.
-Аутизмтай хүүхэдтэй харилцахад анх ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв. Тэдгээрийг хэрхэн даван туулсан талаарх туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Манай ангид суралцдаг хүүгийн хувьд анх сайн ярьдаггүй, хоолоо бие дааж идэж чаддаггүй байсан. Мөн өөрийгөө хүүхдүүдээс байнга тусгаарлаж, харилцахаас эмээх хандлагатай байлаа. Сургалтын үйл ажиллагаанд ч оролцдоггүй, ангийнхантайгаа ч тоглож нааддаггүй. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй “ажиллаж” байгаагүй залуу багшид энэ бүхэн мэдээж хүндээр туссан. Тухайн хүүхдийг хэрхэн нээж, хөгжүүлэх вэ, яаж харилцвал зохистой бол, ядаж хэн нэгний тусламжгүйгээр бие засдаг, хоолоо иддэг болгочих юм сан, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурахад нь туслах сан гээд зөндөө зүйл боддог юм билээ. Яг энэ үеэс түүнийг маш сайн ажиглаж, судалж эхэлсэн. Аутизмын хүрээний эмгэг гэж юу болох, ямар онцлогтой, тэр нь хэрхэн илэрдэг гэдгийг ч судалж, тодорхой хэмжээний ойлголттой боллоо. Эцэг, эхтэй нь нэг баг болж, хамтран ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд тухайн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн.
-Энэ хичээл зүтгэлийн үр дүнд багш, сурагч хоёр хэрхэн ойлголцдог болсон бэ?
-Нэлээд сайн ойлголцдог болсон. Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж байгааг нь төвөггүй гадарлана. Юу хүсэж байгааг нь ч мэдэрдэг. Суралцагч маань ч нээлттэй, идэвхтэй болсон.
-Тухайн хүүхдийг анх цэцэрлэгт хамруулж эхлэхэд ангийнхан нь хэрхэн хүлээн авч байв?
-Сөрөг, таагүй гэмээр хандлага ер гаргаж байгаагүй. Харин өөрийгөө тусгаарласан, найзуудаасаа жийрхсэн, нээлттэй бус байдлыг нь ойлгохгүй, гайхаж хүлээж авах тохиолдол олон байсан. Одоо бол аль алиных нь хандлага өөрчлөгдөж, дотно болцгоосон. Хүүг хувцсаа тайлахад нь, ороо хураахад нь найзууд нь санаачилгаараа тусалдаг. Ангиараа хөгжөөнт тоглоом тоглоход, багш хичээл заахад ангийнхан нь түүнийг идэвхтэй оролцуулахыг хичээдэг. Энэ мэтчилэн олон өөрчлөлт, дэвшил бидний харилцаанд бий болсон байна.
-Хөгжлийн хоцрогдлыг нь нөхөх зорилгоор ажлын төлөвлөгөө боловсруулсан гэлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Хүүхэд болгон насандаа тохирсон хөгжилтэй байх ёстой гэдэг. Гэтэл бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэмшвэл зохих чадварыг эзэмшиж чадахгүй, хийж чадах наад захын зүйлсийг ч гүйцэтгэж чадахгүй, хөгжлөөр хоцрогдох явдал түгээмэл. Нэгэнт хүүхэд хөгжлийн хоцрогдолтой бол түүнийг нөхөх, арилгахад анхаарах ёстой. Үүнд сургууль, цэцэрлэгийн багш, гэр бүл, ойр дотнынхон, эмч, мэргэжилтнүүд гээд олон талын оролцоо чухал.
Хөгжлийн хоцрогдлыг нөхөхийн тулд хүүхдийг сайтар ажиглаж, судалж, үнэлэх ёстой. Тэгсний дараа хүрэх цэг буюу зорилтоо тодорхойлно шүү дээ. Одоо юу хийж чадаж байгаа, ямар чадварууд дутагдаж буйгаас шалтгаалаад аль тал дээр нь төвлөрч ажиллахаа төлөвлөх нь зүйтэй санагдсан. Миний хувьд сурагчийнхаа биеэ даах буюу өөртөө үйлчлэх, хэл яриа, хөдөлгөөний чадвар, нийгэмшихүй зэргийг нь оношилсны үндсэн дээр эцэг, эх, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага, цэцэрлэгийн заах аргын нэгдлийн аргазүйчтэй хамтран урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөө гаргасан. Багш ганцаараа дур мэдэж хүүхдийг үнэлж, оношлох боломжгүй учраас олон талын оролцоотойгоор үүнийг хийсэн.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш эцэг, эхтэй нь илүү ойр дотно байх шаардлага тулгардаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Хамтын ажиллагаа чухал. Ялангуяа тухайн хүүхдийн хөгжлийг бодитой үнэлж, цаашид хийх алхмаа тодорхойлохын тулд эцэг, эхээс нь зайлшгүй тусламж авдаг. Хүүхэд гэртээ байхдаа хоолоо бие дааж иддэг хэрнээ цэцэрлэгт чаддаггүй байж болно шүү дээ. Ийм тохиолдолд “Бие дааж хооллох чадамжгүй” гэж дүгнэх нь өрөөсгөл. Хийж чаддаг зүйлийг нь сургах гээд зүтгээд байх ч шаардлагагүй. Энэ бүхнийг гэр бүлийнх нь тусламжтайгаар л мэдэх боломжтой шүү дээ. Аутизмтай суралцагчийн маань эцэг, эхийн хувьд бидэнтэй ойр дотно, эргэх холбоотой ажилладаг. Хүүхдээ хөгжүүлэх, сургах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Гэрт нь ямар дасгал, даалгавар хийлгэж байгаагаа хүртэл надад хэлдэг.
-Эцэг, эхчүүд янз бүр. Зарим нь хүүхдээ нийгэмшүүлж, боловсрол эзэмшүүлэхийг ихэд чухалчилдаг байхад нөгөө хэсэг нь хөгжлийн бэрхшээлээс нь болоод нийгмээс тусгаарладаг. Хүүхдээ энгийн цэцэрлэгт явуулахыг хүсдэггүй нь ч бий. Та энэ талаар ямар бодолтой байдаг бол?
-Маш буруу хандлага. “Миний хүүхэд бусдаас ялгаатай юм чинь” гэсэн байдлаар тэднийг бөөцийлж, нийгмээс тусгаарлаж болохгүй. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй, айдастай, зожиг, эмзэг болгодог.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн цэцэрлэгт хамруулах нь ямар давуу талтай вэ?
-Олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, бусадтай зэрэгцэн хөгжих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрч, ямар нэг байдлаар нийгмээс тусгаарлагдах шаардлагагүйг ойлгоно. Нийгэмшихийн хэрээр айдасгүй болно гэсэн үг. Гуравдугаарт, цэцэрлэгийн багш, хамт олон, ангийн сурагчдын хандлагад эергээр нөлөөлнө. Хөгжлийн бэрхшээл гэдэг хэн нэгнийг ялгаварлан гадуурхах зүйл биш гэдгийг ойлгож, тэднийг хүлээн зөвшөөрч, хамтын оролцоотойгоор хөгжүүлдэг. Ялангуяа хүүхдэд энэ үзэл, хандлагыг багаас нь төлөвшүүлэх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тансаг хэрэглээ, үнэтэй эд агуурс хүсдэггүй. Тэд нийгэмд бусдын адил үнэлэгдэхийг, ижил тэгш боломжоор хангуулахыг л хүсдэг.
-Таныг цэцэрлэгийн багшаар суралцаж байхад тэгш хамруулах боловсрол, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах, харилцах талаар хичээл зааж байв уу?
-Тодорхой хэмжээнд ойлголт, мэдлэг олгодог. Гэхдээ хангалттай биш. Онолоор нэгийг, дадлагаар хоёрыг сурдаг гэдэгчлэн ажлын талбарт гарч байж л тэр бүхнийг жинхэнээсээ ойлгож, мэдэрлээ. Бэрхшээл болгон сургалт, туршлага болдог юм байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тал дээр цэцэрлэгийн хамт олон, туршлагатай багш нарын зүгээс танд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь ийм хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай багшаас зөвлөгөө авсан. Азийн хөгжлийн банк, БШУЯ хамтран ирэх аравдугаар сараас манай цэцэрлэгт тэгш хамруулах боловсролын төсөл хэрэгжүүлнэ. Тэгэхээр манай багш, ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах, тэднийг хөгжүүлэх чиглэлээр нэлээд туршлагатай болох байх. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд илүү олныг хамруулах боломж бүрдэнэ гэж найдаж байна.
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд багшийн оролцоо хэр чухал вэ?
-Маш чухал. Зааж, сургахаас гадна хайр халамж, хамгаалагдсан мэдрэмж, итгэл төрүүлэх нь чухал. Хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогоос хамаараад сургалтын ямар хэрэглэгдэхүүн ашиглахыг хүртэл багш тооцоолж, төлөвлөх ёстой. Тоглох тоглоомыг нь ч хүүхдэдээ тохируулах шаардлага үүсдэг. Энэ мэт зүйлсэд ч багш мэдрэмжтэй, сэтгэлтэй хандах хэрэгтэй.