“Мах Импекс” ХК-ийн салбар үйлдвэр болох “ХКҮ” компани эрүүл ахуйн чанар хангахгүй бохир орчинд мах бэлтгэж, элдэв бодис хольж, Хятад руу гаргадаг гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ талаар “Мах Импекс” ХХК-иас дараах мэдэгдлийг нийтэлжээ. Тодруулбал, "Химийн бодистой мах хадгалж, худалдаалсан байж болзошгүй гэх Эмээлтэд байгаа компани нь “Мах Импекс” болох “ХКҮ” ХХК-тай ямарч хамааралгүй. СХД-ийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх БНХАУ-йн хөрөнгө оруулалттай "Эм Ди Си Пи" ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалтыг хийсэн. Уг шалгалтын үеэр "Мах Импэкс" ХК болон "ХҮК"-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Манай компанид мах нийлүүлэх тусгай гэрээ, эрх, зөвшөөрөл байхгүй. Тус компани нь манай компанийн хаяг, шошгийг хууль бусаар ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж, манай компанийн нэр хүндийг унагааж байна. Иймд тус үйлдвэрийн талаар цагдаагийн байгууллагад хандсан. Бид өөрсдийн үйлдвэртэй, өөрсдөө махаа нийлүүлж, эрүүл хүнсийг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн" хэмээн мэдэгдсэн байна.