Оросын эсрэг үзэл Польшид эртнээс газар авсан эд. Тэгвэл Украинд болж буй үйл явдлаас үүдэн оросуудад одоо хэрхэн хандаж байна вэ. Европын орнууд дотор Оросын эсрэг бодлого түлхүү явуулж буй нь Польш. Оросын эсрэг үзэл энд бүх түвшинд илэрч байдаг. Варшав хотод байдаг Зөвлөлтийн цэргийн дурсгалд цэцэг тавихаар ирсэн Оросын Элчин сайд Сергей Андреев рүү довтолж улаан будаг цацсан нь үүний сүүлчийн тодорхой жишээ боллоо. Польшийн гадаад бодлого дахь Оросын эсрэг хандлага өчигдөр бий болсон зүйл биш, сүүлийн хэдэн арван жил үргэлжилж буй юм. Оросын эсрэг үзэл Польшид хэрхэн үндэсний шинж чанартай болов, үүнд Украин ямар үүрэг гүйцэтгэв, Варшав, Москвагийн харилцаа цаашдаа хэрхэн хөгжих бол?
Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс Польшийн эрх баригчид Орос хийгээд оросуудын эсрэг хэд хэдэн хурц мэдэгдэл хийж, эрс хатуу арга хэмжээ авсан. Тухайлбал, өөрийн нутаг дэвсгэрт Оросын телевизийн сувгуудын нэвтрүүлгийг хүлээж авахыг эхний өдөр л хориглосон. Дараа нь Оросын онгоцнуудад агаарын орон зайгаа хааж буйгаа тус улсын удирдлага мэдэгдэж, Украинд зэвсэг нийлүүлэхээ нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Украиныг Европын Холбоонд түргэн элсүүлэхийг дэмжсэн эхний улсуудын нэг нь Польш байсан бөгөөд Оросын эрчим хүчний эх үүсвэрт хориг тавихыг ч Европын Холбоонд санал болгосон билээ. Удалгүй Оросын үл хөдлөх хөрөнгийг Польшд хурааж, Оросын иргэдэд Шенгенийн виз олгохыг аль болох даруйхан хориглохыг Европын Холбоонд уриалж эхлэв. Түүнээс гадна Оросын соёлыг олон түмэнд хүртээхээ болихыг тус улсын удирдлага хүссэн. Польшийн удирдагчид сүүлдээ Варшавын нэрийн өмнөөс төдийгүй Өрнөдийн холбоотнуудаа төлөөлж ярих болов. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Оросын эсрэг үзэл Европт бодит байдал болсон, одоо бүр гол чиглэл нь боллоо гэж хэлсэн байх юм. Польшийн Засгийн газрын тэргүүн хожим нь Европ даяар Оросын эсрэг кампани өрнүүлснийг зарлаж, үүний хүрээнд “Оросыг зогсоох” гэсэн уриатай сурталчилгаа янз бүрийн орнууд руу илгээсэн байдаг. Ийм маягаар Польшийн удирдлага Оросын эсрэг үзэл бодлыг Европын бүс нутагт идэвхтэй сурталчилж байна.
Үүний зэрэгцээ түүний ойрын хөршүүд нь оросуудыг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэхийг эрмэлзэх болов. Жишээлбэл, Германы Штутгарт хотод “Орос хэлтнүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг” уриан дор Оросын далбаа бүхий 2000 орчим машин гудамжаар явж Оросын эсрэг үзлийг зогсоохыг шаарджээ. Чехийн Ерөнхийлөгч асан Вацлав Клаус Орос соёлыг хавтгайд нь үгүйсгэж буйг хүлээж авах аргагүй гэж хэлсэн байна. Тэрбээр Украиныг хамтдаа дэмжих нэрээр Оросын эсрэг үзлээ Өрнөд халхалж байна гэж үзэж буй юм. Оросын эсрэг явуулж буй Польшийн бодлогыг эсэргүүцсэн арга хэмжээ Санкт-Петербург хотод болж, Польшийн Консулын газрын дэргэд цугларагсад орос хүмүүст Варшавын хандаж буй байр суурьт эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн. Польшууд ч Орос улсын тухайд бусдаас өөр бодолтойгоо илэрхийлсэн хандлага бий ч тэр болгонд ийм боломж олгохгүй байгаа аж. “Newsweek Polska” хэвлэлийн ерөнхий редактор Томаш Лис аливаад зөв хандахыг, улс төрийн дээдсийнх нь гаргасан шийдвэрийн хариуцлагыг бүх орос хүмүүст нялзаахгүй байхыг польшууддаа уриаллаа. Үүний төлөө энэ сэтгүүлийг нийгмийн сүлжээнд хавчин гадуурхаж, ерөнхий редакторын охинд нь заналхийлж байжээ.
20 жилийн өмнө бол хоёр орны харилцааг нөхөрсөг гэж хэлж болохоор байв. 2000-аад оны эхээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Польшийн Төрийн тэргүүн Александр Квасьневскийтэй сайн хэлхээ холбоотой байсан юм. Тэрбээр Варшавтай шинэ түвшинд харилцах тухай ярьж, зарим боломжийг ашиглаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлсэн. Квасьневский ч хоёр улсын хооронд визийн дэглэм үйлчилж байгааг эсэргүүцэж, Оросын Калининград мужийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөснөө мэдэгдэж байв. ХХI зууны эхээр Орос-Польшийн харилцаа Орос, Америкийн хоорондын байдлаас их хамааралтай болсныг “Валдай” клубийн шинжээч Дмитрий Офицеров-Бельский тэмдэглэсэн байдаг. Тэрбээр 2001 оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан хүү Жорж Буш Путинтэй уулзсаныг, тэгэхэд Москва, Вашингтоны харилцаанд дулаарал эхэлж, үр дүнд нь Польштой ч ойртсоныг дурссан байна. 2003 онд Вашингтон Иракт довтолсон нь Орос, Америкийн харилцааг эрс өөрчилсөн. Америкийн үйлдлийг Москва дэмжээгүй, Бушийн бодлогыг ширүүн шүүмжилсэн. Орос, Польшийн харилцаа ч сүрхий муудаж эхэлсэн. 2004-2005 онд Украин дахь “улбар шар хувьсгал”-д Квасьневский зуучлагчийн дүрд идэвхтэй тоглосныг Москва сөргөөр үнэлсэн юм. Эцэст нь, Украинд сонгууль болж, Европ, НАТО-той ойртох бодлого баримталдаг Виктор Ющенко төрийн эрхэнд гарав. 2005 онд Калининградыг фашистуудаас чөлөөлсний ойг тэмдэглэхдээ оросууд Польшийн Ерөнхийлөгчийг урьсангүй. Орос-Гүржийн зөрчилдөөний үед 2008 онд Польшийн шинэ Ерөнхийлөгч Лех Качиньский Тбилист айлчилж, Гүржийн Ерөнхийлөгч Михиал Саакашвилиг дэмжив. Варшавын энэ байр суурь Москватай харилцаагаа хэвийн болгоход бас нэг саад боллоо. Офицеров-Бельскийн онцолсноор Орос-Польшийн харилцааг муутгах хүчин зүйл ар араасаа гарч ирсээр байлаа. Тэгээд ч таслахад аль аль талд нь хөндүүрлээд байх сүрхий дотно, бат бэх хэлхээ холбоо үнэндээ байсангүй. Украины Евромайдан болон Крымийг Орост нэгтгэсний дараа 2014 онд Москватай тогтоосон харилцаандаа польшууд хүйтэн хандах нь эрс нэмэгдэв. Энэ харилцаанд 2013 онд польшуудын 27 хувь нь сөрөг хандлагатай байсан бол нэг жилийн дараа 81 хувь нь ийн хандах болсон байв.
Одоо барууны үндсэрхэг үзэлт “Эрх ба шударга ёс” нам Польшид эрх барьж байна. Тус намын тэргүүн, Ерөнхий сайдын орлогч Ярослав Качиньский Оросын эсрэг хоригийг чангатгах санал байнга хэлж байдаг. Тэрбээр өөрийн газар нутаг дээр АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад Польш бэлэн гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэв. Украин дахь үйл ажиллагаанд оролцоход Варшав бэлэн гэдгийг ч энэ хүн удаа дараа илэрхийллээ. Гэхдээ түүний намын удирдагчид бүгд Москвад ийм хайр найргүй байгаагүй. Оросын тал гадаад бодлогоо эргэж харвал Польш-Оросын харилцааг сайжруулах боломжтой гэж үзэж буйг 2019 оны сонгуулийн өмнөх сурталчилгааны үед тус намын мөрийн хөтөлбөртөө тусгаж байв.
Европын бусад орны барууны зарим хүчний дотор Орост нааштай ханддаг хүн цөөнгүй байдгийн нэг нь Францын “Үндэсний нэгдэл” намын тэргүүн Марин Ле Пен юм. Москватай ойр холбоотой байхаас Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан татгалздаггүй.
Оросын эсрэг Польшийн бодлогын түүхэн шалтгаан нь их эртнээс эхтэй. XVIII зууны эцсээр Польш-Литвийн газар нутгийг Орос, Прусс, Австрийн эзэнт улсууд гурван ч удаа хуваасан байдаг. Энэ үйл явдлыг голлон санаачлагч нь Прусс юм. Хэд хэдэн нутагт польш хэл хэрэглэхийг хориглож, католик шашинтай идэвхтэй тэмцэл хийж байлаа. ХIX зууны эхээр Наполеоны дайны явцад Польшид тусгаар тогтнолын төлөө бослого гаргах гэж оролдоод бүтсэнгүй. Наполеон бүрэн ялагдсаны дараа 1815 онд Венийн конгрессийн шийдвэрээр байгуулсан Польшийн хаант улс Оросын эзэнт улсын нэг хэсэг болов. Польшууд 1830, 1860-аад онд олон түмнийг хамарсан, цус урсгасан бослого гаргасан ч эх орноо чөлөөлж чадаагүй. Гэлээ ч Польшийн газар нутаг дээр амьдралын түвшин өндөр, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, соёл нь сайн хөгжсөн байсан гэж Офицеров-Бельский бичсэн байдаг. Тухайн үедээ эзэнт улс дотроо Варшав нь хэмжээгээрээ Москва, Санкт-Петербургийн дараа орж байжээ. Дэлхийн I дайны дараа Польш хэлбэрийн төдий тусгаар тогтнол олж авсан ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй, 1930-аад оны эцсээр түүнийг ЗХУ, Гитлерийн Герман хоёр хуваан эзэмших болсон байна.
1939 оны есдүгээр сарын 1-нд Польш руу Герман довтолж, 17-нд Зөвлөлтийн цэрэг Польшийн нутагт нэвтэрч оров. 1940 онд Балти орчмын улсуудыг ЗХУ-д нэгтгэсэн юм. Өнөөдөр Варшав, Вильнюс, Рига, Таллин Оросын эсрэг чиг шугам баримталж буйд энэ баримт олон талаар тайлбар болно. Тусгаар тогтнол, ирээдүйгээ өөрөө тодорхойлох эрхийг нь булаан авсны төлөө өшөө хорсол нь Польш хийгээд Балти орчмын улсуудыг Оросын эсрэг нэгтгэж байгаа юм. Дэлхийн II дайны дараа Польшид ЗХУ өөрийн шийдвэрийг тулгаж, тус улс коммунист эвслийн бүрэлдэхүүнд оров. Энд Москвагаас бүрэн хамааралтай Засгийн газар тогтлоо. Зөвлөлтийн жанжнуудын нэг Константин Рокоссовский Батлан хамгаалахын сайд нь ч болов. Зүүн зүгийн нутаг дэвсгэрийнх нь ихээхэн хэсэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан юм. Ингээд 1980-аад оны эхэн болтол Польш коммунистуудын гарт байв. Өнгөрсөн зуунд Польшийн удирдагчид Өрнөдийн империалзмыг муулж байсан бол одоогийн удирдагчид нь Оросыг хараан зүхэх болж. Коммунизмын эсрэг үйлдвэрчний эвлэлийн “Солидарност” хөдөлгөөний хүчин чармайлтын дүнд Польш 1989 онд ардчилсан, капитализмын замд эргэж орсон юм. Польш хүмүүс гомдлоо сэтгэлдээ удаан тээдэг, сайн харилцаа, тусламжийг амархан мартдаг бололтой. Дэлхийн II дайн дуусахад Варшав хот үндсэндээ газрын хөрснөөс арчигдсан байв. ЗХУ-ын санхүү, нөөцийн далайцтай дэмжлэгээр түүнийг богино хугацаанд сэргээн босгосон. Коммунизмын жилүүдэд Польш аж үйлдвэрийн орон болсон. ЗХУ-ын дэмжлэгтэйгээр боловсролын салбар нь хөгжиж, хангалттай тооны боловсон хүчинтэй болж, тэд л улсаа өнөөгийн түвшинд хүргэсэн.
…Европ өнөөдөр геополитикийн төвөгтэй байдалд байгаа ч Украин дахь үйл ажиллагаа нэг л мэдэхэд дуусна. Өнөөдөртөө Оросын эсрэг бодлого баримтлах нь Польшид ашигтай байж магадгүй. Ийм бодлого Польшийг Америктай ойртуулж, Өрнөдийн улс төрийн эрх ашигт нийцэж байж болно. Уг нь талууд харилцан эрх ашиг дээрээ суурилсан хамтын ажиллагаанаас л илүү ашиг олох боломжтой. Варшав хуучин түншүүдээсээ хамааралгүй бодлого түлхүү явуулбал Орос-Польшийн харилцаанд дахин боломж гарч ирэх учиртай.
Р.Жаргалант