Монголчуудын сайн танил, жүдо бөхийн алдарт тамирчин Францын Тедди Ринер, БНСУ-ын Ан Баул нар багийнхантайгаа манай жүдочидтой хамтарсан бэлтгэл хийж буй. “Баавгай” хочтой Тедди Ринер ДАШТ-д үнэмлэхүй жинд (+100 кг) 10 удаа түрүүлж, Европын АШТ-д таванудаа аваргаар тодорсон. Мөн “Лондон-2012”, “Рио-2016” олимпод дараалан түрүүлж, хошой алтан медальтан болсон юм. Түүний амжилт 2007 оноос гялалзаж, 18 насандаа дэлхийн аваргаар тодорч байв. Дараа жил нь Бээжингийн олимпоос хүрэл медаль гардан, дэлхийн дэвжээнд амжилтынхаа тамгыг дарж, ноёрхлоо тогтоосон түүхтэй. Түүнийг Токиогийн олимптой золготол дийлэх жүдоч байгаагүй гэдэг. Шүтэн бишрэгчид нь өнгөрсөн жил Японд гурав дахь алтан медалиа гарцаагүй атгана гэж таамаглаж байсан ч аваргын төлөөх барилдаанд Оросын үндэсний олимпын хороо (ОХУ)-ны жүдоч Тамерлан Башаевт базари үнэлгээгээр ялагдан, дагах барилдаан хийж, хүрэл медальтай (багийн тэмцээнд алтан медаль хүртсэн) нутаг буцсанаас хойш тэмцээнд нэг хэсэгтээ л оролцоогүй. Манай улсад хамтарсан бэлтгэл хийчихээд түүний хамгийн түрүүнд зодоглох тэмцээн нь Унгарын Будапештэд болох “Их дуулга”. Тэгвэл 66 кг-д тив, дэлхийн шилдгүүдтэй хүч сорьдог Ан Баул Португалын Алмейда хотод өнгөрсөн нэгдүгээр сард болсон гран пригээс хүрэл, дараа нь Парисын “Их дуулга”-д Ё.Басхүүд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн билээ. Манай улсад энэ сарын 12 хүртэл хамтарсан бэлтгэл хийх тэд өчигдөр сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.
ТЕДДИ РИНЕР: ЗОДОГ ТАЙЛСНЫХАА ДАРАА ГЭР БҮЛДЭЭ БҮХНЭЭ ЗОРИУЛНА
-“Парис-2024” олимпын наадамд оролцох зорилгоор хамтарсан бэлтгэлээ Бразилаас эхлүүлсэн. Тэнд хэвтээ барилдааны бэлтгэл голдуу хийлээ. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Биднийг халуун дотно, найрсгаар угтаж авсан. Миний хувьд текникээ сайжруулъя гэхээс илүү монголчуудын тулаанч, дайчин барилдаанаас суралцахыг хүсдэг. Энд бэлтгэлээ сайн базааж, ДАШТ, Европын АШТ-д оролцохоор төлөвлөсөн. Миний жинд барилддаг бүх орны жүдоч хүчтэй өрсөлдөгч. Би тэмцээнд таарвал бүгдтэй нь тулалдана шүү дээ. Амжилт гаргахад надад нууц зүйл гэж байхгүй ээ. Хамгийн гол нь барилдаанд ухаан гаргах хэрэгтэй. Толгойгоо ажиллуулахад бүх зүйл болно гэж боддог. “Парис-2024” миний оролцох хамгийн сүүлийн олимп байх болов уу. Эх орондоо зохион байгуулах олимпод түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Би зодог тайлсныхаа гэр бүлдээ цаг зав, бүхнээ зориулна. Карьераа өндөрлүүлсэн ч хойшид хийх бизнесээ эхлүүлсэн. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Хүүхдүүд минь жүдогоор хичээллэдэг. Би монголчуудын үндэсний бөхийн барилдааны талаар мэднэ. Надад зодог, шуудаг өмсгөөд, бэлтгэл хийлгэвэл барилдаж чадна.
АН БАУЛ: МОНГОЛЫН ЖҮДОЧДООС СУРАХ ЗҮЙЛ ИХ БИЙ
-Монголын жүдочидтой танилцан, барилдаж сурах зорилготой ирсэн. Надад тэднээс сурах зүйл их бий. Бөхчүүд нь хүчтэй, золгож барилдахдаа гаргууд. Улаанбаатарын “Их дуулга”-д оролцохыг зорьж байгаа ч дасгалжуулагч минь намайг, эсвэл шинэ тамирчин оролцуулах, эсэхийг шийднэ. Намайг олон тэмцээн хүлээж байгаа. Тиймээс бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэж өрсөлдөнө. Тамирчин бүрийн барилдах арга барил, онцлог өөр. Би дэвжээнд гарахдаа бүх зүйлээ дайчилж барилддаг. Монголд ирэхээсээ өмнө хүйтэн байх болов уу гэж бодсон. Тэгтэл харин ч эсрэгээрээ, цаг агаар нь дулаан, тогтуун байна. Сонирхуулахад, монголчуудын хоол их таалагдсан шүү.