Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг онцгойлон үзэх, илүү анхаарал тавих бус, харин тэдэнд ээлтэй, тэгш, хүртээмжтэй нийгэм, орчин бүрдүүлэх нь олон улсын зорилт. Манай улсын хувьд ч төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш, хүртээмжтэй орчинд ажиллах, сурч боловсрох нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж буй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх эрмэлзэл, зорилготой байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон нэмэгдэж байгааг онцлууштай. Тэдгээрийн нэг нь “Best FM-98.5” богино долгионы радио.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо нь (МХҮХ) харааны бэрхшээлтэй иргэдээ ажлын байраар хангах, орлоготой байлгах чиглэлээр олон үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлдэг байгууллага. Энэхүү зорилгынхоо хүрээнд одоогоос 19 жилийн өмнө буюу 2003 онд холбооныхоо дэргэд богино долгионы 98.5 радиог байгуулжээ. Тус радиогийн үйл ажиллагааг эхлүүлсэн үеэс л харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулж иржээ.
“Best FM-98.5” богино долгионы радио хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар бид сурвалжилсан юм. Тус радиогийн байранд очиход дууны найруулагч Г.Дэлгэрдалай ажиллаж байлаа. Тэрбээр харааны 80 хувийн бэрхшээлтэй бөгөөд уг радиод ажиллаад хагас сар болж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр “Ханхөхий” дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр төгсжээ. Үүний дараа компьютерын чиглэлийн сургалтуудад хамрагдан мэргэшиж ажилласан байна. Түүнчлэн МХҮХ-ноос бэлтгэн гаргадаг брайл болон ярьдаг номын найруулагчаар сүүлийн 10 гаруй жил ажилласнаа хэллээ. Ажлынх нь орчин нөхцөл, давуу болон сул талуудын талаар Г.Дэлгэрдалайгаас тодруулахад “Би өмнө нь үйлдвэрт ажиллаж байлаа. 2010 онд МХҮХ-ноос гаргасан зарын дагуу ирж, найруулагчаар ажилд орсон юм. Түүнээс хойш брайл болон ярьдаг ном бүтээхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд бэрхшээл гэж бараг үгүй. Ер нь гарт орсон ажил гэж хэлж болно. Хамт олонтой, хийх ажилтай байх хамгийн сайхан” гэв.
“Best FM-98.5” радиод Г.Дэлгэрдалайгаас гадна харааны бэрхшээлтэй таван хүн ажилладаг юм байна. Тэд хөтлөгч, найруулагч зэрэг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ээлжээр ажилладаг. Г.Дэлгэрдалай чихэвч зүүн, дууг анхааралтай сонсонгоо компьютероор тохируулга хийж байв. Радиогоор нэвтрүүлж буй дуу, чимээ бүрийг нягтлан сонсоод, “цэвэрлэж”, хэлбэлзлийг нь тохируулж буй нь энэ аж. Ер нь радио дуу хоолой, сонсголоор дамжин хүмүүст хүрдэг учраас дууны найруулагч бол хамгийн чухал ажилтан гэдгийг тэрбээр хэллээ.
Тус радио нь орон нутагт 10 салбартай аж. Тэдгээр салбарт нь харааны бэрхшээлтэй 1-2 хүн ажилладаг гэнэ. Радио бол нэг талаас бизнесийн байгууллага. Өөрөөр хэлбэл, реклам сурталчилгаанаас санхүүжилтээ бүрдүүлнэ. Хэрэв зар сурталчилгааны орлого нь өндөр байвал ажилтнууд нь илүү цалин авах боломжтой гэнэ. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олгох, хамтран ажиллахыг бизнесийн хувьд ашиг орлого олох талаас нь хардаггүй, харин нийгэмд тустай, тухайн иргэний амьдралын чанарыг сайжруулах том зорилготой үйл ажиллагаа гэж боддогоо “Best FM-98.5” радиогийн гүйцэтгэх захирал П.Шинэчимэг онцолсон. Тэрбээр “Манай радио байгуулагдсан үеэс л харааны бэрхшээлтэй иргэд ажиллаж байна. Тэднийг ямар нэгэн бэрхшээлтэй хэмээн онцгойлж ер харилцдаггүй. Бүх ажилтан өөрийн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Зарим хүн “Харааны бэрхшээлтэй хүмүүс ямар ажил хийж чадах вэ” гэж асуух нь бий. Миний хувьд ингэж хэлдэг хүмүүст “Тэднээс юу хийж чадах вэ биш, харин юу хийж чадахгүй вэ гэж асуух нь зүйтэй” гэж хэлдэг. Учир нь хараа шаардахаас бусад бүх ажлыг тэд хийж чаддаг” хэмээн ярилаа.
Одоогоос 10 гаруй жилийн өмнөхийг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах, тэдний бизнесийг дэмжихэд төр, хувийн хэвшлийн байгууллагууд илүүтэй анхаарч, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд санаа тавьж эхэлж буй нь олзуурхууштайг П.Шинэчимэг дурдсан. Энэхүү санаачилгыг илүү дэлгэрүүлэх, бусад байгууллага, аж ахуйн нэгжийг уриалахын тулд МХҮХ дэргэдээ богино долгионы радиогоос гадна брайл болон ярьдаг ном хэвлэх, бэлтгэх үйлдвэр ажиллуулж, тэдгээртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг юм байна. Мөн хараагүй хүүхдийн цэцэрлэг, “Best massage” төв, кофе шоп зэрэг зургаан байгууллага үйл ажиллагаа явуулж буй аж. Эдгээр байгууллагад өдгөө 82 хүн ажиллаж буйгаас 62 нь харааны бэрхшээлтэй гэсэн. “Best massage” төв нь Улаанбаатарт 28 салбартай. Тэдгээрт хараагүй болон харааны бэрхшээлтэй бариа засалчид ажиллан толгой, нуруу, хүзүүний өвдөлт намдаахаас гадна бүтэн биеийн бариа хийхэд ердөө 36 000 төгрөгийн хөлс авдаг аж. Сүүлийн таван жилд бүтэн биеийн бариаг 24 000 төгрөгөөр хийж байсан ч бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас хэдэн сарын өмнөөс үйлчилгээний хөлсөө ийнхүү нэмжээ.
“2007 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэмжин “Best massage” төвийг байгуулж байв. Мөн кофе шоп ажиллуулахад яамнаас дэмжлэг үзүүлсэн. Салбарын яам болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас боломжоороо тусалж, дэмждэг гэж би хэлнэ. Дотоодын томоохон компаниуд ч дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ бидний гол зорилго бол ямар нэгэн тусламж дэмжлэг авах биш. Өөрсдийн хүч, санаачилга, боломжоор дотоодын болон олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрт хамрагдан, хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах, хамтран ажиллах, тэдний бизнесийг дэмжих нь аль ч байгууллагын хувьд нийгмийн хариуцлага шүү дээ” гэж П.Шинэчимэг хэллээ.
Ташрамд дурдахад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн аль болох олныг ажиллуулж, дэмжлэг үзүүлэхийн тулд МХҮХ, “Best FM-98.5” радио хамтран харааны бэрхшээлтэй хүмүүст тохирох ажлын байрны судалгаа хийж буй юм билээ.