Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд нүүрс ачсан 10 машин ямар нэг бүртгэлгүй гарсан нь ГЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илэрчээ. Ойролцоогоор 1000 гаруй тонн нүүрс гэсэн үг. ГЕГ-аас уг үйлдлийг АТГ, ТЕГ, ЭЦА-нд шилжүүлжээ. Уг нүүрсийг Цагаан хад дахь “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан Гашуунсухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан нарын арваад хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд буй. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлах байцаагч Д.Эрдэнэбаярын хувьд “Уг хэргийг би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг өгч буй аж.
Тиймээс хууль хяналтынхан гаалийнхнаас гадна Гашуунсухайт дахь хилийн шалган нэвтрүүлэх заставынхан, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгахаар болж буй бололтой. Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, тэндээс Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг бүрэлдэхүүн, АТҮТ-ийн удирдлага, тус төвийн Цогтцэций сум дахь салбарынхан гээд хөвөрнө. Хамгийн гол нь Монгол Улсын хилийн боомтоор ямар нэг бүртгэлгүй нүүрс ачсан машинууд нэвтрээд байна гэдэг бол ганц нэг алба хаагчийн хийх ажил биш. Тэр ч байтугай дан ганц манай улсын нөхөд ч амжуулахгүй юм байна. Ерөөс шуудхан хэлэхэд Монгол Улсын хил, гааль, цагдаа, АТҮТ-ийн ажилтнууд үүнд ямар нэг байдлаар оролцож, цааш гараад Хятадын Баяннуурын талд хүлээж аваад нэвтрүүлдэг сүлжээ байна гэсэн үг. Тэгэхээр энэ ганц жишээ дээр гэхэд АТГ, ТЕГ, ЭЦА-ныхан ямар газрын хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг тогтоох нь тодорхой. Тогтоочихсон ч юм шиг байна. “Айл”-ын талаас бас ямар хүмүүс оролцоотойг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шалгаж таарах биз. Түүнчлэн “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачигдсан гэх нүүрсний эх сурвалж бас ил болох ёстой. Хаанаас, хэзээ, ямар замаар ачсан нүүрсийг тэр талбайд очиж буулгасан бэ гэдэг маш чухал. Бүртгэлтэй юу, эсвэл хулгайнх уу гэдгийг тогтоох шаардлагатай. Ингэж байж энэ хэргийн үнэн мөн нь тодрох учиртай. Бүр цаашилбал, Гашуунсухайтаас баригдсан энэ хэрэг зүгээр л “олс”-ны үзүүр болж таарч мэдэхээр болсон байна. Энэ хэрэг олон жил болсон нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж эхэлж байгаа мэдээлэл байгаа юм.
Хилийн боомтоор бүртгэлгүй гараад явчихдаг маш том жишээг бид мэднэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ талаар жилийн дараа мэдэцгээж бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэр нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас туучихсан гэдэг. Зарим мэдээллээр “...Дунд нь орхигдсон байсан” гэх агуулгатай яриад байдаг юм. Тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон. Сүүлд хэмжээ нь нэмэгдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд “Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэж 2018 онд ярьж байв.
Тэгж дуулиан дэгдэх үед хулгайлагдсан нүүрсний төлбөрийг “Тавантолгой” ХК-иас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийж байсан юм. Л.Энхболдын тухайд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байсан. Учир нь хулгайлсан хүмүүс нь төлөх ёстой төлбөрийг орон нутгийн “Тавантолгой” компани төлөх ёсгүй” гэж тэр үзсэн. Үүнийгээ хэвлэлүүдээр байнга ярьж байлаа. Харин саяхан энэ гэрээ эцэслэгдэж, харилцан тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Гэхдээ энэ хулгайн асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн Ж.Доржсүрэн хоёр тохироод хаачихаж болдог юм болов уу даа?!
Л.Энхболдын хэлсэнчлэн хулгайлсан хүмүүс нь төлбөрийг төлж, хариуцлага хүлээх учиртай юм. Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг алга болох процесс, иймэрхүү байдлаар нүүрс гардаг хэрэг явдал аль 2013 оноос эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлсээр байдаг. Гэвч хууль хяналтынхан төдийлөн авч үзэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, мөргөцгийн нүүрс ачигдах үеэр Гашуунсухайтын боомт дээр асуудал үүссэн байдаг. Хэрэг дандаа дараа нь илэрдэг болохоор хэд хоногийн дараа л “Олон тооны хоосон машин хил давчихаад ороод ирсэн” гэх мэдээ бичигдсэн байдаг аж. Нягтлахаар “Хятад руу гарч засвар, үйлчилгээнд оруулсан” гэдэг байжээ. Тээврийн компанийн захирлууд нь голдуу хятад хүн, ийм компаниуд голчлон Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг тул тэгсгээд нам дарагдаад өнгөрөөд байсан байдаг юм. Түүнчлэн “Голомт”-ын Д.Баясгалан нар Гашуунсухайтын төмөр замыг барьсан төлбөртөө “Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа нүүрс ямар замаар яаж гардгийг шалгах л хэрэгтэй. Тэгэхээр АТГ, ТЕГ, ЭЦА-ны мөрдөгчид энэ асуудлыг бүр 2013 оноос хойш авч үзэх нь зөв болно.
Нэг үгээр хэлбэл, 2013 оноос хойш ХХЕГ, ГЕГ, АТҮТ, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар хэн хэн ажиллаж байсан бэ. Нарийсгаад, мөн хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, Гашуунсухайтын боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, Гашуунсухайтын боомт дахь Гаалийн газрын дарга, Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг цагдаагийнхан, Цогтцэцийн АТҮТ-ийнхөн зэрэг хүмүүсийг тодорхой болгож шалгах шаардлага үүснэ. Жишээ нь, 2013 онд ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжав томилогдсон. Тэрбээр 2016 оны наймдугаар сард чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгээд ХХЕГ-ын дэд даргаар ажиллах болсон. 2019 оноос ХСИС-ийн захирлаар ажилласан. 2021 онд буюу жилийн өмнө Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны даргаар томилогдсон. Одоо тэр албан тушаалаа хашиж байна.
Энэ утгаараа Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайд оролцоогүй юм гэхэд маш том гэрч болно. Түүнтэй холбоотой байж мэдэх нэг анхаармаар явдал байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр Гашуунсухайтын боомтын замд Хилийн боомтын Ш.Лхачинжавын цэрэг, Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны н.Одхүү согтуугаар автомашин жолоодон явж байхдаа осол гаргаж, хоёр хүнийг гэмтээсэн гэдэг. Тэр үеэр цагдаагийнхны хэргийн газар дээр хийсэн үзлэгээр н.Одхүүгийн унаж явсан “Harrier” маркийн автомашинаас их хэмжээний мөнгөн тэмдэгт олдсон гэх мэдээлэл цацагдсан нь тэгсхийгээд нам дарагдаад өнгөрсөн. Ямар учиртай мөнгө байсан бэ гээд ухвал бас сонин л юм. ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавын дараа Ц.Сэргэлэн томилогдсон. Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болж, оронд нь Х.Лхагвасүрэн томилогдсон.
Тэгвэл улсын хилийг хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчаар 2013-2020 онд Б.Батхүү ажиллаж байжээ. Б.Батхүү 2021 оны долдугаар сард ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар томилогдсон. Түүний дараа В.Хундгаа жил орчим ажилласан. Одоо Б.Гантөмөр тус ангийн захирагчаар ажилладаг. Мөн тус ангийн харьяа авто замын шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэгтэй Гашуунсухайт дахь шалган нэвтрүүлэх заставын даргаар 2013-2017 онд н.Нямсүрэн, 2017 оноос хойш н.Ариунболд ажиллаж буй юм байна. Энэ мэтээр цаашлаад, АТҮТ, ГЕГ, аймгийн Цагдаагийн газрын томилгоотой албан тушаалтнуудыг гаргаж ирж таарах байх. Энэ бүхний дараа л Улаанбаатарт суугаа, тэр дундаа Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн болоод төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудын хойморт суугаа нөхөд ил болно доо. Бүлэглэл гэдэг чинь угтаа тэд аж.
Үргэлжлэл бий.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ