ХӨЛДЛӨӨ, ХӨДӨЛГӨЕ
Хүн төрөлхтний цахиур чулуугаар гал гаргах төдий байсан цаг үе ард хоцорч, эрчим хүчгүйгээр бид маргаашийг төсөөлшгүй болжээ. Харин Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Эл хугацаанд салбарын олон мэргэжилтэн чадваржиж, монгол инженерүүд өөрсдөө цахилгаан станц барьж чаддаг боловсон хүчинтэй болж хөгжсөнийг бид харсан. Гэвч төр гацааснаас болж 100 жилийн түүхэн ойн энэ жил Монгол Улсын эрчим хүчний ирэх жилүүдийн зураглалыг хэлэлцэх бус, цаасан дээр царцсан төслүүдээ хөдөлгөж, цахилгаан үйлдвэрлэх шинэ хүчин чадал бий болгохгүй бол бид эргээд хүй нэгдлийн үе рүүгээ очиход ойрхон байгаа тухай ярьж буй нь харамсалтай.
“Эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал хэрэглээнээсээ дутчихсан, цаашид найдвартай, тогтвортой ажиллах боломжгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Ирэх өвөл хязгаарлалт хийхээс өөр аргагүй, хүчин чадалдаа тулсан байдалтай ажиллаж байгаа, нөөц тоног төхөөрөмжгүй” хэмээн Эрчим хүчний сайд саяхан мэдээлсэн нь салбарынхаа “эрүүл мэнд”-ийг оношилчихов гэлтэй. Стратегийн гэж тодотгодог эрчим хүчний салбартаа Монгол Улс сүүлийн 40 жил томоохон шинэ эх үүсвэр огт барилгүй өдий хүрсэн учраас аргагүй биз. “ДЦС-4”-ийн анхны зуухыг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш хувийн хэвшлийнхнийг эс тооцвол шинэ эх үүсвэр барих талаар “мартаж” орхисон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Суурилагдсан хүчин чадлаа нэмэх зайлшгүй хэрэгцээ манайд бий ч зөвхөн өргөтгөл, шинэчлэл хийж, товчхондоо, “амь тариа”-гаар аргалсаар өнөөдрийг хүрч, эрчим хүчний мега төслүүдийг царцааж ирлээ. Хэрэв бид одоо л шийдлүүдээ ярьж, биелдэггүй амлалтуудаа хэрэгжүүлж, төслүүдээ хөдөлгөхгүй бол нийслэл хот, цаашлаад Монгол Улс цахилгаангүй болж, хөлдөхөд хүрээд байна.
Монгол Улсын эрчим хүчний түүхэн замнал анх ардын Засгийн газрын 1922 оны хоёрдугаар сарын 63 дугаар хурлаар нийслэл хүрээнээ Цахилгаан гэрлийн хороо, Налайхын чулуун нүүрсний уурхайн төсөв, төлөвлөгөөг боловсруулж, нийт 23 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлснээс хойш 100 жил өнгөрчээ. Улмаар 1931 онд Дунд голын чийдэнгийн хорооны дулааны станцаар (Монголын анхны) өргөжин тэлж байсан бол социализмын үед хэдийн найман ДЦС-тай болсон байжээ.
40. НЭГ Ч ТОМ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРГҮЙ 40 ЖИЛ
Дэлхийн жишгээр цахилгаан станцуудын насжилт дунджаар 30 жил байдаг. Гэтэл “ДЦС-4” 39, “ДЦС-3” 54 жилийн настай. Өөрөөр хэлбэл, бүгдийнх нь насжилт хэдийн хэтэрсэн гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах талаар өнгөрсөн жилүүдэд маш их ярьж, олон удаа тендер зарласан ч сүүлийн 40 жил хувийн хэвшлийнхний барьж ашиглалтад оруулсан цахилгаан станцуудыг эс тооцвол томоохон шинэ эх үүсвэр бий болж, энэ чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл нэг ч алга. Хэдийгээр Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор “ДЦС-5”, Багануур, Эрдэнэбүрэн, Эгийн голын цахилгаан станцын төслийг санаачилсан ч олон жил ярьж, цаасан дээр царцсан хэвээр. Өдрөөс өдөрт эрэлт нь ихсэж, нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд эдгээр цахилгаан станцын төслийг эргэн харах шаардлага бий. Угтаа бол цахилгаан, дулааны ашиглалт жилээс жилд өсөж буй энэ үед шинээр станц барих тухай хэлэлцээг одоо хийгээд суух биш, аль эрт эхлүүлээд, дуусгачихсан байх ёстой байлаа.
30. ТЭГ ҮҮ, ЭГ ҮҮ-ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ ЯРЬЖ ЭХЭЛСЭН 31 ЖИЛ
Өнгөрсөн сард болсон “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Манай улс 2023-2024 онд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна” гэдгийг тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа яаралтай нэмэхгүй бол тэг зогсолт хийх хүртэл эрсдэл үүсэхээр байна.
Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын (УЦС) төсөл 31 жилийн настай. Анх 1991 онд тухайн үеийн Түлш, эрчим хүчний яамны харьяанд Эгийн голын УЦС-ын төслийн нэгж байгуулж байжээ. Үүний дараа буюу 1992-1995 онд Швейцар, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.
Уг станцыг барихаар хоёр дахь удаагаа 2006 онд зүтгүүлж байв. Эгийн голын УЦС-ыг УИХ-аас баталсан Монгол, Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийж, 2007 онд тендер зарлан, урд хөршийн компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсоноор төсөл зогсож, түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард төслийн нэгж байгуулснаар гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л урагшлаагүй.
2015 онд БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон ч нэр төдий л явсаар байгаа юм. Хамгийн сүүлд баталсан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт (2018-2023) стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ. Тодруулбал, тус хөтөлбөрт “Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэр бий болгох зорилтын хүрээнд Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ” хэмээн тусгасан. Товчхондоо, эхэлдэггүй Эгийн голын цахилгаан станц барих төслийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд мөн л дахин эхлүүлэх зорилт тавьжээ. Хэрэв уг төслийг гацаалгүй, станцыг ашиглалтад оруулбал эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэж, оргил ачааллын үед ОХУ-аас өндөр үнээр цахилгаан импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм. Ядахдаа л цахилгааны ачаалал эрс нэмэгдлээ гэхэд бүх нийтээрээ тэг зогсолт хийх вий гэх айдасгүй байна.
14. ЦААСАН ДЭЭР БИЧИГДСЭНЭЭС ӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТГҮЙ “ДЦС-5”
Үе үеийн Засгийн газар, улстөрчдийн амлалтын бай болсоор эцэст нь царцаасан “ДЦС-5” барих төслийн анхны тендерийг 2008 онд зарлаж байв. Улмаар төрийн шийдвэрээр 2011 онд концессоор барьж, 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн 14 жил цаасан дээр бичигдсэнээс өөр бүтээн байгуулалт өрнөсөнгүй. Уг нь “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч байв. Улмаар Засгийн газар 2012 онд “ДЦС-5”-ыг барих бүх нөхцөл хангасан тогтоол гаргасан ч хэрэгжилтийг нь үзэж чадалгүй УИХ-ын сонгуулийн ялагдалтай золгосон билээ. Үүний дараагийн Засгийн газар энэ талаар багагүй ахицтай ажилласан. Гэвч дараа дараагийн Засгийн газар уг төслийг цаасан дээр царцсан төслүүдийн нэг болгож хувиргасан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2019 онд “ДЦС-5” барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Шалтгаан нь уг станцыг барихаар концессын гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй болсон гэх. Уг консорциумд БНСУ, Франц, Япон, Монголын компани багтаж байсан юм. Тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол тус цахилгаан станцыг барих төслийг 2017 онд дуусгах төлөвлөгөөтэй байв. Хэрэв уг станцыг төлөвлөгөө ёсоор 2017 онд ашиглалтад оруулсан бол өдрөөс өдөрт хэрэглээ нь нэмэгдэж буй цахилгааны нийлүүлэлтийг хангаж үр өгөөжөө өгөх байв.
10. “АКУЛ”-УУДЫГ ҮРГЭЭЖ, АШИГ СОНИРХЛООС БОЛЖ ГАЦСАН ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ
Цаг хугацааны тоолуурыг үл харгалзан цаасан дээрх төслөөс хэтрэлгүй саатсан өөр нэг төсөл бол Оюутолгойг эрчим хүчээр хангах хүчин чадал бүхий Тавантолгойн цахилгаан станц. Уг станцын тендерийн материалыг зургаан оролцогч худалдан авснаас ердөө нэг нь саналаа ирүүлсэн нь шаардлага хангаагүйг Эрчим хүчний яамнаас мэдээлээд буй. Тиймээс тендерийг богино хугацаанд дахин зарлалаа.
Уг нь тус станцын бүтээн байгуулалтын ажлыг 2012 онд эхлүүлэхээр төлөвлөсөн гэж салбарын яамнаас өмнө нь мэдээлж байв. Өнгөрсөн хугацаанд станцын тендерийг өчнөөн удаа зарлаж, гэрээ байгуулсан ч үр дүн алга. Урьд нь Өмнөд Солонгос, Францын хамтарсан, бас Япон, ХБНГУ, БНХАУ-ын томоохон “акул” компаниуд саналаа ирүүлдэг байсан бол одоо ийнхүү тоохоо байсан хэрэг. БНХАУ-ын дарга Си Зиньпин нүүрсний станцын төсөлд хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдсэн. Европын Холбоо, АНУ болон бусад улс ч ийм бодлого баримталж буй тул ДЦС-ын төсөлд хөрөнгө оруулагч олох нь улам л төвөгтэй болсон нь тодорхой. Гэтэл дээрх станцыг барихад зориулах хөрөнгө төрд алга. Засгийн газраас хоёр төсөлд баталгаа гаргавал ирэх жил өрийн тааз хэтрэх эрсдэлтэй гэж буй. Тодруулбал, маргаан дагуулж байгаа LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн эхний санхүүжилтэд шаардлагатай 510, “Тавантолгой дулааны цахилгаан станц төсөл”-ийн бүтээн байгуулалтад хэрэгтэй 565 сая ам.долларын талаар энд ярьж буй хэрэг. Дээрх хоёр төсөлд тэрбум гаруй “ногоон”-ы баталгаа гаргавал ирэх жилүүдэд өрийн тааз хуульд заасан хэмжээнээс давах эрсдэл үүсэх юм. Хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй. Тэгвэл 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн станцыг барих шаардлага манайд бий. Уг төсөлд баталгаа гаргавал өрийн таазыг “эвдэх” учраас дотоодын хувийн хэвшлийнхнээ татан оролцуулах нь зөв сонголт байж мэднэ. Гагцхүү эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхнийг оруулахгүй байгаа нь тодорхой бүлэглэлүүдийн дунд “зодоон” болдогтой холбоотой гэх хүн цөөнгүй. Уг нь шинээр байгуулах эх үүсвэрүүдийн төслийг хувийн хэвшлийнхэн богино хугацаанд хэрэгжүүлэх давуу талтай. Монголчууд өөрсдөө станц барих хөрөнгө ч, туршлагатай ч болсон.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Тавантолгойн 450 МВт-ын ДЦС-ыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Өмнөговь аймгийн Цогтцэцийд барьж ашиглалтад оруулах ажлыг шат дараатай гүйцэтгэн урд хөршөөс авч буй эрчим хүчний урсгалыг дотоодоос хангаж, ганц жилд гэхэд гадагш чиглэсэн 120 сая гаруй ам.долларын валютын (энэ нь зөвхөн “Оюутолгой”-н төлж байгаа дүн бөгөөд үүнээс гадна зарим аймаг цахилгаан авахад зарцуулж буй төлбөр багтаагүй) урсгалыг эх орондоо үлдээж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ хэмээн тооцсоныг салбарын яамнаас мэдээлсэн. Дээрх төслийг хэрэгжүүлэх хугацаа 42 сар гэж тооцоолжээ. Эндээс харахад барилга угсралтын ажил багаар бодоход гурван жил, зургаан сар үргэлжлэхээр байна. Гэтэл өдгөө уг ажлыг хэнээр хийлгүүлэхээ ч шийдэж чадаагүй сууж буй. Гүйцэтгэгчийг сонголоо ч төслийг хэдхэн сарын дотор хэрэгжүүлчихнэ гэж үгүй. Наанадаж хөрөнгө оруулалтын, эрчим хүч, нүүрс худалдах, худалдан авах, үнс зайлуулах зэрэг өчнөөн гэрээ байгуулж, тохиролцох шаардлагатай. 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг 42-48 сар барьдаг жишиг байдгийг Эрчим хүчний яамнаас өмнө нь мэдээлж байв. Тиймээс төслийг аль болох хурдан эхлүүлж гэмээнэ олон асуудлыг шийдэх боломж бүрдэх хугацаа төдий чинээ наашилна. Өмнийн говь дахь уул уурхайн ордуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардал хэмнэх зэргийг энд дурдаж болно. Мөн 250-300 байнгын, төслийн явцад 2000 орчим түр ажлын байр бий болох юм. Өмнийн говийн томоохон хэрэглэгчдийн (Цагаан суварга, Тавантолгойн нүүрсний уурхай, “Оюутолгой” болон бусад) ачааллын таацыг харвал 2033 онд 458 МВт-д хүрэх тооцоо бийг ч мартах учиргүй.
Хөгжлийн банкны 2014 оны тайланд Засгийн газраас тус банкаар дамжуулан 50 сая ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрсний дагуу Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал болон судалгаа, шинжилгээний ажил, зөвлөхүүдийн төлбөрт зориулж 14.8 сая ам.доллар олгосныг тэмдэглэжээ. Мөн дээрх нэгж нь 2014 онд төслийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, дараа жил нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгон, ажлыг эхлүүлж, 2017 онд цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна хэмээн дурджээ. Аль таван жилийн өмнө л барьчих ёстой байсан эл станцыг ашиглалтад оруулна гэж Засгийн газар ам гарсныг уншигч та санаж буй байх. Тодруулбал, яг хоёр жилийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэр үед салбарын яамнаас 2020 онд онд зохион байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэгчийг сонгон, гэрээ байгуулж, станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдээлж байсан нь биелсэнгүй.
Засгийн газар 70, үлдэх хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшиж буй “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн цахим хуудсанд 2021 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерийн баримт бичиг боловсруулах, гэрээ байгуулах ажил гүйцэтгэнэ хэмээн тэмдэглэжээ. Мөн 2022-2024 онд нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд үндсэн, туслах тоног төхөөрөмж захиалах, ажиллах хүч бүрдүүлэх, холбогдох зөвшөөрөл авахаар тусгасан байгаа юм. Түүнчлэн 2024 онд агаарын шугам, дэд станцыг ашиглалтад оруулж, эхний блокийг (150 МВт), дараа жил нь хоёр болон гуравдугаар блокоос эрчим хүч нийлүүлэхээр тусгасныг дурджээ. Харамсалтай нь, эдгээр ажил огт урагшилсангүй өдий хүрэв. Төслийг хэрэгжүүлэх “зам” тодорхойгүй, улстөрчдийн ашиг сонирхлын далд тэмцэл өрнөсөн хэвээр байвал “Оюутолгой” компани эрчим хүчээ ӨМӨЗО-оос хангасан хэвээр, ирэх жил ч төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж чадаагүй хэвээр сууж байж мэднэ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг 2012 оны эцэст ажиллуулж эхэлсэн гэхээр 10 орчим жилийн турш ӨМӨЗО руу эрчим хүчний төлбөр “урсгалаа”. Уг нь “Оюутолгой” төслийн менежментийг хариуцаж буй “Rio tinto” группийн зүгээс дотоодоос эрчим хүч худалдан авах сонирхолтойгоо илэрхийлсээр ирсэн.
Эрчим хүчний яамнаас мэдээлснээр хэрэв дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн бол цахилгааны ачаалал үүссэн ч ямар нэгэн доголдол үүсэхээргүй байв. Гэвч цаашид ачаалал хэрээс хэтэрвэл тэг зогсолт хийх эрсдэлтэй. Дээр дурдсанаас гадна шийдэгдээгүй, царцсан олон төсөл бий. Ерөөс өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбараа зээл, тусламжаар аргалж ирж, зориглоод төсөл хэрэгжүүлээгүй, хувийн хэвшлээр ч хийлгээгүй, бас хөрөнгө оруулагчдыг хашрааж, хөөгөөд явуулчихсан Монгол Улс алдаагаа давтсаар суувал харамсалтай.
Ц.БОЛОР