УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх явцад төсвийн мөнгөөр гэр хорооллын айлуудын жорлонг шинэчлэх асуудал шүүмжлэл дагууллаа. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын санаачилсан “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” гэдэг хэсгийг хасах санал гаргасан.
Гэтэл УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр уг асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс гишүүдээс энэхүү саналыг дэмжиж өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Харин зарим гишүүд уг төслийг эсэргүүцэж, өөрсдийн саналаа хэлэв.
"М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй"
Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бараг буцааж татахаар болж байна. Ийм хэмнэлтийн хууль гаргаад ч хэрэггүй болж байх шиг байна. М.Оюунчимэг гишүүний хэлж байгаагаар улсын төсвөөр айлын хашаанд жорлон бариад тухайн айлд нь бэлэглээд яваад байх юм байна л даа. Тийм байж болохгүй. Улсын төсвөөр тийм хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэгэхээр М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас оруулж ирсэн их олон асуудлыг унагаагаад байна. Гэр хороолол руу явж байгаа дэд бүтцийг улсын төсвөөр хийх нь нээлттэй. Харин айлын хашаан доторхыг төсвөөс битгий хий гэдэг зүйлийг хуульд тусгасан. Тэгвэл улсын төсвөөс айлын хашаанд жорлон бариад өглөө. Гэр нь өөрийнх нь, жорлон нь улсынх байх нь. Ийм зүйл хийж болохгүй" гэв.
"Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист популист гэхэд энэ арай хэтэрнэ шүү"
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуулийн төслийг ойлгомжгүй, салаа утгатай бичсэнээс болж гишүүдийн дунд үл ойлголцож гарч байна. Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист популист гэхэд энэ арай хэтэрнэ шүү. Энэ асуудлыг эцсийн найруулга дээр ойлгомжтой болгох хэрэгтэй. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг айлын жорлон гэж ойлгохгүй шүү" гэж хэллээ.
"Засгийн газрынхаа бодлогоо дэмжихгүйгээр УИХ-ын гишүүд нь баг болж бүх заалтыг нь унагаад байна"
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирж байгаа юм бол хэмнэсэн шиг хэмнэх хэрэгтэй. Оруулж ирсэн хуулийн төслөөс дэмжиж байгаа заалт алга. Тэгээд юу хэмнэсэн гэж ярих гээд байгаа юм. Гишүүд нь хот, хөдөөгөөрөө хуваагдаж Төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд, үр дүнд нь хэмнэсэн юм алга. Энд сууж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Бодлого ярьдаг парламенттай болъё гэж ярьж байж тойргийн төсвөөсөө гарч чадахгүй, жорлон яриад байх юм. Эдийн засгийн онол судал л даа. Олон улсын жишгийг мэддэг болчхоод шийдвэр гарга л даа. Олуулаа суучхаад дэмжье эсвэл үгүй гэчхэж байна. Засгийн газрынхаа бодлогоо дэмжихгүйгээр УИХ-ын гишүүд нь баг болж бүх заалтыг нь унагаад байна. Ийм мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй" хэмээн микрофоноо шидэж, хурлаа хаяж гарсан юм.
Ийнхүү гишүүд маргалдсаны эцэст санал хураалт явуулахад гишүүд конопоо дарж дэмжсэн учир айл өрхийн ариун цэврийн байгууламжийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болов.