Эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэг тавдугаар сарын нэгнээс эхлэх гэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна. 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлж болно. Үзлэг оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд хийгдэнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна. Иргэдийн зүгээс ямар зохион байгуулалтаар үзлэг оношилгоонд хамрагдах вэ гэдэг асуулт маш ихээр ирж байна. Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилж, хэдэнд үзлэгт хамрагдах талаар тухайн иргэнд урьдчилж мэдэгдэнэ. Хуваарийн дагуу эмнэлэгт очиж үзүүлнэ гэсэн үг. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Харин зарим хувийн хэвшлийн эмнэлэг хагас сайнд ажиллахаа мэдэгдсэн.
Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй. Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Скайтелын 9119 дугаараас залгаж байвал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгөх гэж байна хэмээн ойлгоорой. Орон нутагт зохион байгуулалт хийсэн. 2021 оны төсвийн тодотголын хүрээнд Эрүүл мэндийн салбарт 230 тэрбум төгрөгийн тодотголыг хийж эрүүл мэндийн салбарт хэрэгтэй тоног төхөөрөмж болон цалин урамшууллыг нэмэгдүүлсэн. Үүнээс 114 тэрбум төгрөгийг тоног, төхөөрөмж авахад зарцуулсан. Ялангуяа орон нутагт дэмжих төвийг байгуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэхээр анхааран ажиллаж байна. Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна" гэлээ.