Дарь-Эхийн автобусны буудлын хуучин эцсээс 200 орчим метр явахад “Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо” гэх шинэ хаяг нүдэнд тусна. Байшингийн “нүүр”-ийг будаж, дотоод орчныг нь тохижуулсан ч хуучин барилга гэдэг нь харваас илт. Өмнө нь эл барилгад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо төвхнөж байж. Нийт 20 гаруй мянган иргэнтэй уг хороог хоёр хуваан, шинээр 29 дүгээр хороог байгуулсан нь энэ аж. Харин хуучин 27 дугаар хороо нь Нэг цэгийн үйлчилгээний байр луу нүүжээ. “Газар өмчлөлийн гэрчилгээний хаягаа сольж амжаагүй байтал шинэ хороонд хамааралтай болчихлоо. Одоо энэ асуудлыг яаж цэгцлэх вэ. 27 дугаар хороо гэх юм уу, 29 гэх үү” хэмээн хавтастай бичиг баримт барьсан эмэгтэй асуухтай зэрэгцэн “Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтын мэдээлэл өөрчлөгдөх үү” хэмээн нэгэн залуу лавлан асуулаа. Баянзүрх дүүргийн шинээр “мэндэлсэн” 29 дүгээр хорооны иргэдэд Засаг дарга болон, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараас асууж тодруулах зүйл энэ мэт олон байв.
Нийслэлийн зарим дүүргийн хороог хувааж, шинээр байгуулж буй. Хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцсэн ч одооноос л хэрэгжүүлж эхэлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт албан мэдээллээр 393 000 гаруй хүн амьдарч буй гэнэ. 2019 оноос Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой үйл ажиллагаа явуулж байж. Харин Баянзүрх дүүрэг 32 хорооны төсөвтэй ч 28 хороо ажиллаж байжээ. Хороо нэмэгдэхийн хэрээр Засаг дарга болон ажилтнуудын цалин, байрын түрээс, урсгал зардал гээд улсын төсөвт ачаа нэмэхийн зэрэгцээ эрх барьж буй нам “өөрийн хүнээ” албан тушаал ахиулсан үйлдэл хэмээн хардах хүн цөөнгүй. Өөрөөр хэлбэл, шинэ хороо барьж байхаар өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоог нэмбэл иргэдэд илүү өгөөжтэй гэж зарим иргэн ярьсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Н “Манай Гачуурт тосгон шинээр 33 дугаар хороотой болж байна. Гэвч шинэ хороо өөрийн гэсэн байргүй. Түрээсийн зардлаас эхлээд ажилтнуудын цалинг иргэдийн татварын мөнгөнөөс л гаргана. Төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн энэ цагт шинэ хороо байгуулах нь илүүц” хэмээсэн. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайханаас тодруулахад “Гачуурт тосгоны тухайд албан мэдээллээр хүн ам нь 10 мянгаас давсан. Үүнээс гадна түр оршин суугч, зуслангийн бүртгэлгүй иргэдийг нэмэхэд бараг 20 орчим мянган хүн байна. Амралтын өдрүүдэд хотоос Гачуурт руу чиглэсэн замын түгжрэл эрс нэмэгддэг нь хүн ам ихэссэний шинж. Тиймээс шинээр 33 дугаар хороог байгуулж, өрхийн эмнэлэг барихаар болсон. Баянзүрх дүүрэгт цэцэрлэг, сургуульгүй хороо байдаг. Улс, нийслэлийн төсвөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хамран сургах тойрогтоо 500-гаас дээш хүүхэд сурч чаддаггүй цэцэрлэг нийслэлд 27 байгаагийн 15 нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Бид энэ мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн” гэв. Мөн түүнээс шинэ хороо барихад зарцуулж буй хөрөнгийн талаар асуухад “Нэг удаагийн болон тогтмол зарцуулах төсөв гэж бий. Иргэний үнэмлэхийн мэдээллийг солих, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдүүдийн бүртгэлийг шинэчлэх зэрэгт нэг удаагийн төсвийг зарцуулах юм. Баянзүрх дүүргийн 32 хорооны ажилтнуудын нэг жилийн цалинд 5.9 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 43 хороотой болсноор энэ тоо 6.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Нэмэгдсэн цалингийн зөрүү нь 929 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, нэг жилд ажилтнуудын цалинд 929, нийгмийн даатгалд 220, байр ашиглалтад 707 сая төгрөг тус бүр зарцуулахаар тооцсон. Шинэ хороонуудыг байртай болгочихвол түрээсийн зардал хэмнэх юм. Түүнчлэн бараа материал, хангамжтай холбоотой зардалд жилд 167 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүнээс үзэхэд шинэ хорооны төсөвт жилд 2.22 тэрбум төгрөг зарцуулахаар байна” гэв.
Бидний очсон 29 дүгээр хороо өөрийн гэсэн байртай бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар орчим болжээ. Одоогийн байдлаар шинэ хорооны Засаг дарга нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй юм байна. Хуулийн дагуу тухайн хорооны иргэдийн олонхын саналаар сонгогдсон хүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар томилдог билээ. Баянзүрх дүүрэг шинээр 15 хороотой болж буй бөгөөд 7-8-ынх нь үйл ажиллагаа жигдэрсэн аж. Нэг хороонд 15-30 хүн ажилладаг. Засаг дарга, улсын бүртгэгч, халамжийн ажилтан, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, гурван жижүүр гээд нэг хороонд долоон хүн нэмэгдэж буй гэнэ. Харин хэсгийн ахлагч нар хариуцсан өрхөө дагаж хуваагджээ. Өөрөөр хэлбэл, иргэний амьдарч буй газрын байршил өөрчлөгдөхгүй учраас хэсгийн ахлагч нар хуучин хариуцаж байсан газраа хариуцах нь. Баянзүрх дүүрэгт 30 000 гаруй иргэнтэй хороо хэд хэд байдаг гэнэ. Тухайлбал, тав, найм, 26 дугаар хороо 30 мянга гаруй хүн амтай учраас тус бүрт нь гурван хороо болгон хуваажээ.
29 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж “Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдын ачааллыг бууруулах зорилгоор хүн ам олонтой хороог хувааж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. 27 дугаар хорооны гэх тодотголтой байсан 2800 гаруй өрхийн 8000 орчим иргэн одоо 29 дүгээр хороонд харьяалагдаж байна. Тэдний иргэний үнэмлэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үнэ төлбөргүй солих чиглэлтэй ажиллаж буй. Бичиг баримтын тухайд зөвхөн хорооны тоо нь өөрчлөгдөнө гэсэн үг. Манай хороо хэсгийн ахлагч нэмж аваагүй. 250-400 өрхөд нэг хэсгийн ахлагч байх журамтай. Үүний дагуу хуучин хэсгийн ахлагч нар хэвээрээ ажиллана. Одоогоор манай хороо нийгмийн ажилтангүй” гэв. Тус хорооны хэсгийн ахлагч Х.Тунсаг “Бид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд энэ байрандаа нүүж ирсэн. Хамгийн эхэнд хорооныхоо байрыг засаж тохижуулсан. Хаврын их цэвэрлэгээ, цэрэг татлагын бүртгэл гээд ажил их бий” гэж ярив. Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт хамгийн их гардаг хэсэг тул шинэхэн Засаг дарга хамтарсан багаа бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх зорилгоор хорооны Засаг дарга, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа, өрхийн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг хороо бүрт ажиллах үүрэгтэй. Тус хорооны иргэд “Явган хүний зам тавих, гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах, үерийн далан суваг, шуудуу, тоглоомын талбай барьж өгөөч” зэрэг санал хүсэлтээ Засаг даргадаа ирүүлсэн гэнэ. Иргэдийн ирүүлсэн хүсэлтээс хамгийн их давхардсан саналыг шийдвэрлэж ажиллахаа Б.Нямдорж хэлсэн.
Хорооныхоо иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, гудамж, талбайг хоггүй цэвэр байлгах, үер ус, галын аюулаас сэргийлэх, тэр бүү хэл, гэр бүл хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж, арга хэмжээ авах гээд Засаг даргын хариуцах ажил цөөнгүй. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх анхан шатны нэгжид ажиллаж буй гэдгээ умартахгүй байхыг шинэ дарга нарт сануулахад илүүдэхгүй биз. Зарим хорооны Засаг дарга, ажилтнууд хийсэн ажилгүй, хий хоосон эргэсээр өдөр хоногийг өнгөрүүлдэг нь нууц биш. 10 000-аас дээш хүн амтай хороонд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхэд төвөгтэй байна хэмээн хувааж, шинээр байгуулан, Засаг даргын тоог нэмсэн шигээ үйлчилгээгээ сайжруулах л үлдэж.