Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамж, түүний эрх зүйн орчны талаар “Редакцын уулзалт”-аараа хэлэлцлээ. Тодруулбал, манай улсын нийгмийн халамжийн системийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, түүнийг хэрхэн сайжруулах, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд өдгөө ямар ажлууд хийж буй тухайд талуудын төлөөлөл ярилцсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн нийгмийн халамжийн зөвлөх М.Лхагвасүрэн, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын халамжийн асуудал хариуцсан ахлах шинжээч Д.Гэрэлтуяа, “Түгээмэл хөгжил” ТББ-ын тэргүүн Я.Авирмэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн тэргүүн Б.Гүнжилмаа, “Үүрийн сэргэг” ХХК-ийн захирал Б.Болормаа нар оролцлоо.
-Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал ямар байна вэ. Иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж чадаж байгаа юу. Нийгмийн халамжтай холбоотой ямар хууль, дүрэм, журам үйлчилж байна вэ?
Д.Г: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар зохицуулж байна. Нийгмийн халамжийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тэтгэвэр, тэтгэмжийг олгож, үйлчилгээ үзүүлдэг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд эдгээрээс гадна хөгжлийн бэрхшээлийнх нь онцлог хэрэгцээнд тохирсон нэмэлт 10 гаруй тусламж, дэмжлэгийг үзүүлж буй. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн байна. Үүнээс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 45 мянга гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр авч байгаа. Халамжийн энэхүү үндсэн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна ахмад настан, одой иргэн, тэжээгчээ алдсан хүүхдүүд, өрх толгойлсон эцэг, эх гээд хүн амын таван бүлгийнхэн хамрагддаг. Халамжийн тэтгэврийг нийт 70 мянга орчим хүн авч байгаагийн 60 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ойлгож болно. Халамжийн буюу асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд голчлон хамрагддаг. Нийгмийн халамжийн тэтгэврийг даатгалынхтай харьцуулбал хэмжээний хувьд тогтмол. Өөрөөр хэлбэл, дээрх таван бүлгийн иргэд сард 288 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд 2020 оны тавдугаар сараас тэтгэврийн хэмжээг нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгож буй. Тэтгэврээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд асаргааны, амьжиргааг дэмжих, онцгой тохиолдлын гэх мэт тэтгэмжид зохих нөхцөл шалгуур хангасан бол хамрагддаг. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд дэмжлэг болгож сард 84 500 төгрөг олгодог. Мөн асруулж байгаа иргэн нь улирал бүр 60 мянган төгрөгийн амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж авдаг.
Б.Б: -2002 онд ахуйн ослоос болж би баруун гарын таван хуруугаа тайруулсан. Одоо 400 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Сард 400 мянган төгрөгөөр амьдрах ямар ч боломжгүй. Хоолны л мөнгө шүү дээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа ажил, хөдөлмөр эрхлэх эрмэлзэлтэй байдаг. Хэнээс ч гуйхгүй, өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгодог. Уг нь 2020 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бодлого дүүрэг, хорооны хэмжээнд хүрч, бодитой болж ирсэн ч цар тахлаас шалтгаалаад зогсчихлоо. Дүүрэг, хороо хоёрын хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэн би гацчихаж байгаа юм. Мэдээлэл хомс байна. Судалгаа алга. Бэрхшээлээр нь ангилж, тоолсон дүн ч хорооны хэмжээнд байхгүй шүү дээ. Тиймээс төр, засгийн бодлого бидэнд сайн хүрэхгүй байгаа юм. Мөн төрийн байгууллагад ажилладаг хүмүүс, албан хаагчдыг хөгжлийн бэрхшээлийн талаар сайн ойлголттой болгох хэрэгтэй.
М.Л: -Манай төсөл нийгмийн халамжийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилготой. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилд ажиллахад хүндрэлтэй байлаа. Төслийнхөө хүрээнд Нийгмийн халамжийн болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийг шаталсан хэлбэрт оруулах судалгаа хийж байгаа. Одоо иргэд сар бүр 288 мянган төгрөг буюу нэг л суурь тэтгэвэр авч буй. Энэ нь жишээ нь, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл байнгын асаргаа шаардлагатай хүний хувьд оновчтой биш. Тиймээс тэтгэврийг шаталсан хэлбэрт оруулж, хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогоос хамааруулсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал, хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй, ажил хийх боломжтой бол тэтгэвэр нь нэг өөр, хүнд, хэвтрийн бол арай ахиу байх гэх зэргээр уян хатан болгох ёстой. Мөн тэднийг асарч байгаа иргэд нь ихэвчлэн хөдөлмөрийн насны, ажил хийх чадвартай байдаг. Сар бүр 84 мянган төгрөг авч байгаа тэдэнд ч бас шаталсан хэлбэрээр тэтгэмж үзүүлэх ёстой гэсэн өөрчлөлт хийх гээд байгаа юм. Жишээ нь, өөрөө явж чаддаг хүмүүсийг ч асрах шаардлага гардаг. Гэхдээ арай хөнгөн асаргаа шаарддаг гэдэг утгаараа хэвтрийн хүмүүсийг асарч байгаагаас ялгаатай тогтоож болно. Энэ мэтээр бэрхшээлийнх нь хэлбэрээс хамааран тэтгэмжийг нь өөрөөр тогтоох бодлогын дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Яагаад гэвэл тэд хамт олонгүй, ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй гэх мэт нийгмийн үйлчилгээнээс хоцорч үлдэх нь элбэг. Тиймээс тэдэнд чиглэсэн шинэ үйлчилгээ, тусламжийг судалж, бий болгох зэрэг ажил хийж буй. Ер нь манай төсөл хоёр дэд зорилт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь энэ.
Нөгөө нь Нийгмийн халамжийн тухай хуульд тусгасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээтэй холбоотой. Тодруулбал, 10 төрлийн үйлчилгээг зорилтот 12 бүлгийн иргэдэд хүргэж байгааг өргөтгөж, нэр, төрлийг нь нэмэгдүүлэхийг зорьж буй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, боломж, орчныг нь бүрдүүлэх, эхлэл, суурийг нь тавихад бодлогын дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, хөдөлмөр дэмжих үйлчилгээ гэж бий. Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих бодлогод нийцүүлсэн үйлчилгээ, тусламж бий болгохоор Япон, Австрали, Швед, БНСУ гээд олон орны туршлагыг судалж байна. Эдгээрээс Азийн орнуудын загвар нь илүү нийцтэй тул Япон, Солонгосынх дээр түлхүү ажиллаж байгаа. Хөдөлмөр дэмжих үйлчилгээ буюу хөдөлмөр эрхлэлтийн төвүүд эдгээр улсад ажилладаг юм билээ.
Б.Г: -Манай улс халамжийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчны хувьд сайн. Халамжаас хөдөлмөр лүү хийх шилжилтийн үедээ явж байна гэж боддог. Манай төрийн бус байгууллагууд нэлээд эртнээс энэ чиглэлээр хөөцөлдөж, дор бүрнээ ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Улаанбаатарт байдал нэлээд сайжирсан. Одоо орон нутаг руу чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх ёстой. Тэнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжийн үйлчилгээнд хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих шаардлагатай. Учир нь орон нутагт хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгоогүй хүмүүс олон байна. Жишээ нь, Улаанбаатарт байсан бол хөдөлмөрийн чадвараа 60-70 хувиар алдсан гэж тогтоолгож болохоор хүмүүс хөдөө мал маллаад л явж байна шүү дээ. Мөн оюуны бэрхшээлтэй хүмүүс ч бий. Ёстой л ямар ч халамж хүртдэггүй хүмүүс орон нутагт бий. Энэ байдлаа амьдралын хэв маяг гээд ойлгочихсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдээд л байгаа. Энэ нь эрүүл хүмүүс халамж хүртэж байгаатай холбоотой. Эрүүл саруул атлаа мөнгө авч байсан 2000 хүнийг халамжаас хассан талаар саяхан мэдээлсэн шүү дээ. Хариуцлага тооцож, авсан бүх мөнгийг нь буцаан төлүүлэх ёстой. Энэ үйлдэл нь нийгмийн халамжийн сангаас хулгай хийснээс өөрцгүй хэрэг. Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй байгаа хүмүүстэй л адил. Халамжийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой тулгамдаж буй асуудал гэвэл энэ л байна. Одоо улс даяар урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ хамруулахдаа энэ мэт завхралаа цэгцлэх хэрэгтэй.
Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй болон өвчтэй хүнийг ялгах нь зүйтэй. Жишээ нь, Я.Авирмэд бид хоёр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Гэтэл зүрх, ходоод нь өвддөг бол түүнийг өвчтэй хүн гэж тодорхойлох учиртай. Тэд эдгэж болно. Гэтэл ийм хүмүүс халамжийн мөнгө аваад л байдаг. Үүнийг зөв голдиролд оруулахын тулд тухайн орон нутгийн удирдлагатай байгуулдаг үр дүнгийн гэрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ бүртгэл, мэдээллийг сайжруул гэх мэтээр тодорхой тусгах ёстой. Түүнчлэн архинд донтсон хүмүүсийг халамжийн хөтөлбөрөөс хасах нь зүйтэй.
Б.Б: -Энэ нь мэдээлэл муутай холбоотой. Манай хороонд ч тийм хүмүүс бий. Бид хөөцөлдөж байж халамжид хамруулсан тохиолдол ч байгаа. Хороонд Амьжиргаа дэмжих зөвлөл гэж байдаг. Зургаан гишүүнийх нь нэг нь би. Гэхдээ тэр бүр хуралддаггүй. Би зөвхөн гарын үсэг л зурдаг. Би тус зөвлөлийн гишүүнээр бараг таван жил ажиллаж байна. Уг нь манай хорооны нийгмийн ажилтан солигдохоос өмнө хуралддаг байсан юм. Харин одоо шууд л “Гарын үсгээ зурчих” гэдэг болсон. Мэдээж илт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн материал, хүсэлтэд гарын үсэг зурахаас татгалздаггүй. Харин огт мэдэхгүй хүмүүсийг тодорхойлж, гарын үсэг зурахад хүрсэн тохиолдол цөөнгүй. Тиймээс би тус зөвлөлд ажиллахаа болих бодолтой байгаа. Уг нь энэ зөвлөл сайн ажиллавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн халамжийн хүртээмж сайжирч, хуваарилалт нь шударга болно. Ер нь төрийн үйлчилгээг сайжруулахын тулд хорооны ажилтнуудыг чадавхжуулж, мэдээлэл, судалгааг л чанаржуулах ёстой.
Я.А: -Гадаад, дотоодын хурал, зөвлөгөөнд оролцож, мэдээлэл авч байхад манай орны халамжийн үйлчилгээ яадгаа алдчихсан, хаягдчихсан биш юм билээ. Халамжийн үйлчилгээний нэр, төрөл талаас нь харсан ч ихэнх нь манайд байдаг. Асуудал мэдээж байгаа. Бодлогын хувьд аль болох үйлчилгээ тал руу нь чиглүүлэх ёстой. Манайхан хамгийн түрүүнд л мөнгө нэхдэг. Магадгүй нэрсийг нь жагсаагаад мөнгө шилжүүлээд байх нь төрд ч амар байдаг биз. Харин үйлчилгээ явуулахын тулд тодорхой дэд бүтэц бий болгох шаардлагатай. Уг нь төр маш их ачаалал үүрээд байгаа юм. Хорооны ажилтнаас л энэ нь харагддаг. Жишээ нь, Тайваньд халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нь төрийнхөөсөө илүү дэд бүтэцтэй, хөгжсөн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг иргэд, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хийх ёстой. Төр бүгдийг нь зохион байгуулах гэснээс болж шат болгондоо ажлаа дийлэхгүй байна. Сургалт зохион байгуулах чиг үүргээ төрийн бус байгууллагуудад хариуцуулаад, төр хяналт тавиад явж болно шүү дээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал манайд арай цөөн юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ үндсэндээ хөдөлмөрийн чадвараа 50-70, 70-100 хувь хүртэл алдсан гэдгээр хоёр л ангилж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээгээ ингээд л хоёр хуваачихдаг гэсэн үг. Угтаа түрүүнд хэлсэнчлэн хүнд, хөнгөнөөр нь ангилах ёстой. Жишээ нь, Японд хөгжлийн бэрхшээлтэй ир-гэдээ зургаан ангилалд хувааж, авч болох үйлчилгээг нь заагаад өгчихдөг. Ингэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрч, хэрэгцээ, шаардлагыг нь хангасан том алхам болно.
Түүнчлэн манай байгууллага бие даан амьдрах үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд хүн тус бүрээр нь үнэлэх ёстой. Тэгж байж сард хэдэн цагийн үйлчилгээ авах нь тодорхой, оновчтой болдог. Ийм тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг илүүтэй хангана. Уг нь үүнийг хуульд нь тусгаад, журмыг нь баталчихсан. Одоо зориг, хөрөнгө гарган хэрэгжүүлээд, цаашид загвар болгон авч явах ёстой. Ер нь хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Жишээ нь, бие даан амьдрахтай холбоотой заалтыг 2016 онд баталсан ч хэрэгжүүлээгүй. Мөн боолт, катетр гэх мэт сувиллын шинж чанартай зүйлсээр хангахаар хуульд заасан. Сүүлийн хоёр жилд буюу цар тахлын үед үүний хэрэгжилт тун тааруу байна. Эдгээр нэр бүхий эд зүйл, хэрэглэгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарах ёстой. Хөл, протез, таяг, тэргэнцэр зэргийн хүрэлцээнээс гадна чанарт маш их асуудал бий. Улсын хэмжээнд нэг, хоёрхон компанитай төр гэрээ байгуулж, эдгээр зүйлээр хангадаг. Гэтэл тэдгээр компани хамгийн хямдыг нь оруулж ирдэг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ оролцоог хангах шаардлагатай байна. Мөн тухайн тэргэнцрийг оруулж ирсэн компани нь засвар, үйлчилгээг нь ч тодорхой хугацаанд хариуцах ёстой.
Б.Г: -Жишээ нь, миний одоо хэрэглэж байгаа таягийг бараг таван жилийн өмнө Японоос авчирсан. Одоо л муудаж байна. Гэхдээ энэ таяг яаж ч муудсан хугарч унахгүй. Хэсэг хугацаанд таяггүй болчихоод халамжаар олгодог таягнаас найман удаа авсан байдаг. Нэгийг нь 1-2 сар л барьдаг. Уг нь таяганд хүртэл тодорхой стандарт байдаг юм билээ.
Д.Г: -Манай улсын халамжийн тогтолцоо болон хууль, эрх зүйн орчин, хүний нөөц хангалттай бүрдсэн, санхүүжилтийг улсын төсөвт тусгаж хэвшсэн, үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон салбар. Гэхдээ хуульд заасан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ анхаарах асуудлууд нэлээд байна. Нэгэнт төрийн байгууллага энэ бүх хэрэгслийг авчраад, нийлүүлэх боломж, чадавх хязгаарлагдмал учраас энэ чиглэлийн мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан, хамтарч ажилладаг. Ингэснээр төрийн байгууллагын ачааллыг багасаж, төрийн бус байгууллагуудаа дэмжиж байгаа хэрэг. Энэ хэрээр иргэд мэргэжлийн байгууллагын үйлчилгээ, тусламжийг авахаас гадна төрийн бус байгууллага нь чадавхжиж, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай. Гэхдээ хэрэгжилтийн түвшинд манай халамжийн байгууллагын хувьд эмнэлгийн тодорхойлолт, баримт бичгийг үндэслэн зөвхөн санхүүжилт олгодог. Хяналт тавихдаа ч тухайн иргэн шаардлагатай тусгай хэрэгслээ авсан болон ашиглаж буй, эсэх, асуудал үүссэн зэргийг шалгаж, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, тусгай хэрэгсэл нийлүүлсэн байгууллагын гэрээг цуцлах арга хэмжээ авахаас хэтрэхгүй байгаа. Энэ төрлийн хэрэгслийн чанар стандарт, эдэлгээ, тухайн хүнд тохирох, эсэх зэрэг мэргэжлийн нарийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Ер нь протез, ортопедийн хэрэгслийг нийлүүлэгч байгууллагад тавих шалгуур шаардлага болон чанар, эдэлгээний хугацаа, тухайн хүнд тохирох, эсэхийг иргэний хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллага хийх нь зүйтэй. Тиймээс цаашдаа энэ төрлийн үйлчилгээнд мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хэрэгжилтийн түвшинд хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах зэрэг асуудал цөөнгүй байгаа юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй ч халамж авдаггүй иргэн хэр олон байгаа бол. Хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавих ёстой вэ?
Д.Г: -Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн гэж тогтоож тодорхойлуулсан бүх хүн нийгмийн халамжийн болон даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байна. Халамжийн байгууллагын хувьд дотоод хяналт тавих тогтолцоог нь хуулийн хүрээнд зохицуулж өгсөн. Агентлаг болон дүүргүүдэд хяналт тавих тогтолцоо бий бөгөөд тэд боломжийнхоо хэрээр хяналт тавьж, зөрчил, дутагдлуудыг илрүүлж, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад нь уламжилдаг. Нийгмийн халамжийн байгууллагаар дамжуулан жилд хагас их наяд гаруй төгрөгийг халамжийн хөтөлбөрүүдэд улсын төсвөөс зарцуулж байгаа. Ийм үед мэргэжлийн чиглэлээр дотоодын хяналт тавих тогтолцоог илүү сайжруулах, чиг үүргийг тодорхой болгох хэрэгцээ, шаардлага бий.
-Халамжийн тэтгэврийн хэмжээг шаталсан буюу хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс хамааруулан олгох бодлого хэрэгжүүлэх ёстойг хүмүүс хэлж байна. Хууль, эрх зүйн орчноо шинэчлэхдээ үүнийг харгалзан үзэж, тусгахаар төлөвлөж байгаа юу. Ер нь нийгмийн халамжийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
Д.Г: -Нийгмийн халамжийн салбарын хууль, тогтоомжуудыг бусад салбарынхтай харьцуулахад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухай бүр өөрчилж, шинэчилж ирсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 онд шинэчилсэн. Энэ уулзалтаар яригдаж байгаа асуудлууд бол одоогийн хууль тогтоомжийг өөрчлөх шинэчлэх үндэслэл, шаардлагын нэгээхэн хэсэг болж байгаа юм. Тиймээс ч ХНХЯ-наас Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байна. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд бэлэн мөнгөний хөтөлбөрүүд дийлэнх хувийг эзэлж, өрх, иргэнийг чадавхжуулах, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээ хангалтгүй байгаа. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хувьд шаардлагатай төсөв, хөрөнгө дутагдалтай, орон нутагт төрийн бус байгууллагын тоо цөөн, чадавх сул, үйлчилгээний чанарт хяналт сул, нэгдсэн арга, аргачлал дутмаг байгаагаас үйлчилгээ жигд хэрэгждэггүй. Тиймээс тэтгэвэр, тэтгэмж олгохоос гадна зорилтот өрх, иргэнийг чадавхжуулах, бие даан амьдрах чадварыг нь дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, амьжиргааг дэмжих урт хугацааны цогц үйлчилгээ бий болгох нь зүйтэй. Үүний хүрээнд хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар халамж хүртэгчийг ажилтай, орлоготой болгоход чиглэсэн байдлаар хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг зайлшгүй шаардлагатай буюу зорилтот хэсэгт чиглүүлж, тухайн иргэний амьжиргааны түвшин, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэргийг харгалзан ялгаатай олгох зохицуулалт бий болгож буй. Мөн бэлэн мөнгөний хөтөлбөрөө аль болох багасгаж, халамжийн одоогийн үйлчилгээгээ илүү сайжруулж, шинэ төрлийг нэмэгдүүлнэ. Ер нь олон улсад бэлэн мөнгөний хөтөлбөр болон нийгмийн халамжийн үйлчилгээний харьцаа нь ижил түвшинд байдаг. Бэлэн мөнгөний хөтөлбөр их байх тусам сум, хорооны нийгмийн ажилтны ажлын ачаалал нэмэгдэхээс аргагүй. Уг нь нийгмийн ажилтны үүрэг бол айл, өрхөд очиж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, халамж шаардлагатай иргэнд зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Тиймээс мэдээлэл дутмагаас халамжийн болон нийгмийн бусад үйлчилгээнд хамрагдаж чадаагүй иргэдийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах зэргээр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүргэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байна. Хуулийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудад танилцуулж хэлэлцүүлсэн. Өдгөө УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа.
-Нийгмийн халамжийн шинэ систем нэвтрүүлснээр ямар давуу талууд бий болох вэ. Төслийн хүрэх үр дүнг хэрхэн харж байна вэ?
М.Л: -Манай төсөл дөрвөн зорилттой. Монголын хөрсөнд буусан илрүүлэгтэй болж, түүндээ суурилсан халамжийн үйлчилгээ үзүүлж чаддаг болбол төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа илүү идэвхжих юм. Аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагууд халамжийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж, бэлэн мөнгө олгох нь буурна. Ингэснээр халамжийн үйлчилгээний хүрээ нэмэгдэнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдлийн чадамжийг илрүүлэх боломж бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, хэвтрийн, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан хүн байлаа гэхэд яг юуг хийж чадахгүйг нь тогтоож, түүнд тохирсон үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд чадавхыг бэхжүүлэх шаардлагатай. Үүнийг үеийн үед л ярьж ирсэн. Манайд төрийн бус байгууллага олон байдаг ч мэргэшсэн нь цөөн. Хамгийн гол нь бэлэн мөнгө шууд өгдөг нь багасаж, үйлчилгээний хүрээ нь нэмэгдэх явдал. Одоо бол 94 хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр, зургаан хувь нь үйлчилгээ болон иргэдэд очиж байна. Энэ харьцааг ядаж 80:20 болгохын төлөө бодитой үр дүн гаргахыг хүсэж буй. 50:50 гэсэн олон улсын жишигт хүргэх нь алга урвуулахын хооронд хийх, амар ажил биш л дээ. Халамжийн үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд зөөлөн дэд бүтцийг нь бий болгохоос авхуулаад нэлээд ажил хийх шаардлагатай.