МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахад дарамтлуулж, бизнесээ алдсан, одоо байраа хураалгахдаа тулсан талаараа өнөөдөр /2022.04.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Э.Энхзориг "Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, эх орон газар нутгаа магтан дуулдаг, олны танил эрхэм, миний багаасаа дуулахыг нь сонсож өссөн, дуучин С.Амармандах гэдэг хүнд бүх эд хөрөнгөө алдлаа. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч асуудлаа шийдүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй зургаан сар болж байна" гэсэн юм.
Э.Энхзориг найзынхаа хүсэлтээр 2019 онд хамтын бизнесээ эхлүүлсэн гэнэ. Тодорхой хэлбэл, баруун дөрвөн зам дахь “Gem palace”-ийн 17 давхарт солонгосын хамтарсан хөрөнгө оруулалтаар нээсэн найзынх нь хоолны бизнес дампуурсан аж. Тиймээс Э.Энхзориг дахин хөрөнгө оруулж, дундын лоунж байгуулан, дотор засал, чимэглэл хийж, шинээр тохижуулжээ. Ингээд “Gem palace”-ийн удирдлагатай таван жилийн хугацаатай гэрээ хийсэн байна. 2020 оны есдүгээр сард барилгын бизнестэй “Gem palace”-ийн удирдлага Э.Энхзориг нарын лоунжид барилгачдын баяр тэмдэглэсэн гэнэ. Баярт С.Амармандах ирж дуулахдаа иргэн Э.Энхзоригт хандан “Үнэхээр гоё газар нээсэн байна, хамтарч ажиллах санал байгаа. Дараа тухтай уулзья” гэж хэлсэн гэв.
Хэд хоногийн дараа дуучин С.Амармандах тус лоунжид ирж “Би энэ газрын нэг давхарт баар нээж байгаа. Манайд хоол гарах боломжгүй. Танай лоунжийн гал тогоо таалагдаж байна. Чи хувьцаагаа надад шилжүүлээд миний дор ажил. Чи миний таньдаг урлагийн дүү биш байсан бол шууд зодож, хөөж гаргаал асуудлыг шийдэх байлаа. Чи харсан, энэ барилгын эзэн чинь манай найз. Хууль шүүхийнхнээс эхлээд хар өртөнцийн бүх эрх мэдэл миний халаасанд байна. Дүү минь чи бодолтой байгаарай” хэмээжээ.
Харин Э.Энхзориг түүний тавьсан саналын хүлээж аваагүйгээс “Gem palace”-ийн удирдлага маш их дарамт шахалт үзүүлсэн гэнэ. Улмаар долоон сая төгрөгийн түрээс дутуу гэх шалтгаар лоунжийг нь лацдаж, төд удалгүй таван жилийн хугацаатай хийсэн гэрээгээ ямар ч үндэслэлгүй цуцалчихсан аж.
Аргагүй байдалд орсон Э.Энхзориг тоног төхөөрөмж, тохижилтийн хөрөнгө, эд зүйлсээ ачаалж, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах агуулахад аваачиж, хадгалуулжээ. Гэтэл хадгалуулснаас хоёр долоо хоногийн дараа бүх эд хөрөнгийг минь хулгайлсан аж. Цагдаагийн байгууллагад хандан, бичлэг шалгахад дуучин С.Амармандахын машин камерт харагдсан гэх. Улмаар дараа өдрийн 10.00 цагт цагдаагийн байгууллагаас эд зүйлийг олсон хэмээн хохирогч руу ярьжээ. Ингээд тохижилтын эд зүйлсийг нь авсан газарт цагдаагийнхантай очиход “Gem palace”-ийн 17 давхарт, өмнө нь үйл ажиллагаагаа явуулж байсан лоунжид эд зүйлс нь байжээ. Гэвч цагдаа нар С.Амармандахтай утсаар ярьчихаад, өөр газар дуудлагатай хэмээгээд хэргийн газрыг орхин явсан гэнэ. Нийт 120-130 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байсан гэдгийг Э.Энхзориг хэлж буй. Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт гурван мөрдөгч солигдсон бөгөөд хэргийн холбогдогч тодорхой байхад хэргийг одоо болтол шийдээгүй байгаа аж. Улмаар хэргийг хааж, Э.Энхзориг гомдол гаргаснаар эргээд сэргээжээ. Өдгөө түүний 120-130 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг зарахаар цахим орчин мэдээлэл байршуулсан тул ийн хэвлэлд мэдээлэл өгч байна гэв.
Тиймээс хохирогч Э.Энхзориг Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандан, энэ асуудлыг үнэн зөв шийдэж өгөхийг хүссэн байна. Мөн С.Амармандах “Сэвжид сан” ТББ-ын нэр дээр Сэвжид сангийн нэрэмжит ногоон байгууламжтай хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн газар авч байсан гэнэ. Гэвч тус газартаа бүтээн байгуулалт хийлгүй, дамлан заржээ. Мөн "Gem palace"-ийн удирдлага маш олон хэрэг үйлдсэн, 20 гаруй баримт байгаа, Баянгол дүүргийн удирдлага ч холбоотой гэдгийг онцоллоо.