“Эко гифт” хоршооны ажилтан Б.Болормаатай ярилцлаа. Тус хоршооныхон сонины цаас ашиглан ваар, үзэг, чихрийн сав, дарсны тавиур зэрэг гэр ахуй, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлээд цөөнгүй жил болж буй.
-“Эко гифт” хоршоо хэзээ байгуулагдав. Хэдэн хүн ажиллаж байна вэ?
-2012 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын төв нэртэйгээр тэргэнцэртэй 12 хүн үүсгэн байгуулж байв. Үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж явсаар 2018 онд хоршоо болж өргөжсөн. Манай хоршоонд өдгөө бүтэн цагаар ажилладаг зургаа, хагас цагаар ажилладаг мөн тооны хүн бий. Хагас цагаар ажилладаг хүмүүс ажлаа хуваарилж аваад гэртээ хийчихдэг юм. Багахан түүх сөхвөл, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос 2012 онд эмэгтэйчүүдэд зориулсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Улмаар тэргэнцэртэй 10 эмэгтэйг нийгэмд гарахад бэлдсэн. Жишээ нь, би гэхэд дунд сургуулиа төгсөөд буюу гэмтсэнээсээ хойш гэрээсээ гараагүй, нийгмийн харилцаанд идэвх муутай оролцдог байв. Тухайн үед дээрх холбоо гэрээсээ гардаггүй, идэвх султай 10 эмэгтэйг сонгосон юм билээ. Миний хувьд Сонгинохайрхан дүүргээс уг хөтөлбөрт хамрагдах санал тавихад нь оролцсон, анхны бойжигч нарын нэг. Хувь хүний хөгжил, өрхийн төсвөө яаж зохицуулах, бусадтай хэрхэн харилцах зэрэг сургалтад хамруулж, биднийг нийгэмд идэвхтэй нэгэн болгохыг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид зорьсон. Үүнээс өмнө би гэртээ компьютерын ард л суудаг байв. Хөтөлбөрт хамрагдсанаар бид нийгэмд гарах ёстой юм байна гэдгийг ойлгож, “Би яагаад ажил хийдэггүй юм бэ” гэж өөрийгөө голж эхэлсэн. Цаашид сурах, хөгжих ёстой гэдгийг ухаарч, хүсэл тэмүүлэл, зорилготой болсон. Тухайн үед бид эсгий урлал, хэрээсэн болон туузан оёо, шүр, сувдаар бүтээл хийх гээд олон зүйл туршсан л даа. Яагаад заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд гэхээр сувсан, эсвэл гар урлал хийдэг гэж холбоод байдаг юм гээд шинэлэг байх үүднээс бид хамгийн эхлээд буюу 2013 онд гар аргаар мэндчилгээний 3D карт хийж эхэлсэн. Захиалга ч олныг авсан, үүнийг хийхэд ажиллагаа ч ихтэй байсан. Дараа нь 2015 оноос цоо шинэ зүйл туршиж үзье гэж ярилцсан. Тухайн үед декупаж цаасан урлал шинэлэг санагдсан юм. Нөгөөтээгүүр, ногоон хөгжлийг дэмжсэн, хүмүүсийн уншаад хаясан сонины цаасыг ашиглаад гэр ахуйн болон бэлэг дурсгалын зүйл хийж болох юм байна гэж үзсэн л дээ. Тэр үед бид Х.Тунгалаг багшийн сургалтад хамрагдаж, цаашдаа шинэлэг, хийж болох загварууд юу байгааг эрэлхийлж, тэдгээрийг хийж эхэлсэн. Ер нь “Үoutube” “багш”-тайгаа найзалсан л даа. Улмаар нэлээд хүмүүст танигдаж, төв дээрээ борлуулалт хийж, захиалга авч эхэлсэн. Хүмүүсийн захиалгаар очиж сургалт ч хийдэг болсон.
-Гэрээсээ гардаггүй байсан хүн ажил хийж, мөнгө олж эхлэхэд анх ямар санагдаж байв?
-Тухайн үед бид орлого олохоос илүүтэйгээр нийгэмд, хамт олон дунд, хамтдаа байх, чадваржих нь сайхан санагдаж байлаа. Өмнө нь би зөвхөн гэрийнхээ ажлыг л хийгээд, гэрийнхнээсээ өөр хүмүүстэй харьцдаггүй байв. Гэтэл өглөө бүр ажилдаа ирж, орой нь буцна гэдэг миний хувьд маш гоё байсан. Бид хүсэл тэмүүлэл, зорилготой болсон нь маш том давуу тал юм. Бидний хувьд борлуулалтын орлогоосоо унааны зардлаа гаргаж чадах нь л баяр байлаа шүү дээ. Тэргэнцэртэй хүмүүсийн хувьд унаа маш чухал асуудал. Тухайн үед бид фэйсбүүкт “лайк” цуглуулах тэмцээнд орсон юм. Улмаар олон нийтэд багагүй танигдсан тул хүмүүс уншсан сониноо өгье гэж бидэнтэй маш олноор холбогдсон. Дараа нь “JCI progress”-ийн залуус манайхыг дэмжихээр болж, “Өнөөдөр” сониныхонтой холбож өгсөн. Одоо хүртэл бид танай хуучин сониныг авч байна. Түүнээс хойш бид хоршоо болж, өдгөө “Имарт”-ын гурван салбарт бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Мөн зарим аймагт салбар зөвлөлүүдээрээ дамжуулан хүмүүсийг чадавхжуулж буй. Бид Европын Холбооны санхүүжилтээр “Каритас Чех репаблик” байгууллагаас зарласан төслийн уралдаанд шалгарч, дөрвөн аймагт гар урлалын төвийнхөө салбарыг бий болгохоор ажиллаж байгаа. Одоогоор Баянхонгорын салбар маань их идэвхтэй ажилладаг. Бид өмнө нь “Имарт”-ын борлуулалтын цэгээс ирсэн захиалгуудаа хийж амждаггүй байсан бол одоо салбаруудаараа захиалгаа хийлгэж, илүү ашигтай ажиллах боломжтой болж буй юм.
-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Ваар, сагс гэх мэтчилэн долоон нэр, төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Ваар гэхэд дотроо жижиг, дунд, том хэмжээтэй гээд гурав ангилагдах жишээтэй.
-Танайд ямар ямар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Ихэвчлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй, мөн оюуны бэрхшээлтэй хүмүүс ч бий. Тэд маш сайн урлаач болж чаддаг. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд, гар урлалд сонирхолтой хүмүүс, дунд сургуулийн сурагчид, жирэмсэн, эсвэл гэртээ хүүхдээ харж байгаа ээж нар гээд олон хүнтэй ажилладаг.
-Цаасаар бүтээгдэхүүн хийхийг ажилтнууддаа зааж сургаад, ажилд авдаг уу?
-Бид сонирхсон хувь хүн болон албан байгууллагуудад гар урлалын сургалт зохион байгуулдаг. Гар урлал хийж суръя гэсэн хэнд ч нээлттэй ханддаг юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хандвал үнэгүй сурган, дадлагажуулж ажилд авдаг. Бид гар урлалыг бизнес талаас нь харахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх сэтгэл заслын үйлчилгээ гэж үздэг. Удаан хугацаанд гэртээ байсан, маш их өвддөг, стресстэй хүмүүс ирээд бүтээл хийж суран өвдөлтөө мартаж, шинэ зүйл хийж сурч, урам зориг авч байгааг харахаар их урам авдаг. Нөгөө талаар гарын доорх материал ашиглаад өөртөө, найз нөхдөдөө, гэртээ хэрэгтэй зүйл хийж сурах нь хүн бүрт хэрэгтэй зүйл.
-Цаасаар гар урлал хийхийн давуу тал юу вэ. Хог хаягдлыг багасгах зэрэг нөлөөтэй байх?
-Дэлхий даяар ногоон хөгжилд анхаарах болсон. Цаасан урлал нь хог хаягдлыг дахин ашиглах боломж олгож буй. Хуванцар, төмөр эдлэлээс дэлхий нийтээр татгалзах болсон шүү дээ. Бид түүхий эд болох будаг, бэхжүүлэгч зэргийг модны холтосноос гаргаж авсан, эко бүтээгдэхүүн сонгодог. Өөрөөр хэлбэл, хүний биед харшлах нөлөөгүй, үнэргүй бүтээгдэхүүн ашигладаг гэдгээрээ дауу талтай.
-Үнийн хувьд шилэн ч юм уу савнаас хэр ялгаатай вэ. Эдэлгээний хувьд юу гэх вэ?
-Хүмүүс цаас гэхээр хэврэг юм шиг ойлгох нь бий. Гэхдээ олон шат дамжлагаар оруулдаг учраас бат бөх. Бид өөрсдөө туршилт хийж үзэн буцалсан халуун усанд байлгахад 7-8 цагт яах ч үгүй, харин ч хатсаныхаа дараа улам бэхжиж мод шиг бат бөх болсон. Манай ажлын байранд цаасны хогийн сав, цай, кофены тавиур, үзэгний савнууд маань бүгд бидний бүтээл байдаг.
-“Имарт”-ын гурван салбарт бүтээгдэхүүнээ хэзээнээс борлуулж эхлэв?
-Тус дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулах эрх авахад цөөнгүй өндөр шаардлага тавьдаг. Бүтээгдэхүүний өнгө дизайн, хаяг шошго, бат бөх байдал зэрэг олон шалгуурыг бид давж 2019 оноос тус дэлгүүрийн салбаруудаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Сүүлийн үед олон хүн цаасан урлал хийдэг болсон. Тэгэхээр бидний хувьд нэг талаасаа өрсөлдөгч олонтой болж байгаа. Гэхдээ өнгө үзэмж, сав, баглаа боодол, хамгийн гол нь чанараар ялгардаг. Ташрамд хэлэхэд, бид сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв, баасан гарагт байгууллагуудаар явж хаягдал сонин цуглуулж авдаг юм. Хүмүүс ч бидэнд тусалж, уншсан сониноо цуглуулаад бэлдчихсэн байдагт нь талархдагаа энэ ташрамд илэрхийлье. Мөн бидэнд уншсан сониноо өгөхийг хүсье.
-Бүтээгдэхүүнээ борлуулахад бэрхшээл тулгарч байв уу?
-Анх хүмүүс цаас юм чинь хэврэг л байгаа гээд тоодоггүй байсан. Бас эхэн үед ажилтнууд маань их солигддог байв. Хамгийн сүүлд гар урлалд сонирхолтой, хайртай хүмүүс нь баг болж бидэнтэй үлджээ.
-Бизнес эрхлэхэд төр, засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг, ялангуяа төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү. Ийм төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан уу. Энэ талаар судалж үзсэн үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд зарладаг. Бид 2019 онд дээрх сангаас “Эко гифт” хоршоогоороо 20 сая төгрөгийн зээл авсан. Уг зээл нь хүүгүй, хоёр жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэй байсан юм. Энэзээлийг авснаар бид шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдээ авч амжилттай ажилласан. Цар тахал, хөл хорио, хил, гааль хаагдаж, борлуулалт багассан ч манай хоршооны үйл ажиллагаа зогсоогүй, бид бүрэн төлж дуусгасан. Энэ жил дахин зээл авахаар төслийн уралдаанд нь материалаа өгчихөөд хүлээж байна. Дахин санхүүжилт олговол бид ажилтнуудынхаа тоог нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн.
-Та дунд сургуулиа төгсөөд тэргэнцэр дээр суух болсон гэсэн. Яагаад тэргэнцэр дээр суух болсон юм бэ?
-Дунд сургуулиа төгссөн жилээ хөдөө өвөөгийндөө очоод, мориноос унаад гэмтчихсэн. Түүнээс хойш тэргэнцэр дээр сууж байгаа. Яс маш их сийрэгжсэн байсан тул таягтай явж байгаад унаж, босохоор нөгөө хөлөө, эсвэл гараа хугалах гэх мэтээр маш их бэртэл авсан. Түүнээсээ болоод хэвтэрт орсон. Ясны сийрэгжилт удаан эдгэдэг болохоор яалт ч үгүй тэргэнцэр дээр суух болсон юм. Манайхан “Наашаа (Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны буюу ажлын байр) ирэхдээ заавал хоёр хүнээр өргүүлдэг. Нэг нь цээжин биенээс нь, нөгөөх нь хөлнөөс нь өргөж машинд суулгадаг байсан” гэж хэлдэг юм. Төдийгөөс өдий хүртэл бүх саад бэрхшээлийг даван туулснаар ханьтайгаа танилцаж, ээж болсон. Би нэг хүүтэй, манай нөхөр сайн залуу бий.
-Та хэдэн жил гэртээ байсан юм бэ?
-2003 онд гэмтээд 2011 онд анх Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд орж ирэх хүртлээ гэртээ байсан. Түүнээс өмнө гэрээсээ гадагш гардаггүй, өдөр тутмын тогтсон ажлуудаа л хийдэг байлаа. Хүн хэвшмэл амьдралдаа дасчихдаг юм билээ. Манай дүү сургуульдаа явахаасаа өмнө цай, хоол бэлдээд хажууд үлдээчихдэг байсан. Одоо бодоход хүний өмнөөс гэмтчихсэн ч юм шиг байсан санагддаг. Дээр дурдсан хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа нийгэмшиж, “Глобал удирдагч” дээд сургуульд ажлынхаа хажуугаар 2015 онд элсэж, нягтлан бодогч мэргэжлээр 2018 онд төгссөн. Өнгөрсөн жилээс Монголын үндэсний их сургуульд боловсрол судлалаар магистрт сурч байна.
-Сурах үед тань олон бэрхшээл тулгарч байв уу?
-“Глобал удирдагч” дээд сургууль тухайн үед цахилгаан шатгүй байсан. Гуравдугаар давхарт хичээл ордог байв. Өглөө нь дээш гарчихаад орой таран тартлаа гуравдугаар давхраасаа буудаггүй байсан. Дараа нь жолооны курст сууж байхад яалт ч үгүй автобусаар зорчих хэрэг гарсан. Дандаа таксигаар үйлчлүүлээд байж чадахгүй учраас тэр. Тэр үед “Ах аа, эгч ээ өргөөд, буулгаад өгөөч” гэж тусламж хүсдэг байв. Анх гэрээс гарахад хүн бүр тэргэнцэр лүү хараад, хөөрхий дөө гэсэн харцаар хараад байх шиг санагддаг байсан айдас маань арилж, их өөрчлөгдсөн. Надад бусдаас ялгарах зүйл байхгүй гэж боддог болсон. Би болж өгвөл хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авахыг боддог, сайн ээж, сайн хань байхыг хичээдэг.
-Өдгөө ажиллах хүч хомсодсон гэж ярьдаг. Зарим байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тууштай ажилладаг гээд ажилд авахаас цааргалдаггүй юм билээ. Тэд ямар давуу талтай талаар тодруулаач.
-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулна гэхээр маш их тусгай хэрэгцээтэй гэж бодох нь бий. Гэтэл үгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бусад хүн шиг босож, суугаад, орж, гараад, өөр зүйлд сатаараад байлгүй, хийх ёстой зүйлээ хийдэг тул ажлын бүтээмж нь өндөр байдаг. Бас хүмүүс итгэлтэй, үнэнч, ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг гэдэг шүү.
-Та бүхэн цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Ажилтнуудынхаа тоог нэмнэ. Салбар зөвлөлүүдээ чадавхжуулна, өөрийн байртай болно гээд олон төлөвлөгөө бий.
-Ер нь Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бизнес хийх боломж хэр гэж боддог вэ?
-Яг зориглоод хийж эхэлбэл, тууштай байвал боломжтой. Бидний хувьд гэхэд 2012 оноос хойш өдий хүртэл ажиллахдаа маш олон бэрхшээл даван туулсан. Зарим үед ганц ч ажилтангүй болж байсан үе ч бий. Бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй. Бид өөрсдийн гэсэн гурван давхар объекттой, дотроо сургалтын төвтэй, томоохон төв болохыг зорьдог. Байшингийнхаа зураг төслийг гаргачихсан. Үүнийгээ биелүүлэхийн төлөө олон зорилго тавиад ажиллаж байна.