Манай улс ХНХЯ, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Портеж” хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. “Портеж” гэдэг нь эрт боловсролын хөтөлбөр бөгөөд нярай үеэс нь эхлэн хүүхдийн хөгжлийг үнэлж, тодорхойлон, дэмжлэг үзүүлэх сургалтын багц арга зүй юм. Тодруулбал, тусгайлан бэлтгэсэн мэргэжилтэн, эцэг, эхтэй хамтран 0-6 насны хүүхдийн хөгжлийг зургаан айгаар 139 асуулт бүхий шалгах хуудас, тэмдэглэгээний хүснэгт, хөгжлийг дэмжихэд чиглэсэн 576 даалгавраар тодорхойлж, ажиллах юм. Эл хөтөлбөрийн хүрээнд хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг эрт илрүүлж, тодорхой дасгал, даалгаврыг гүйцэтгэн, ахиц гаргаж, үр дүнг нь мэдэрсэн эцэг, эх цөөнгүй. Тэдний нэг, тархины саажилттай хүүгийн ээж Х.Хажидтай ярилцлаа.
-Эхлээд өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Х.Хажид гэдэг. Би хоёр хүүтэй. Том хүү минь хоёр нас зургаан сартай, тархины саажилттай. Бага нь нэг ой таван сартай.
-Таныг хүүгээ эрт илрүүлгийн “Портеж” хөтөлбөрт хамруулснаар хөгжилд нь тодорхой үр дүн гарсан гэж сонслоо. Эл хөтөлбөрт хэзээ хамрагдсан юм бэ?
-2021 оны арваннэгдүгээр сард Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд анх очсон юм. Тус төвийн мэргэжилтнээр хүүгээ оношлуулж, тэнд 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэр үед эмч нар “Портеж” хөтөлбөрт хамрагдахыг зөвлөж байлаа. Б.Хулан гэж мэргэжилтэн хөтөлбөрийн талаар надад танилцуулж, хамрагдах, эсэхийг асуусан юм. Би хүүгийн минь хөгжилд ахиц гарна гэж найдсан учраас хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрсөн. Тэр итгэл найдвар минь талаар өнгөрөөгүй. Эмнэлэгт байх хугацаандаа хүүгээ хөгжүүлэх арга зүй, дасгал хөдөлгөөнийг Б.Хулан багшаар заалгасан. Эмнэлгээс гарахад хүү минь бүхэл хоол иддэг, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн бариад идэж чаддаг болсон. Өмнө нь зөвхөн бантан, зутан шөл л иддэг байв. Хүү минь нярайн шарлалтын эмгэгээс үүдэн тархины саажилттай болсон юм. Төрөх эмнэлгээс гарч, гэртээ нэг хоноход нярайн шарлалт явагдаж эхэллээ. Яаралтай түргэн тусламж дуудтал өглөө нь ирсэн. Эмч үзээд шарлалтын хэмжээ өндөр байна гээд ЭХЭМҮТ рүү явууллаа. Тэнд үзүүлэх гэж дараалалд зогсож байтал хүү минь татсан учир Сэхээн амьдруулах тасаг руу яаралтай аваад явсан. Шарлалт нь эмгэг хэлбэрээр явагдаж, тархиндаа нөлөөлсөн учраас саажилт үүссэн гэж үздэг. Хүү минь найман сар хүртлээ толгойгоо даахгүй, хоёр сартай хүүхэд шиг л байсан. Тиймээс бариа засалчид хандсан. Коронавирусийн улмаас хөл хөдөлгөөн хорьсон ч хүү бид хоёр цагдаад учир байдлаа хэлээд бариачдаа очиж бариулдаг байлаа. Тэгж уйгагүй явсны хүчинд хүү минь толгойгоо даадаг боллоо. Гэхдээ бие даагаад сууж чадахгүй, бүхэл хоол идэж чаддаггүй байсан юм.
-Тэгвэл “Портеж” хөтөлбөрийн арга зүй та хоёрт тохирсон байх нь ээ?
-Тийм ээ. Бид Б.Хулан багшийн зааврын дагуу хичээллэдэг. Гэртээ хийх даалгаврыг багшаасаа авдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтэхээсээ өмнө бариа засал, сэргээн засахын эмчид л найддаг байсан. Түүнээс биш өөрөө хүүхэдтэйгээ тулж ажиллаж, зааж сургаж мэддэггүй байв. Хүү минь уйлахаараа ээрдэг болохоор аль болох өөрийнх нь аясаар тайван байлгахыг л хичээнэ. Ихэнхдээ хүү минь хэвтэж л байдаг байв. Харин хөтөлбөрт хамрагдсанаар Б.Хулан багш болон эмнэлгийн хамт олонтой хамтарч хүүхдээ хөгжүүлэх дасгал хөдөлгөөн сурч, илүү олон цаг зарцуулж, тулж ажилладаг болсон.
-Энэ хөтөлбөрийн асуумжаар хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хоцрогдлыг илрүүлдэг. Танай хүүгийн биологийн нас нь хөгжлийн наснаасаа хэр зөрүүтэй байсан бэ?
-Одоо хүү минь хоёр нас зургаан сартай. Анх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд очиж үнэлгээ хийлгэхэд хөгжлийн нас нь 4-5 сартай хүүхэд шиг байна гэсэн. Саяхан очиход өмнөхөөсөө ахисан буюу 9-10 сартай хүүхдийнхтэй адил хөгжилтэй болсон байсан.
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ багш нь болдгоороо “Портеж” хөтөлбөр онцлогтой шүү дээ. Та хөтөлбөрийн тусламжтайгаар хүүхдэдээ хэрхэн багшилж байна вэ. Өдөрт хэр хугацааг зарцуулдаг бол?
-Аль болох хүүхэдтэйгээ ойр байж тулж ажилладаг. Хүүгээ нялх байхад нь “Нэг ой, цаашлаад хоёр нас хүрээд хөгжлийн хоцрогдол нь арилчих байх, яваандаа зүгээр болно” гэж боддог байлаа. Одоо бол хоёр настай хүүхэд юу хийж чаддаг вэ, тэр түвшинд хүргэхийг хичээдэг. Ядаж халбагаа өөрөө бариад хоолоо иддэг болгохыг зорьж байгаа. Энэ хэдий амархан мэт сонсогдож болох ч хүүхэд, асран хамгаалагч нараас их тэвчээр, уйгагүй байдлыг шаарддаг. Хүүгийн минь төв мэдрэлийн системд асуудал үүссэнээс биш, гар, хөл нь саажилтгүй. Тиймээс анхнаас нь юм сайн бариулж, чимхүүлж сургадаг байж гэж одоо харамсдаг. Харин “Портеж” хөтөлбөрийн дагуу сургаснаар хүү минь алхаж чадахгүй ч сууж чаддаг болсон. “Дөрвөн мөчний саажилтгүй учраас хүүхдийн хөгжилд ахиц гарна” гэж эмч нар хэлсэн. Гэхдээ хөгжлийн хоцрогдлыг нь арилгахгүй, тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэхгүй, тууштай ажиллахгүй бол цаашдаа хөл, гар нь саажих магадлалтай юм билээ. Хүү минь аливааг ойлгохдоо удаан. Аашилж загнахаар уйлж, хайрлаж, аргадахаар инээх гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг. Түүнээс биш хүний хэлсний дагуу аливааг гүйцэтгэхдээ муу. Бас юмыг тогтож харахдаа тааруу. Харааны бэрхшээл хавсарсан учраас нүдний шил зүүж хамгаалахгүй бол насанд хүрэхэд нь харааны асуудал үүсэж болзошгүй гэсэн.
-Та хүүгээ цэцэрлэгт явуулж байна уу?
-Танин мэдэхүй болон хөдөлгөөний хоцрогдолтой учраас хүүг минь энгийн цэцэрлэгт авдаггүй. Хүүгийн минь гар, хөл саажаагүй учраас гадаад төрх байдлыг нь хараад хэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхгүй ч цэцэрлэгт авахыг хүсдэггүй. Ядаж халбагаа бариад өөрөө хоолоо иддэг болсон үед нь цэцэрлэгт авна гэдэг. Хүүгээ цэцэрлэгт явуулж, үе тэнгийн хүүхдүүдтэй нь хамт байлгаж, нийгэмшүүлмээр байна. Гэвч манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүнд ээлгүй. Ийм хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг цэцэрлэг улсын хэмжээнд ганц хоёрхон л байдаг юм билээ. Нийгмийн гадуурхлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээсээ ичдэг, нуудаг эцэг, эх цөөнгүй байгаад харамсдаг. Би хүүгээсээ хэзээ ч санаа зовж байгаагүй. Эрүүл хүүхэд шиг л харилцдаг. Хүү минь хөгжлөөрөө бусдаас арай өөр ч адилхан л хүн шүү дээ.
-“Портеж” хөтөлбөрийн дагуу суралцсанаар таны хүү болон гэр бүлд тань ямар өөрчлөлт гарав. Тодорхой жишээ хэлэхгүй юү?
-Хүү бид хоёр одоогийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хоёр удаа хэвтэн эмчлүүлсэн. Нэг удаа 14 хоног хэвтэн эмчлүүлэх боломжтой. Ирэх зургадугаар сард дахин хэвтэх байх. Анх удаа хэвтэж эмчлүүлээд бүхэл хоол идэж чаддаг болсон нь амжилт юм. Өөрөөр хэлбэл, залгих рефлекс нь сайн хөгжсөн. Түүнчлэн гараа тулаад суудаг, доошоо гараа тулж хэвтээд мөлхөх гэж оролддог болсон. Зарим хүн хүүхдийнхээ толгойгоо даах, суух, мөлхөх зэрэг хөгжлийн үйл явцыг төдийлөн анзаарахгүй өнгөрөөдөг байх. Харин хүүгийн минь хувьд эдгээр өөрчлөлт нь маш том ахиц юм. Хэрэв “Портеж” хөтөлбөрт хамрагдаагүй бол өдийд хүү минь хэвтрийн хүн ч болох байсан юм бил үү. Хүүгийн минь хөгжилд бага зэргийн өөрчлөлт гарна гэдэг миний хувьд тэнгэрээс од шүүрэхтэй л адил.
-Олонх хүний бодлоор энгийн юм шиг үйлдлүүдийг хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхэд, түүний эцэг, эх асран хамгаалагчид маш их тэсвэр тэвчээр, тууштай байдлын үр дүнд хийж чаддаг. Ялангуяа гэртээ хүүхдэдээ багшилна гэдэг амаргүй байх.
-Хөтөлбөрийн дагуу хичээллэснээр хүүгийн минь хөгжилд ахиц гарч байгаа учраас үргэлжлүүлээд сайн хичээх хэрэгтэй. Ялангуяа эмч, бариа засалчаас илүү аав, ээж нь хүүхэдтэйгээ сайн ажиллаж, зааж сургах нь чухал юм байна. Хүүхэд гэртээ ээж, аавынхаа тусламжтайгаар аливааг сурахдаа дуртай. Ийм боломж олгосонд маш их баяртай байгаа. Би хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр минь ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээдэг. Хүүгийн эмчилгээ, бариа заслын төлбөрт багагүй мөнгө зарцуулдаг байсан. Харин одоо өөрөө дасгал хөдөлгөөнийг нь сураад хүүдээ зааж сургах арга зүй эзэмшсэнээр гэр бүлийн орлогоо ч хэмнэж байна. Өөр нэгнээр хөдөлгөөн засал хийлгэх, өөрөө сураад хэрэгжүүлэх нь их ялгаатайг ойлгосон. Тиймээс ээж, аавууд өөрсдөө хүүхдэдээ зааж сургах нь илүү үр дүнтэй шүү.
-Дасгал хөдөлгөөнийг нь өөрөө сураад хүүхдэдээ заахад хэцүү зүйл тулгардаг уу?
-Тусгай дасгал хөдөлгөөн гэж байхгүй, бидний өдөр тутамдаа хийдэг үйлдлүүд шүү дээ. Тухайлбал, хүүхдийнхээ гарт халбага бариулаад хоолыг нь идүүлэх, хувцсыг нь өмсгөж сургах гэх мэт энгийн ахуйн хүрээний л зүйл зааж, дадал зуршил бий болгодог юм. Одоо хүү минь хоёр ой зургаан сартай ч хөгжлийн нас нь 9-10 сартай хүүхдийнхтэй адил учраас энэ насандаа юу хийж чадсан байх ёстой тэр бүхнийг эхнээс нь зааж буй. Дүү нь дөнгөж хөлд орсон болохоор хөдөлгөөн ихтэй. Бусад айлын хүүхдүүд ахад нь хүрэхээр харамлаж уйлдаг, ахыгаа сайн ойлгож, хайрладаг. Бяцхан хүүхэд хүртэл ийм ухаантай байхад томчууд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгож, тусалдаг байгаасай гэж хүсэж буйгаа танай сониноор дамжуулан олон нийтэд уриалъя. Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв шиг газрууд олон болоосой. Тэгвэл бидэнд хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж, арга хэмжээ авах боломж бий. “Портеж” хөтөлбөрт хамрагдсанаар хүү бид хоёр бодит үр дүнд хүрсэн учраас урамшиж, цаашдаа тууштай хичээллэхийг хичээж байгаа. Хүүгийн минь хөгжлийн түвшин ахиж, үр дүн гарах хэрээр хүүхэдтэйгээ ажиллах эрч хүч нэмэгдсэн.