Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Манай улсын гадаад бодлого аюултай зэвсэгийн лаборатори байгуулах ямар ч зорилго, төлөвлөгөө, ямар нэгэн улстай ярьсан зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. Яриа хэлэлцэл огт хийгдээгүй, энэ талаар яригдаагүй.
Хардах эрх хэнд ч бий. Ялангуяа цар тахлын үед бүхий л улс оронд зоронавирустай холбоотой хамтын ажиллагаанууд идэвхижсэн. ОХУ-ын сонинд 3-4 удаа, БНХАУ-д ч энэ талаар нийтлэгдсэн. Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй, зарчмаа ч баримталж ажилладаг. ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна. Энэ өдрүүдэд гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, хардаж болох үйл ажиллагааг нягталсан ба ҮАБЗ-д сонсгол хийх үүргийг Ерөнхийлөгч өнөөдөр өгсөн. Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэсэн үндэслэлийг сая хуралд танилцууллаа.
Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш дэлхийн даяар хэвлэлийн дайн ч эрчимтэй байна. Маш олон хардалтууд гарч ирсэн. Янз бүрийн буруу ташаа мэдээллийг албаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дурын хүн илэрхийлж болж байна. Хардах эрх бүгдэд бий. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Үүнийг ашиглаж иргэдийн бухимдлыг төрүүлэх, найрсаг харилцаатай хөрштэй нь хагалж бутаргах, ийм хардалт зөвхөн энэ сэдвээр биш бүхий л сэдвээр гардаг. Тиймээс ГХЯ энэ тал дээр богино хугацаанд нээлттэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Олон нийтийг төөрөгдүүлсэн энэ мэт олон ташаа мэдээллийг нэгтгэж, ажиглаж, ямар эх үүсвэрээр энэ мэт ташаа мэдээлэл тархаад байгааг судалж байна. " гэх тайлбар мэдээллийг өглөө.