2015 онд БНСУ-д зохион байгуулсан Дэлхийн боловсролын чуулганд оролцсон 160 орны төлөөлөгчид хэтийн хараагаа тодорхойлон “Боловсрол 2030” буюу Инчоны тунхаглалыг баталсан. Энэ нь хүүхдийн нас, хүйс, нийгмийн гарал, эд хөрөнгө, арьсны өнгө, яс үндэс, оюун ухаан, бие бялдрын болон бусад байдлыг үл харгалзан сургуульд тэгш хамрагдах эрхийг нь хүлээн зөвшөөрөх, сурах нөхцөлийг баталгаажуулах зэрэг өргөн агуулга, хүрээтэй бөгөөд эцсийн бүлэгтээ бүх хүнд хүртээмжтэй нийгмийг байгуулахад чиглэсэн тунхаглал. Тэдгээрийн дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд сургах боломжийн талаарх томоохон зорилтыг багтаасан байдаг.
Оюуны болон бие махбодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд тэгш хамрагдахын давуу тал нь тодорхой түвшинд бие даах, нийгэмшихээс эхлээд олон. Үүний тулд тухайн хүүхдийг хүлээн авах ангийн хамт олон, тэдний асран хамгаалагчид, сургуулийн удирдлага, багш нар нь харилцаа, хандлагадаа анхаарах учиртай аж. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд сургадаг практик бий. Үүний нэг нь нийслэлийн 130 дугаар сургууль юм.
Орчин үеийн, өндөр таазтай, стандартад нийцсэн гоё барилгатай, анги танхим, коридор нь уужим талбайтайн дээр зохион байгуулалт сайтай гэхчлэн барилгын хийц талаас харахад Монголдоо жишиг энэ сургуулийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьжээ. Зөвхөн байшин барилга талаасаа ч биш, хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмжтэй байлгахад анхаардаг жишиг сургууль гэдгээрээ бас онцлог. Тодруулбал, 130 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн ангид, үеийнхэн дунд нь сургах боломжтой. Түүнчлэн даунтай хүүхдүүдийг хамруулдаг анги ч бий.
Сургалтын менежер Э.Нармандахын хэлснээр тус сургууль 2017 оноос буюу таван жилийн өмнө анх 15 орчим хүүхэдтэй “Хөгжил” бүлэг нээжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын энгийн сургуульд тэгш хамруулан сургах болсон аж. Ингэснээр сурагчдын төдийгүй эцэг, эхчүүдийн хандлага, харилцаанд өөрчлөлт, ахиц гарна гэж үзсэн байна. Тэрбээр “Зорилгын маань амин чухал хэсэг нь энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгалгүй боловсролд тэгш хамруулах учраас дуу хөгжим, биеийн тамирын хичээлд бүгд хамтдаа хичээллэдэг. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй бус, энгийн хүүхдүүдэд ч эерэг нөлөө үзүүлж, энэрэнгүй, бусдыг хайрлаж, ойлгож, тусалдаг, хүндэлдэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд түлхэц болдог. Одоогоор манай бага ангийн дөрвөн бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй тус бүр нэг хүүхэд сурч байгаа. Тэдний гурав нь аутизмтай, нэг нь саажилттай. Анги хамт олон нь тэднийгээ ойлгож, үргэлж тусалдаг. Ер нь хүүхдэд багаас нь энэ талаар ойлгуулбал алсдаа нийгэмд асуудал үүсэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй нэгнийгээ хүндэлж, ойлгох ёстой, ингэснээр бүгдээрээ зөв хүн болж, тэгш сайхан амьдрах болно гэдгийг анхнаас нь сайн хэлж ухуулдаг болохоор үл ойлголцол гардаггүй. Ер нь харилцан ойлголцол сайн” хэмээсэн юм.
“АНГИЙНХАН МААНЬ НЭГНЭЭ ИЛҮҮ ОЙЛГОДОГ БОЛСОН”
Аутизм, даун болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэн, сургахдаа бусдаас тусгаарлаж бус, энгийн ангид үе тэнгийнхэнтэй нь “бужигнуулан”, биеийг нь даалгах, хувь хүнийг нь мэдрүүлэхийг хамгийн чухалд тооцдог. Одоогоор 130 дугаар сургуулийн бага ангиудын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхэд суралцаж байгаагийн нэг нь 10 настай Батаа (нэрийг өөрчлөв). Тэрбээр Э.Үүрийнтуяа багштай 2г ангид өнгөрсөн намар шилжин иржээ. Энэ ангийн 46 “цэргийн” нэг болохоосоо өмнө “Хөгжил” бүлэгт таван жил сурсан тэрбээр нэлээд өсгөлүүн аж. Зан аашийн хувьд их аядуу зөөлөн гэж багш нь түүнийг тодотгосон бол ангийнхан нь “Манай найз их хөөрхөн, томоотой шүү” гэж магтав. Хамт олон дунд хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байх нь харилцаа, уур амьсгалыг зөөлрүүлдэг, бусдыг ойлгож, хүндлэхэд суралцуулдаг талаар мэргэжилтнүүд болон ийм нөхцөлд ажилладаг хүмүүс онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ ангийн хүүхдүүдээс ч тийм зүйл ажиглагдсан юм. Тэд бүгдээрээ, ялангуяа охид Батаад чин сэт гэлээсээ санаа тавьж, тусалж, зарим нь дүүдээ зааж зөвлөж байгаа мэт тун эвлэгхэн хандах аж. Хувцсыг нь өмсгөж, тайлж, шүүгээнд хийж, дэвтэр, номыг нь цүнхэлж өгөхөөс эхлээд биеийн тамирын хичээлийн үеэр гутлаа солиход нь, завсарлагааны цагаар гээд хэзээ ч түүнийг ганцаардуулахгүй анхаарал хандуулах аж.
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ илүү өвдөж, ядрах вий, эсвэл бусдад төвөг болгохгүй зэрэг шалтгааны улмаас гэрт нь “нам гүмхэн” байлгах сонирхол, хандлагатай эцэг, эх цөөнгүй. Энэ нь буруу бөгөөд нийгэмд бие даан амьдрах чадварыг нь хөгжүүлэхгүй орхих ёсгүйг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтээгүүр, хөгжлийн бэрхшээл нь хувь хүний сурах, боловсрох, хөгжих, ахиж дэвших гэхчлэн олон эрхийг боогдуулах шалтгаан болох ёсгүй гэж үздэг. Тэгэхээр хүүхдээ энгийн ангид сургахыг эрмэлзэж буй аав, ээжүүд болон үүнийг нь ойлгож дэмжиж байгаа сургууль, хамт олон байгаад талархаад баршгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхийн тулд хамт олон дунд байлгах, ийм гишүүнтэй гэр бүлүүд харилцан суралцах нь хамгийн зөв арга болох нь олон улсын практикт батлагдсан зүйл. Тэгвэл энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахад ямар шаардлага тавьдаг талаар Э.Үүрийнтуяа багшаас асуухад “Эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдээ юуны түрүүнд эмчийн үзлэгт хамруулж, бие болон оюуны хөгжлийнх нь талаарх магадалгаа авах ёстой” гэж тайлбарлав. Мөн сургуулийн удирдлага, багш нар сурагчдыг, хамт олныг тухайн хүүхдийг хүлээн авахад тодорхой хэмжээнд бэлтгэж, бүгдээрээ л адилхан хүн гэдэг талаас нь ойлгуулах хэрэгтэй” гэсэн.
Боловсролын байгууллагад есөн жил ажилласан туршлагатай Э.Үүрийнтуяа багшийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй анх удаа ажиллаж байгаа нь энэ юм. Есдүгээр сараас хойш багагүй хугацаа өнгөрч энэ хичээлийн жил дуусах дөхөж байна. Өнгөрсөн хугацаанд ямар туршлага, мэдлэг хуримтлуулав, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж, нийгэмшүүлэх, хамт олонтой нь холбоход юунд анхаарч ажилласан талаар нь түүнээс лавлахад “Батааг анх орж ирэхэд хүүхдүүд маань сонжих, гайхах маягтай байсан ч удалгүй зүгээр болсон. Нэг охин бүр эхний өдрөөс л тусалж, хувцсыг нь шүүгээнд хийж, цүнхийг нь онгойлгож өгсөн. Гэхдээ эхэн үедээ түүний талаар анги дүүрэн яриа гардаг байлаа. “Багш аа, тэр хүүхэд ингэсэн, тэгсэн” гэхчлэн шулганалдаад л угтана. Тэгэхээр нь би нэг өдөр “Энэ найзын чинь бие их өвддөг. Та нар ганц өдөр өвдөж, халуурахад ямар хэцүү байдаг билээ. Та нарыг өвдөхөөр аав, ээжийнх нь санаа их зовдог биз дээ. Тэгвэл түүний бие өдөр бүр өвддөг учраас та нар найзыгаа ойлгож, хайрлаж, өрөвдөх хэрэгтэй” гэсэн. Тэгтэл хүүхдүүд “Намайг өвдөхөөр ээж минь нойргүй хонодог” гээд яриа өрнүүллээ. Ингэж ярилцаж байгаад “Тэгэхээр та нар бүгдээрээ адилхан байгаа биз. Батааг нэг өдөр ч гэсэн өвдөхгүй байгаасай гэсэндээ ээж нь сургуульд сургаж байгаа юм. Гэтэл та нар түүнийг “ингэлээ, тэглээ, болохгүй байна” гэхээр яах юм бэ” гэж тайлбарласан. Маргааш өдрөөс нь ангийн уур амьсгал нэг л өөр, зөөлөн болчихсон. Одоо бол бүгдээрээ л найзынхаа төлөө сэтгэл тавьж, энд тэнд үзэг, дэвтэр нь байвал “Батаагийнх” гээд хямгадах жишээтэй. Олон хүүхэд бужигнаад, үймэх хооронд ангийн маань хэн нэгэн Батаагаа харж хандаад, хөтлөөд зогсож байдаг, үнэхээр хайр хүрэм. Миний хувьд өмнө нь хэд хэдэн анги дааж байсан ч энэ удаа ийм хүүхэдтэй ажилласнаар багшийн хувьд маш их туршлага хуримтлуулж, их зүйлд суралцаж байгаа. Ер нь ажиглаад байхад багш, сурагчгүй нэгнээ илүү ойлгодог, бас уян хатан, зөөлөн болдог юм байна” хэмээн ярилаа.
Харин Батаагийн хувьд шинэ хамт олны дунд орж, энгийн ангийн сурагч болсноороо нээлттэй, нөхөрсөг хандлага нь нэмэгдэж байгаа аж. Тэрбээр 35 үсэг, тоогоо сайн нүдэлсэн, холбож уншиж чаддаг, буруу үйлдэл гаргавал түүнийгээ ухамсарлаж, хүлээдэг бөгөөд заримдаа багштайгаа аминчлан ярьж “Намайг ингэсэн гэж та битгий “хов” хүргээрэй” хэмээн захидаг гэсэн.
2г ангийнхан 13.30-16.20 цагт хичээллэдэг бөгөөд гуравдугаар цагийн завсарлагаанаар үдийн хоолоо иддэг юм байна. Сургуулийн гал тогооноос хоол ирэхэд хүүхдүүд аяга, халбагаа бэлдэж, цуван зогсов. Багш нь, бас сурагч охид Батааг мөн л халамжилна. Энэ хооронд Энх-Эгшиглэн, Оюут зэрэг охин түүнд хэрхэн тусалдаг талаараа уралдан ярьж байлаа.
ХАЙР ТАТАМ “ХӨГЖИЛ”-ИЙНХӨН
130 дугаар сургууль бага болон ахлах ангийн нийт 2200 гаруй сурагчтай. Тэдний нэгээхэн эд, эс болсон “Хөгжил” бүлгийг зорив. Нэгдүгээр давхарт байрлах энэ ангид даунтай хүүхдүүд сурдаг. 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэлт авчээ. Ингэснээр “Хөгжил”-ийн тавдугаар ангийнхантайгаа нийлээд даунтай 30 орчим хүүхдийг ерөнхий боловсролын сургалтад хамруулж байна. Эдгээр ангийн хувьд үндсэн болон туслах багштайгаар үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. МУБИС-ийг тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, 130 дугаар сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж буй Э.Алимаа “Хөгжил” бүлгийн нэгдүгээр ангийн үндсэн багш юм байна. Тэрбээр “Энэ хичээлийн жилд элсэлт авсан шинэ анги маань янз бүрийн насны 13 сурагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд тэгш хамруулах, боловсролыг хүртээмжтэй олгох нь маш чухал. Хэдийгээр ангийнхан маань тусдаа танхимд хичээллэдэг ч дуу хөгжим, биеийн тамирт бусад ангийнхантайгаа буюу энгийн хүүхдүүдтэй хамтдаа ордог нь давуу тал. Энгийн хүүхдүүдтэй хамт сургаж байгаа гол зорилго нь нийгэмшүүлэх учраас ингэж хичээллүүлдэг. Даун, аутизм, сонсгол, харааны гэхчлэн хөгжлийн бэрхшээлийн талаар мэдэхгүй, ойлголтгүй хүүхдүүд, тэр ч бүү хэл томчууд гайхаж хандах нь бий. Манай сургуулийн хувьд өдөр бүр шахам холилдоод, хамтдаа хичээллэдэг учраас гайхаж, ширтэж, дагуулж харах зэрэг нь харьцангуй бага. Харин ч энэ хэдэн хүүхдийг хөтлөөд анги танхимд нь хүргэж, ярьж, аль болох тусалж, дэмжих гээд байгаа нь мэдрэгддэг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдаас өөрөөр харахгүй, ялгаварлахгүй байх хандлага чухал. Үүнд сэтгэл л хэрэгтэй. Даунтай хүүхдүүд өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаг, бусдыг ч ойлгодог” хэмээн ярив. Биднийг ярилцах зуурт туслах багш С.Эрдэнэхүү хүүхдүүдтэйгээ хичээлээ үргэлжлүүлж, нэгбүрчлэн ажиллаж байлаа.
Даунтай хүүхдүүд хүнд илүү элгэмсүү, байнга тэвэрч, инээмсэглэн сэтгэлээ илэрхийлдэг онцлогтой гэдэг. Үнэхээр л “Хөгжил”-ийн хүүхдүүдийн нүүрэнд үргэлж инээмсэглэл тодорч, нэгнийгээ, багшийгаа, биднийг ч тэвэрч нүд рүү ширтэх нь өхөөрдөм. Э.Алимаа багш “Энэ хүүхдүүдээс хүнийг хайрлаж энэрэх ухааныг сурдаг” гэж хэлснийг онцолмоор, хүмүүст түгээмээр санагдлаа. Ташрамд өгүүлэхэд, МУБИС 2015 оноос тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилд тус бүр 25 хүн төгссөн гэнэ.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ