Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан эмнэлгийн орны хүрэлцээ, тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Улсын хэмжээнд жилдээ 120-130 мянган хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвддөг. Томуу, төст өвчний дэгдэлт их байгаа учраас эмнэлгийн ор хүрэлцэхгүй, хүүхдүүд кордорт хэвтэж байна гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг асуудлыг шийдэхээр нийслэлийн есөн дүүрэгт амбулатори уртасгасан цагаар ажиллаж, ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орнуудыг хүүхдийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлсэн.
ЭХЭМҮТ-д ачаалал их байна. Мөн амбулаторид ирж буй хүмүүсийн дийлэнх нь ажлын бус цагаар ирэх тохиолдол их гарч байна. Яармагт нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулсан. Энэ жилээс үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Энд 500 ор дэлгэсэн боловч хол зайтай гэх шалтгаанаар иргэд хандахгүй байна. Тэнд 500 ортой бэлэн эмнэлэг байгаа тул ЭХЭМҮТ дээр ачаалал үүсгэх шаардлагагүй, чөлөөтэй байгаа эмнэлэгт нь хандах боломжтой" гэсэн юм.