ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр, "Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлнэ. Энэ аяны хүрээнд тодорхой чухал шийдвэрүүдийг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Тухайлбал, Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай засгийн газрын тогтоол батлагдлаа.
Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргаж байна. Тодруулбал:
- Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
- Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Эдгээр ээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг Засгийн газар төлөхөөр шийдвэрлэлээ.
Мөн газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг бусад нутгаас илүү өндөр хураадаг болно. Хуулийн төслийг боловсруулан удахгүй УИХ-д өргөн барина. Газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй биш, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бодлогыг Засгийн газар барьж байна" гэж мэдээллийг өглөө.