Амьтдыг ашиг олз олох хэрэгсэл болж байхад нь өлсгөн тамлаж, зодож цохиж, хөлгүй болгож, хэрэггүй болохоор нь эд эрхтэн, арьс, үсгийг нь зарж, бүр хайхрахгүй хаяж үхэхэд хүргэсний төлөө хүлээлгэх хариуцлага гэж байна уу? Олон төрлийн хориг байсан ч энэ усан бар жилийн босгон дээр уг амьтан жигтэйхэн эрэлт хэрэгцээтэй болж, чинээлэг хүмүүс тэднийг ер бусын бэлэг өглөг болгох болов. Энэ бүхний хажуугаар ховор, махчин амьтдыг хууль бусаар наймаалж байгаа тухай мэдээлэл сонсогдов. Бүр Дэлхийн “Улаан ном”-д орсон, устаж үгүй болохын даваан дээр очоод байгаа Амурын бард ч ийм тавилан оногджээ. 2022 оны эхнээс л мөнгө, захиалагчийн араас улайрсан Оросын влогчид хянан шалгах байгууллагын хараанд өртжээ. Залуу эх нэг ой хүрсэн хүүхдээ хүрэн баавгай авчирсныг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд байршсаны дараа Мытиц хотын прокурорын газар шалгалт хийсэн байна. Энэ нь Лера Изумруд нэрээр олонд танил болсон Валерия Татаринцевагийн “бэлэг”-ийн тухай ярьж буй хэрэг. Эмэгтэй ийм аргаар хүүхдээ баярлуулахаар шийджээ. “Баавгай гэртээ авчирна гэж би амласан байсан. Бичлэгийг нэг цагийн дотор 700 мянган хүн үзсэн. Тэгснээ больчихсон, хүмүүс миний үйлдлийг аюул, осолтой гэж үзсэн юм билээ”. Энэ эмэгтэй хүүгээ ямар аюулд өртүүлэх гэж буйгаа ухаарсангүй. “Баавгай дөлгөөн амьтан байсан бөгөөд сургагч нь хамт иржээ. Тэр зэрлэг араатанд хушуувч ч хийгээгүй, хэрэв уурлаж дайрвал хүзүүнд нь байгаа хөтлөх оосроос өөр хамгаалах ямар нэг хэрэгсэл байсангүй. Хамгийн дуулгавартай араатан ч уур нь хүрсэн агшинд ойр хавийнхаа хүмүүс рүү төдийгүй сургагч руугаа дайрсан тохиолдол олон байдаг. Дөрвөн сартай барын бамбар Москва мужийн Димитровын дүүргийн Ермолино тосгонд нэгдүгээр сарын эцсээр эзэнгүй явж байсан гэнэ. Түүнийг барьж автал гэрээ хүнгүй орхихгүй байхыг цагдаа нар хийгээд анчид тосгоны оршин суугчдад анхааруулжээ. Бамбарын эзнийг удалгүй олов. Тэр хүн ч бамбар алга болсныг нийгмийн сүлжээнээс мэдсэн байжээ. Тэрбээр Красная Горка тосгонд суудаг аж. Бамбар 25 километр замыг хүний нүдэнд өртөхгүй хэрхэн туулсан нь гайхмаар. Гэртээ тэжээхийг хориглосон амьтны нэрийг Холбооны Засгийн газар хоёр жилийн өмнө гаргачихаад байхад жирийн сууцанд аюултай араатан агуулж байсан нь сонирхол татна. Уг жагсаалтад арслан, бар, чоно, баавгай, варан (аварга гүрвэл) болон тэжээвэр болгох нь тун ховор байдаг оцон шувуу, цөөвөр чоно хүртэл оржээ. Засгийн газрын энэ шийдвэр 2020 оноос өмнө худалдаж авсан амьтанд хамаарах нэмэлт тайлбар бас бий гэнэ. Тэгвэл дөрвөн сартай бамбар уг тайлбарт яагаад ч хамаарахгүй нь ойлгомжтой. Энэ үйл явдлаас өмнөхөн Москва мужийн Думийн газар тариалан, хэрэглэгчдийн зах зээлийн хорооны дарга Сергей Керселя хууль зөрчсөний төлөө хүлээлгэх торгуулийн хэмжээг нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Нэрсийн жагсаалтыг үл тоомсорлосон хүнд оноодог торгууль ердөө мянга хүрэхгүй рубль. Хар захаас хэдэн зуун мянган рублиэр амьтан худалдаж авч байгаа хүнд ийм торгууль юу бодогдуулах вэ дээ. Амьтан хамгаалагчдад байгаа баримтаар бол ховор амьтантай зургаа авхуулж хүмүүсийн сонирхлыг татах гэсэн ухаалаг биш эрмэлзэл нь ан амьтны амь, эрүүл мэндийг аюулд учруулж байдаг. Зураг авдаг газрын хурц тод гэрэл, зураг авах үед гэрэл гялсхийлгэдэг нь тухайлбал, барын хараанд муугаар нөлөөлж, даруйхан тохирох эмчилгээ хийлгэхгүй бол сохроход хүргэдэг байна. “Ирвэсийг зураг авхуулахад ашиглах гэж байгаа тухай мэдээ хэдхэн өдрийн өмнө Екатеринбургээс авлаа. Нэг цагт барын бамбарууд эзэндээ 15 мянган рублийн орлого оруулдаг гэнэ. Бүтэн өдөржин дугаарладаг аж. Нялх бамбар хар зах дээр 300 000-аас нэг сая рублиэр үнэлэгддэг байна. 3-4 хотоор явахад л энэ үнийг нөхөөд олчихно. Ингээд цаашдаа хэрэггүй болсон тэдгээр амьтан дэвсгэр юм уу, чихмэл болно. Эдгээр нь ч амьд амьтнаас дутахгүй үнэ хүрнэ” гэж “Намайг авар” амьтан хамгаалах сангийн тэргүүн Карен Даллакян ярьсан байна. Ийм үйлдэл хийдэг, ийм ажил эрхэлдэг хүмүүст оноох ялыг Оросын Эрүүгийн хуульд заачихсан байгаа. “ОХУ-ын Улаан ном”-д орсон ховор, зэрлэг амьтан, усны биологийн нөөцийг хууль бусаар барьж, ашиглавал…” гэсэн заалтад ялангуяа нийгмийн сүлжээнд энэ тухай баримтаа байршуулсан бол зургаа хүртэл жил хорьж, хоёр сая рублиэр торгохоор тусгасан байдаг. Хэрэв адгуус амьтанд хүч хэрэглэж, элэг барьсан бол Эрүүгийн хуульд “Амьтанд догшин хэрцгий хандах” гэсэн тусгай заалт ч бий. Ийм тохиолдолд гурав хүртэл жилээр хорьж, томоохон торгууль онооно. Гэхдээ дээр өгүүлсэн шийтгэл, торгуулийг хар зах дээр амьтан наймаалж буй олон тэрбумын мөнгөний эргэлттэй яаж харьцуулах вэ дээ. Орост амьтан дамлан зарах үйлдэл хар тамхи, зэвсгийн наймааны дараа орж байна гэж шинжээчид үздэг байна. Үхэр хараацай гэдэг усны амьтныг олон зуун тонноор нь зардаг. Хятад руу их гаргаж байна. Энэ бол маш ашигтай бизнес. Хууль бус үйлдлээ хуульд нийцүүлэхийн тулд түүнийг зэрлэг амьтны тоонд оруулна. Амьтныг арилжих өөр нэг хувилбар нь тэднийг гаднаас оруулж ирэх. Ийм хэргээр Оросын нэг дамын наймаачин өнгөрсөн жил Бразилд баривчлагдсан гэж малын эмч Карен Даллакян онцлов. Сан-Паулу, Санта-Катарины ойгоос өөрөө барьсан варан, мэлхий болон өөр 200 гаруй амьтныг Бразилаас авчирсан Петербургийн биологч Кирилл Кравченко 2021 онд колонид 11 жил хоригдох ял авчээ. Хэвлэлд мэдээлснээр бол тэрбээр 10 гаруй жил амьтны наймаа хийсэн байна. Шинэ Зеланд, Австрали, Япон, Мексик болон өөр олон орноос амьтан зөөж авчирсан. Түүнээс 100 мянган рублиэр амьтан авах хүн Орост олон тааралдана. Амьтны наймаа хийгээд, амьтан тамласны төлөө бодит шийтгэл хүлээх нь тун ховор. “Манайд амьтанд яг л цүнхэнд хандаж байгаа мэт байдаг. Амьтанд хүнлэг бус хандаж буйг нотлоход их төвөгтэй. Хэрэв хүүхдийнхээ нүдэн дээр амьтны толгой тасалсан бол баталж нотолж болно, харин үүнийг нууцаар хийвэл хариуцлага хүлээлгэхэд хэцүү” гэж Оросын зэрлэг амьтан хамгаалах “Велес” төвийн тэргүүн Александр Фёдоров үзэж байна.
Амьтанд зэрлэг догшин хандаад шоронд суусан тохиолдол шүүхийн практикт бас бий. Краснодарын хязгаарт 18 настай хүү амьтан арилжаалж амь зуух гэж оролдоод 2021 оны зун зургаан сар хоригдох ял авсан байна. Дагестаны Избербаш хотод амьсгал хураасан амьтан олдсон. Арслангийн зулзагыг хуучин саравчинд хаяад орхисон байсныг тэндхийн хүмүүс тэжээж байв. Тэгсэн чинь тэр амьтны хойд хоёр хөл нь хатангиршаад арьс нь цоороод яс нь гарчихсан, ходоод нь хоол боловсруулж чадахгүй, шарх нь идээлчихсэн байжээ. “Арслангийн зулзаганы эд, эрхтнийг ардын эмнэлэгт ашиглахаар Хятад явуулах гэж байтал цар тахал гараад чадсангүй. Тэгээд тэр амьтныг хайхралгүй хаясныг бидэнд хүмүүс хэлж, Челябинск рүү хүргүүлсэн. Хөдөлгөөнийг нь хязгаарлах гэж хөлийг нь битүү боочихсон байв. Зулзагыг хоёр сартайгаас нь Туапсед зураг авахад ашигласан юм билээ. Тэгээд Умард Осет руу зарагдсан байхад нь амьтан худалддаг бүлэгт орсон байсан хүү тааралджээ” гэж Карен Даллакян болсон явдлыг ярьсан юм. Зулзага зэрлэг байгальд бие дааж амьдрах болсон тул нэгэн бизнесмений санхүүгийн дэмжлэгээр Африкийн энэ амьтныг төрөлх оронд нь буцааж хүргүүлжээ. Түүнийг 2021 оны намар Танзанид онгоцоор аваачсан байна.
Цар тахлын нөхцөлд зэрлэг амьтан адгуулдаг газрууд тэднийгээ зарах болжээ. 2020-2021 онд олныг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосноос нүүдлийн зоопарк, циркүүдэд амьтанд хэрэггүй болов. Тэднийг хоосон тэжээгээд байлтай биш. Зарим нь гэрт тэжээж байсан амьтдаа “сайн хүмүүс”-т өгч зураг хөрөг авхуулахад ашиглуулах болов. “Үнэг гэрт нь чөлөөтэй гүйж явдаг гэж ярих хүнд бүү итгэ. Амьтныг гэрийн нөхцөлд ихэнхдээ торонд байлгаж, богино хугацаагаар салхинд гаргаж, зугаалуулдаг юм. Илбэнх гэж амьтныг бас орлогын эх үүсвэр болгож байна. Түүнийг ихэд эрх чөлөөтэй байлгавал ааш зан сайтай, орчин нөхцөл нь санаанд нь нийцэхгүй бол хүний гараас зуураад авна. Тиймээс хүмүүс түүнээс татгалзах болсон гэж дээр өгүүлсэн “Велес” төвийн дарга Александр Фёдоров ярилаа. Хүний амьдардаг орон гэр, зэрлэг амьтдын орших орон зай биш гэдгийг тод харуулсан явдал Ленинградын (Санкт-Петербург) “Велес” төвд болсон байна. Цар тахал эхэлж, циркийнхэн тоглолт хийхээ больсноос амьтан сургагч Светлана Волкова илбэнх, камерун ямаа, эм баавгайгаа Острогожийн дүүргийн тосгонд байх гэртээ авчирчээ. Амьтдыг сайн хооллож, ундалж, асарч хамгаалж байсан ч харанхуй саравчинд давчуу байранд байлгах нь тун зохимжгүй байдаг аж. Тухайлбал, эм баавгайг сүүлийн хэдэн жил 1.3 метр өргөн, нэг метр өндөр буюу уг амьтан арай хийж багтах торон дотор байлгажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сургагч нь нас барж, амьтдыг харж хандах хүнгүй болсон тул
Бэлтгэсэн Р.Жаргалант