Үндэсний төв номын сангийн шинэ байрыг ашиглалтад оруулах дөхөж буй, Соёлын яамнаас “хуучин” төв номын сангаас ном, судруудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулсан гэх зэрэг мэдээллийн мөрөөр уг барилгыг зорин очлоо. Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, олны мэдэхээр АНУ-ын ЭСЯ-ны урд босгосон уг байшин хэрвээ ярьдаг сан бол юу, юу гэх бол хэмээн хамгийн түрүүнд бодогдов. 2008 оноос сураг нь гарч, улмаар хөрөнгө нь бэлэн тул ядах юмгүй сүндэрлүүлнэ хэмээн тооцоолсон уу, тухайн жилд шавыг нь хүртэл тавьсан юм даг. Кувейт улсын Засгийн газраас 20 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, дээр нь Засгийн газраас багахан хэмжээний хөрөнгө нэмээд болчих юм хэмээн тайлбарлаж байсан төсөл яагаад ч юм гацчихсан. Буцалтгүй тусламжийн хөрөнгө хаачсан байв. Хэн нэгэн түр хэрэглээд, буцааж өгсөн үү. Эс бөгөөс ор мөргүй алга болсон тул Засгийн газар “урд, хойд хормой” гээч тоглоом тоглосон уу. Юутай ч энэхүү ажлыг гараанд нь гаргаснаас арав гаруй жилийн дараа барианд хүлээж авах нь бололтой. Эдүгээ дотоод заслын ажлыг хийх үлдсэн гэж харагдаж байгаа ч, өчигдрийн байдлаар бол энэ онд багтааж ашиглалтад өгөх л юм байх даа гэхээр санагдав
Захиалагч Соёлын яам барилгын ажлын явц 70-80 хувьтай хэмээн тодорхойлж байна билээ. Гүйцэтгэгч “Акми холдинг”-ын зүгээс ч гэсэн үүнийг энэ онд бүрэн ашиглалтад өгөхөөр ажиллаж байна хэмээсэн. Барилгыг тендерт анхлан шалгарч, эрх авсан “Эгэл” ХХК-ийнхны зургаар барьсан нь харагдаж байлаа. Гадуурх хашааг нь буулгаснаас хойш анзаарсан иргэд загвар талаас нь шүүмжилж эхэлжээ. “Бас ил дөрвөлжилж өрсөн шилэн байшин болж. Соёлын чиглэлд үйл ажиллагаа явуулах барилга байшингийн загварт бага зэрэг ч болов утга, уянга нэмэх нь агуулгыг тодотгомоор. Гэтэл энэ нь шүүмжлээд байдаг Чингис хааны музейн барилгархуу хав дөрвөлжин юм болсон байна” гэсэн нь ч бий. Одоо загварын тухай ярих бол оройтсон. Гагцхүү төв номын сан үйл ажиллагаагаа аюулгүй орчинд үйлчлүүлэгчдийн тав тухыг өмнөхөөс илүү хангах байдлаар явуулах шаардлагад нь нийцсэн барилга хүлээлгэж өгөөсэй билээ. Үндэсний төв номын сан нь монгол үндэстний төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, шинжлэх ухаан, судалгааны гар бичмэл, барламал эх сурвалжууд, алт, эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном, судрыг хадгалдаг улсын онцгой обьект. Энэ үүднээс нь хандаж “Акми холдинг”-ын захиралтай холбогдож галын аюулгүй байдлыг хэр хангасан талаар тодруулсан юм. Тэрбээр “Бид “Монгол базальт”-ын шилэн хөвөнгөөр шаардлагатай хэсэгт дулаалсан. Энэ материал бол галд тэсвэртэй. Хөөсөөр дулаалсан барилга шатаад буй энэ үед хэн хүнгүй асууж, шалгаах нь зөв. Шаардлагатай бол бид зориулалтын шилэн хөвөн галд аль хэр тэсвэртэйг харуулж, тайлбарлаж болно” гэлээ. Барилгын дээд давхраас төмрийн хөрөөний чимээ сонсогдсон тул очиход хэдэн залуу юу ч юм хийж байлаа. “Үндэсний номын ордны шинэ цогцолбор барих” төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгаран, ажиллаж буй “Акми холдинг” компанийнхан юм байх гэтэл үгүй аж. Тэд УДЭТ-т удахгүй шинээр тавих жүжгийн тайз угсарч буй гэнэ. Гаднын хүмүүс тул номын сангийн барилгын талаар юу ч мэдэхгүй. Юутай ч манай улсын үндэсний төв номын сан шинэ байртай болох нь. Номын сан 1951 онд ашиглалтад оруулах үед 500 мянган номтой байсан бол эдүгээ гурван сая гаруйтай болжээ. Есөн фонд, уншлагын таван танхимаар уншигчдад үйлчилдэг. Шинэ барилга 11 давхар бөгөөд 1-3 дугаар давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд байх аж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, гэр бүлийн, уншлагын болон интернэт орчинд ажиллах өрөө ч бий. Таваас дээш давхарт нь үндсэн фондууд байрлах юм билээ. Соёлын яамнаас байгуулсан үндэсний номын санг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийнхэн нүүлгэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргаж, тооцоо, төсөв хийж буй юм байна. Нүүлгэхдээ хилийн цэргийнхний хүчийг дайчлахаар ярьж байгаа гэсэн. Гадаадын өндөр хөгжилтэй, эртний түүх, соёлт улс орнууд баялаг фонд бүхий төв номын сангаараа, үйл ажиллагаагаар нь, барилгынх нь ухаалаг зориулалт, загвараар нь хүртэл бардамнаж “даналздаг” соёлтой. Манай улсын төв номын санд ном, бүтээлүүд нь багтахаа байсан, барилга нь хуучирсан болохоос үүх түүх, онцгой содон ном, судар, фондын бүрдэлт зэргээрээ бол бас л жин дардаг билээ. Гагцхүү байрыг нь шинэчлэхдээ өмнөх шиг нь, загварыг нь харахаас хайр хүрмээр, нандин шийдэлтэйгээр бүтээн байгуулж болсонгүй юү гэж асуумаар санагдлаа.