Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хохирогч болсон иргэдийн төлөөлөл Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. Өмнө нь тэд Баянзүрх дүүргийн ЗДТГ, нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай хэдэнтээ уулзсан ч гомдлыг нь авч хэлэлцээгүй гэнэ. Тиймээс бүтэн жил балгас болсон халаалтгүй байранд амьдарсан иргэд Хүний эрхийн үндэсний комисст ханджээ.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа тэднийг хүлээн авч, бодлогын шийдэл гарц байгаа эсэхийг ярилцав. Уулзалт, ярилцлагад Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга Б.Оюунтуяа, ахлах мэргэжилтэн А.Баттөмөр, "Эмнести интернэшл" байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, зохицуулагч П.Мөнхжаргал нар оролцов.
"Эмнести интернэшл" байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодитоор хэрэгжүүлэхэд хотын үе үеийн удирдлага хойрго хандаж буйг шүүмжлэв. Харин хохирогч Ж.Мөнхцэцэг "Хангамжийн 27 айлын нийтийн байрыг дахин төлөвлөж, шинээр барилгажуулах НИТХ-ын шийдвэр гарсан. Төсөлд "Ансестор" компани шалгарсан. Гэвч Хангамжийн байранд амьдардаг 27 өрхөөс хоёрхон хөгшнийг сонгож, хоёр өрөө байрны нэг нэг өрөөнд оруулсан. Бусдыг нь үл хэрэгсэж, хэн ч тоож орохгүй байсан газарт чинь бид орж барилгажуулах гэж байна" гэх зэргээр дээрэнгүй хандсан. Орох оронгүй болсон бид тэмцэл хийж байж, сард бүр 250 мянган төгрөг авахаар болсон. Гэтэл намайг та Хангамжийн энэ байраа сард 100 мянган төгрөгөөр түрээслүүлдэг юм билээ. Бид таны эл орлогыг нэмэгдүүлж сард танд 250 мянган төгрөг төлөх гэж байна хэмээсэн. Би эл байрныхаа ордерийг таван сая төгрөгийн барьцаанд гадаадад суралцдаг хүүгийнхээ төлбөрийг төлсөн. Энэ байранд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон голдуу эмэгтэйчүүд л амьдардаг. Гэтэл дахин төлөвлөлтөд оруулах нэрээр байрны халаалтыг зогсоосон. Ковид гарч улсаас тог цахилгааны төлбөрийг хөнгөлсөн тулдаа бид осгож үхэлгүй аргацаасаар өвлийг барсан" хэмээн ярилаа.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц нийслэлд 344 бий аж. Харамсалтай нь хотын захын ийм газруудад дахин төлөвлөлт хийх компани олдохгүй байгааг Хот байгуулалт, хөгжлийн газрынхан учирлав. Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулгаж, газрыг чөлөөлөх, нүүлгэсэн иргэдэд өөр байр түрээслэх зардлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч компани даах ёстой. Төр ийм эрх үүрэг байхгүй гэв. Улмаар иргэд нэгдмэл байр суурьтай байх ёстойг анхааруулав. "Ансестор" компанийнхан ч иргэдтэй тохирч чадаагүй шалтгаанаар төслөөс гарчээ. Угаас эл компани барилгын бус хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж аж. Мөн санхүүгийн чадамжгүй гэх "шуум" иргэдэд хүрсэн учраас эл компаниас татгалзахад хүрчээ.
Өдгөө тус Хангамжийн байранд 11 өрх амьдарч буй. "Түшиг хангай" компаниас өнгөрсөн жилийн намар тус нийтийн байрны халаалтыг зогсоожээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас хоёр ч удаа халаат авах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй гэнэ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа талуудыг байр суурийг сонсож, нийслэлийн удирдлагад ойрын өдрүүдэд албан бичиг, шаардлага хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна гэж үзээд энэ чиглэлд судалгаа хийнэ гэв. Улмаар тав, зургадугаар сард хотын удирдлагыг урьж, хэлэлцүүлэг зохиохоор төлөвлөж буйгаа дуулгалаа. Мөн шаардлагатай бол гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалж, хүний эрхийн тайланд тусгах аж.