Халтар манан дундаас урины наран хөлбөрч буй хаврын дунд сарын энэ л өдрүүдэд цар тахлын шуурга биднээс алхам алхмаар алсарч байна хэмээн өөрийн эрхгүй бодогдоно. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Ийм л хав рын гэрэлт өдрүүдээр өврийн сайхан хангай, хонгор нутгийн зон олондоо ажил байдлаа танилцуулах зорилго өвөрлөн, нийслэлийн бараа алсрах Эмээлтийн даваагаар давав. Цар тахлын хатуу чанга дэглэмд Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого чиглэлээ танилцуулах, ард иргэдийнхээ ахуй амьдралтай биечлэн танилцах боломж тэр бүрий тохиосонгүй өнөөдрийг хүргэжээ. Их хотоос гараад Баянцогт, Лүн гээд дав хиж явахад хаврын урин хэдийн ирсэн ч эрхбиш өвлийн өсгий дор үлдсэн жалгын хунгар, тарлан цасны амьсгаа үе үехэн жавар үнэртүү лэн харагдах нь өвлийг санагдуулна.
Энэ тунгалаг цаг дор Монгол Улсын Засгийн газар цар тахлын дэглэмийг шар түвшинд шилжүүлж, иргэд маань цагийн сайхныг мэдрэн, уулзаагүй удсан ахан дүүс, учраагүй алсарсан анд нөхөдтэйгөө хөөрөг зөрүүлэн тухлах боломжтой болжээ. Үүний л нэгэн адил манай баг хамт олон довтолгож яваа нь энэ. Хэдийгээр аюулт өвчний дэгдэлт, хараа хяналтад байсан ч өвөл цаг өнтэй байж нуруу шилээ харуулжээ. Ийнхүү алтан шар зам зуур нутгийн хүмүүстэй мэнд мэдэхэд аяндаа амьдрал ахуй мэдэгдэнэ. Өнгөрөгч өвөл өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадаж, 17 мянган төгрөгт хүрсэн гэх яриа ч чих дэлсэхийн зэрэгцээ малчдын бэлтгэсэн өвс, тэжээл чамгүй дундарсан ньнүднээ илхэн харагдах нь айсуй урт хаврыг хэрхэн давах бол гэх зовнилыг бий болгоно.
Хол зам туулж яваа хүмүүс юу эсийг ярих билээ. Бараачлан өнгөрөх суурин, туурь, цаашлаад уул усны домог, тухайн нутгийн алдартан, хүн зоны онцлог гээд мэдэх хийгээд эс мэдэх зүйлээ ярьж сонсож явав. Ярианаас онц лон хүргэхэд Хар бухын балгасын тухай яриа байв. Түүхийн хоёр цаг үед холбогдох энэхүү туурийг XIX зуунд илрүүлсэн, гурав дахь судалгаа, малтлагаар гойд үнэтэй олдвор болох монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн ном олсон гээд яривал Арвайхээр хүрэх хугацаа багадна. Бид ийнхүү аян замаа нэлээд эвхсэний дараа Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг “Цогт тайж”-ийн зургийг Хар бухын балгаст авсан гэдгээр энэ тухай яриа өндөрлөсөн юм.
Аажуу уужуухан гарсан бид түрүүлж гарсан хэдтэйгээ монгол зоны сайн мэдэх Эл сэн тасархайд нийлж аваад, нэлээд орой Арвайхээрт хүрлээ. Хаврын тэнгэр хартай, үе үе явган шуургатай, авто замын эвдрэл ч оройтоход нөлөөлсөн байж мэднэ. Аймгийн төвд орж байгааг “Тавтай морилно уу” гэсэн хаалга мэдэгдэв. Гэхдээ энд нэг сонин зүйл бий. Бусад аймаг нэг л хаалгатай байдаг бол Арвайхээр хоёр хаалгатай аж. Манайхны нэг нь “Аан, түрүүнийх таамбарынх нь хаалга байж” гэж хошигносон нь эрхгүй инээд хүргэнэ. Ер нь аймгуудыг сургууль, цэцэрлэгээ засаж тордохын оронд гоё ганган хаалга барьдгийг ойлгоход бэрх, угаасаа их ойлгомжгүйн дээр буруутгах, зөвтгөх боломжгүй зүйл мэт санагдах үе ч байдаг. Гэхдээ л газар мэдэхгүй, явж үзээгүй хүнд бол аль аймгийн нутагт хөл тавьж байгаагаа мэдэх томоос том тэмдэг ч юм шиг.
Энэ нутгийн хилийн дээс алхаад нэгэнт үдэш болсон учир бид амраад өглөө болоход Арвайхээрт Улаанбаатартай адил төстэй нэг зүйл байгааг мэдэрлээ. Тэр нь утаа байв. Айм гийн удирдлагуудын толгойг ирэх жилүүдэд нэлээд гашилгах, нэн тэргүүнд шийдэх асуудал энэ байж таарна биз ээ. Гэхдээ Арвайхээрийн төвөөр явахад барилга байшин нэмэгдэж, өнгөн талдаа бол хөгжжээ. Харин иргэдийн, албан хаагчдын амьдрал ахуй хэвэндээ байх шиг санагдав. Албан томилолтын дагуу Хууль, зүй дотоод хэргийн яамны харьяа агентлаг, газрынхаа ажиллагсдыг цуглуулж, уулзлаа. Хийсэн ажил, хийх ажлаа ч танилцуулав. УИХ, Засгийн газрын баримталж буй бодлогыг ч давхар ярилаа. Албан хаагчдын цалинг нэмэх, ажлын ачааллыг бууруулж, орчин нөхцөлийг сайжруулах шаардлага Өвөрхангайд гэлтгүй Монгол Улсын хэмжээнд бий. Цалинг нэмнэ ээ. Ажлын нөхцөлийг ч сайжруулна. Техник хангамжийг ч нэмэгдүүлнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа хүлээн авснаас хойш нэг жил найман сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд зөвхөн цагдаагийн байгууллагаар жишээлэхэд, орон тоог 1700-гаар нэмж, 300 автомашинаар хуучныг нь сэлбэсэн, гар доорх хангамжийг сайжруулсан гээд багагүй ажил амжуулжээ, манай яамныхан. Өнөө жил бид ажлын орчин нөхцөлийг сайжруулахад түлхүү анхаарах зорилттой. Албан хаагчдынхаа сууж байгаа барилга байшинг сайжруулъя, үгүй ядаж өдөржин согтуу хөлчүүгээс авхуулаад элдэв хүнтэй, муу муухайтай ноцолдохдоо өмссөн хувцастай нь гэрт нь оруулахаа байя гэж төлөв
лөөд цагдаагийн албан хаагчдад зориулан хими цэвэрлэгээ нээж байна. Эхний ээлжид Улаанбаатар хотын дөрвөн цэгт үүнийг байгуулна. Цаашлаад орон нутагт нэвтрүүлэх юм.
Монгол ёсоор бол зочин хүн ганзага хоосон зочилдоггүй биз дээ. Үүн лугаа адил Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ цагдаа, шүүхийн шийдвэр, архивын газар, улсын бүртгэлийн газартаа шаардлагатай автомашин, компьютер, зарим албан хаагчдадаа өргөө гэр ачаалж аваачиж өглөө. Мөн Улсын бүртгэлийн газартаа шинэ ТҮЦ машин суурилуулав. Төрийн үйлчилгээг иргэд чирэгдэлгүй, дарамтгүй авдаг байх ёстой шүү дээ. Тэр машинаас иргэд лавлагаа тай холбоотой бүх үйлчилгээг үнэгүй авна. Цаашлаад улсын бүртгэлийн болон архивын байрыг шинээр барьж өгөх юм. Бие засах газар байсан өрөөг засаад архивын баримтаа хадгалж байгаа нь, тэгээд албан хаагчид чийгийг нь дарахын тулд өдөрт хоёр удаа арчиж цэвэрлэж байгаа нь төрийн буруу. Засаж, залруулах нь ч төрийн үүрэг.
Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, архивын зарим бичээс, тамга тэмдгийг хав дарж хадгалах биш, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ гаргаад худалдана гэж ойлгож огт болохгүй. Манай улсад ирсэн жуулчдад худалдан борлуулах зүйл хомс. Тэгвэл архивт хадгалагдаж байгаа тамга тэмдгийн хэвийг авч, дуурайлган үйлдвэрлээд тэдэнд зарж яагаад болохгүй гэж. Бодох л асуудал шүү дээ.
Арвайхээр дэх уулзалт хаврын наран баруун таших үед өндөрлөж, бид Баянхонгорыг зорилоо. Түйн голын эрэг хөвөөнөө орших Хонгор нутагт цас ихээр унажээ, өнөө өвөл. Биднийг очиход УИХ-ын дарга Г.Занданшатар дөрөв дэх өдрөө Баянхонгорт ажиллаж байв. Баянхонгор аймгийн удирдлага орон нутагтаа төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудаа харьцангуй сайн дэмждэг гэдгийг агентлаг, газруудынхаа албан хаагчидтай уулзах үеэрээ сонслоо, бас харлаа.
Тус аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг олон гардгийг уулзалтын үеэр прокурорын байгууллагынхан онцлон хэлсэн. Нинжа нар хууль бусаар ашигт малтмал олборлож, гэмт хэргийн тоо өсөж байгаа хэрэг л дээ. Үүний улмаас учирсан хохирлыг тооцох экологи, эдийн засгийн үнэлгээ хийлгэхэд багагүй хөрөнгө зардаг юм. Уг асуудлыг урьдчилан тооцоолж би өнгөрсөн онд үнэлгээ хийх алба байгуулсан. Энэ онд бүтэц орон тоог нь 29 болгож байгаа. Аливаа гэмт хэргээс учирсан хохирлыг мөнгө төлж биш, өөрсдөө хийдэг болсноор манай салбарын зардал хэмнэгдэх онцлогтой юм.
Манай багийнхан айлын алгаас адууны алаг дээр гэдэгчлэн Баянхонгор аймагт хоосон очоогүй ээ. Цагдаагийн газрын Сум дундын тасгууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай автомашин, бусад байгууллагад компьютер, техник хангамжтай, зарим албан хаагчдадаа мөн л өргөө гэртэй очсон. Мөн Шүүхийн шин жилгээний алба, баривчлах болон эрүүлжүүлэн саатуулах байрыг шинэчлэх юм.
Энэ аймагт олзуурхаж, дэмжмээр нэг зүйл байсан нь архинд донтох эмгэгтэй хүмүүсийг эмчилж буй аргачлал байв. 2020 оноос аймгийн удирдлага санаачлан, “Жаргалтай амьдрал” төв байгуулан, аймгийнхаа архинд донтох эмгэгтэй хүмүүсийг эмчилж эхэлжээ. Хэвтүүлэн эмчлэх байрыг нь 100 гаруй сая төгрөгөөр засаж, тохижуулсан байна. Өнгөрсөн хугацаанд 200 орчим хүнийг эмчилж, сумуудынхаа хамтарсан багийг чадавхжуулах ажлыг тогтмолжуулжээ.
Архидалт, түүнээс улбаатай уршиг нийслэл хот, аймаг бүрт нүүрлэсэн зовлон болсон нь үнэн. Энэхүү томилолтын өмнө сонгогдсон тойрогтоо ажиллаж байхад архидалт аюул болсныг иргэд онцолж байсан юм. Өвөрхангай, Баянхонгор аймагт ч ялгаагүйг албан хаагчид хэлж байна. Гэхдээ архинд донтсон нэгнээ адалж буруутгаад дэмий. Нэгэн төрлийн эмгэг, энгийн хэллэгээр бол өвчин юм аа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн
яамнаас баруун бүсийн иргэдэд үйлчлэх Наркологийн төвийг Баянхонгор аймагт байгуулахаар тогтлоо. Аймгийн Засаг дарга шинэ суурьшлын бүсдээ газар зааж өгсөнд талархаж байна.
Ирсэн гийчин буцдаг жамтай. Зорьсон ажлаа амжуулсан бид эргэж, Өвөрхангай аймгийн Хужирт сумд хоноглов. Сумд амралт, зугаалгын комплекс байгуулж, тэнд нь дан дотоодын жуулчид үйлчлүүлнэ гэж хэдхэн жилийн өмнө та бид төсөөлж байгаагүй нь үнэн. Тэгвэл өдгөө Хужирт сум дотоодын жуулчдаар дүүрэн байдаг болжээ. Цагтай ажил ард үлдсэн тул бидний баг буцах зуураа алдарт Шанхын хийд, Эрдэнэ зуугаар ороод гарлаа.
Албан хаагчдадаа тулгамдаж буй бэрхшээлийг нүдээрээ харж, хэлсэн үгийг нь хамт олных нь дунд сонсож явна гэдэг бол оффист сууж бичиг цаасны хүрээгээр төсөөлөхөөс ондоо шүү дээ. Ажил ихтэй, олон ажлын хэсэг удирдаж байгаа гээд цааргалаад суувал хуурай, хөндий шийдвэр гаргах эрсдэлтэйгээ л яваад байна гэ сэн үг. Ер нь ямар ч завгүй байлаа гээд хоёр хоног ингээд явчих нь үлдэцтэй, ажил нь наал дацтай болох юм даа. Бидэнд хийсэн ажлын тооноос илүү, үр дүн чухал. Цаашид ч ажлынхаа арга барилыг энэ чигээр нь хадгалах нь зөв юм байна гэсэн бодол минь улам батжиж ирлээ. Хүн байгаа газарт хүний эрх хангагдах ёстой. “Явсан хүнээс үг сонс” гэдэг. Хоёрын хоёр аймагт хөл тавиад ирсэн хүн байна даа, эрх биш ярих дурсах зүйлтэй, богц дүүрэн иржээ. Гагцхүү энэ богцоо задлан, эмхлэх зүйл цөөнгүй байгааг анзаарч харж, ярилцах нь юу юунаас чухал аа.
Бэлтгэсэн Х.Нямбаатар