Төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудаснаас та өөрт хэрэгтэй мэдээллээ бүрэн дүүрэн авч чаддаг уу. Тухайн байгууллагын цахим хуудсан дахь утасны дугаараар холбогдоод, шаардлагатай мэдээллээ авсан тохиолдол бий юү. Мэдээлэл авах албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүдийн албаны хаяг, утасны дугаар цахим хуудсанд нь байдаг уу. Ингэж асуухад “Тийм” гэж хариулах хүн олон биш. Үүнийг бататгах нэгэн мониторингийг IRIM судалгааны хүрээлэнгийнхэн хийсэн байна. Тус хүрээлэнгээс төрийн байгууллагуудын цахим хуудаснууд олон нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангаж буй, эсэхийг жил бүр судалсны үндсэн дээр “Төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлын индекс”-ийг гаргадаг. Уг ажлынхаа хүрээнд өнгөрсөн оны сүүлчээр хийсэн мониторингийн дүнгээ тус хүрээлэнгийнхэн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм. Цахим ил тод байдлын индексийг тооцохдоо 0-1 хүртэл оноогоор хэмжиж, сайн, хангалттай, сул, хангалтгүй, муу гэсэн таван түвшин тогтоожээ. Тодруулбал, индексийн утга нэг рүү дөхөх тусам төрийн байгууллагуудын цахим ил тод байдал сайн хангагдсан гэж дүгнэдэг. Харин үүнээс багасах тусам ил тод байдал нь сул гэж үздэг гэнэ. Эл индексийг тооцохдоо тухайн байгууллагын цахим хуудсандаа нийтэлж буй мэдээллийн хэрэгцээ, шаардлага, агуулга, хэрэглэгчдэд хүртээмжтэй байдал зэргийг харгалздаг. Үүний зэрэгцээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай болон холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн үнэлгээ хийсэн байна.
Мониторингод төрийн 88 байгууллагын цахим хуудсыг хамруулахад индекс нь 0.602 буюу сул түвшинд гэсэн үр дүн гарчээ. 2019 онд эл үзүүлэлт 0.612 байсан бөгөөд хоёр жилийн дараа өсөх бус, харин ч уруудсан аж. Байгууллагуудыг дотор нь ангилж үзэхэд, 88-аас нэг нь ч сайн “дүн” аваагүй. Бас муу түвшинд үнэлэгдсэн байгууллага ч байгаагүй гэнэ. Хэдий тийм боловч мониторингод хамруулсан байгууллагуудын талаас илүү буюу 62 хувийнх нь цахим ил тод байдал сул түвшинд үнэлэгдсэн нь цаашид зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал гэж тус хүрээлэнгийнхэн дүгнэсэн байна. Түүнчлэн нийт байгууллагын 71 хувь нь хуульд заасан, зайлшгүй ил тод, нээлттэй байх ёстой төрийн мэдээллийг иргэд хүртээмжтэйгээр авах орчин, нөхцөл хангалттай бүрдүүлээгүйг судалгааны багийнхан тодотгосон. Тиймээс цахим хуудасныхаа ил тод байдлыг сайжруулахыг төрийн байгууллагуудад зөвлөжээ.
Учир нь манай улсын төрийн байгууллагуудын цахим хуудас иргэдэд хэрэгтэй мэдээлэл түгээхээсээ илүү бэлгэдлийн чанартай, байгаа, байхгүйн ялгаа нь төдийлөн мэдэгддэггүй. Ийм учраас олонх иргэн мэдээлэл, үйлчилгээгээ цахимаар авч чадалгүй “хана мөргөж”, заавал биечлэн очиж, аль нэг даргын өрөөний үүдийг сахихаас өөр аргагүйд хүрдэг. Уг нь цахим хуудас төрийн байгууллагуудыг иргэдтэй холбох гүүр болох ёстой. Гэтэл цөөнгүй байгууллага цахим хуудсандаа ойрын хугацаанд “салхи оруулаагүй” байна. Бас цахим хуудас нь ихэнх тохиолдолд тухайн байгууллагын удирдлагын пиар, сурталчилгааны хэрэгсэл болсон гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, аль ч байгууллагын сайтаар “шагайхад” даргын мэндчилгээ угтах нь бараг уламжлал. Зарим дарга монгол дээл, малгай өмсөж, бараг л хаан аятай заларсан байх нь ч бий.
Харин тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим хуудаснууд “амь орох”-оос өөр аргагүй болох юм. 2011 онд баталж, хэрэгжүүлсэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг шинэчилж, сайжруулсны үндсэн дээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Ийнхүү шинэчилснээр төрийн байгууллагуудын мэдээллийг байнга ил тод, нээлттэй болгож, тогтмол шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлсэн. Мэдээллийг нээлттэй байлгах гол талбар нь байгууллагын цахим хуудас байхаар уг хуульд тусгасан юм. Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд хоёр сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байхад харин төрийн байгууллагуудад энэ чиглэлээр хийж байгаа ажил төдийлөн алга.
Тодруулбал, цахим хуудас нь дорвитой мэдээлэлгүй, заримынх нь эх, адаг мэдэгдэхгүй буюу хаана, юу байгаа нь ч ойлгомжгүй. Тэр дотроос хэрэгтэй мэдээллээ олоход бэрх. Жишээ нь, иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой байгууллагуудын нэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэхэд албан ёсны цахим хуудасныхаа мэдээллүүдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ноос хойш шинэчлээгүй. “Холбоо барих” гэсэн хэсэгт нь утасны дугаар байхгүй. Түүнчлэн Баянгол дүүргийн ЗДТГ-ын цахим хуудсанд нэвтэрч, хороодтой холбогдох утасны дугааруудыг хайхад өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-нөөс хойш шинэчлээгүй. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн болохоор мэдээлэл нь хуучирч, зарим хорооны албан тушаалтнууд орвонгоороо солигдсон байх жишээтэй. Аймгуудын хувьд бүр ч дор. Баянхонгор, Булган, Төв аймгийн албан ёсны цахим хуудас нь ажилладаггүй. Говь-Алтай аймгийнхад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ямар ч мэдээлэл оруулаагүй. Дорнодын сайтын “Үйл ажиллагааны ил тод байдал” хэсэгт нь аль эрт буюу 2021 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар л байна. Түүнээс хойш юу хийсэн нь тодорхойгүй. Тэгвэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар бол 68 төрлийн мэдээлэл холбогдох байгууллагуудын цахим хуудсанд ил тод, нээлттэй байх ёстой. Эдгээрээс цөөнгүй нь өдгөө нээлттэй бус байдаг мэдээлэл юм. Жишээ нь, уг хуулийн 8.6.12-т зааснаар бол тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдлын талаарх мэдээлэл нээлттэй байх ёстой. Одоо бол энэ талаарх мэдээлэл бараг нууцын зэрэглэлтэй байгаа. Тухайлбал, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт буюу Хөвсгөл нуурын эрэг дагуух газруудад өдгөө жуулчны бааз, амралтын газар хаа сайгүй байрладаг. Тэнд хэн гэгч эрх мэдэлтэн газар авч, улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглаж байна гэдэг нь тодорхойгүй бөгөөд энэ талаарх мэдээллийг шаардахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан үргэлж цааргалдаг. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын нөхцөл байдал ч үүнтэй адил. Уг уул нь дархан цаазат буюу тусгай хамгаалалттай бүс нутаг атал ам бүрт нь орон сууц, хаус хороолол, өндөр зэрэглэлийн барилгуудыг хэдийн барьчихсан. Бас тэдгээрт хэн хэн гэгч эрх мэдэлтнүүд газар авч, тусгай хамгаалалттай бүс нутагт орон сууц барьж, дураараа дургив гэдгийг ч албаныхан үеийн үед нууцалсаар ирсэн. Тэгвэл өдгөө энэ мэт мэдээллийг БОАЖЯ-ныхан цахим хуудсандаа зайлшгүй байрлуулах шаардлагатай болох нь. Мөн Засгийн газраас гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлэл нээлттэй болох ёстой. Бас төрийн байгууллагууд таван саяас дээш төгрөгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллээ нээлттэй болгох шаардлагатай. Түүнчлэн орон сууц худалдан авах иргэд тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн Улсын комиссын дүгнэлтийг харах эрхтэй. Мөн улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, хандивын мэдээллийг иргэд нээлттэй харах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Өмнө дурдсанаар энэ мэт нээлттэй мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх гол суваг нь тухайн байгууллагын цахим хуудас байх юм. Тодруулбал, уг хуулийн 8.8-д “Ил тод, нээлттэй байлгах мэдээллийг олон нийтэд хүргэхдээ цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана” гэж заажээ. Түүнчлэн цахим хуудсан дахь нээлттэй мэдээллийг иргэн, хуулийн этгээд дэлгэрүүлж авахыг хүссэн тохиолдолд эх сурвалжийн талаар тодорхой бичсэн байх шаардлагатай. Мөн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн үнэн, зөвийг баталгаажуулж, бүртгэл хөтлөхөөр заасан. Ийм маягаар цаасан дээр бол иргэдийн мэдэх эрхийг хангах олон заалт тусгажээ. Харин холбогдох байгууллагууд эл боломжийг хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй, хуулийг хэрэгжүүлэх хугацаа хаяанд ирчихээд байхад дорвитой алхам ч хийхгүй л байна.
Бэлтгэсэн М.Оч