Гуравдугаар сарын 8-нд бүсгүйчүүлийг хэт их баярлаж байна хэмээн шүүмжилдэг. Бас манай эрчүүд өдөр нь цэцэг, шоколад, дарс барьж гүйгээд орой нь согтохоороо эхнэрээ, найз бүсгүйгээ барьж авч нүддэг тухай бараан мэдээ олон улсын байгууллагын тайланд багтжээ. Тодорхой хэлбэл, эмэгтэйчүүд энэ өдөр эрхээ хамгаалуулах нь битгий хэл хүчирхийлэлд өртдөг талаар "Эмнести Интернэшнл"-ээс гаргасан Хүчирхийллээс ангид байх эрх тайлан, НҮБ-ын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Тусгай илтгэгчийн 2010 оны тайланд дурджээ. 10 гаруй жил хэдийн өнгөрсөн ч дээрх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй аж. Өчигдөр цахим орчинд эмэгтэйчүүд цэцэг, шоколад барьсан зургаараа давалгаалж байсан бол цагдаагийн байгууллагаас гаргасан өнөөдрийн мэдээгээр гэр бүлийн хүчирхийлэл өмнөх өдрөөсөө өссөн дүн харагдаж байна.
Олон улсад гуравдугаар сарын 8-ныг баярын өдөр биш гэж үздэг. Тиймээс Германд, Францад, Америкт энэ өдөр хавтгайрсан их найр наадам хийж, архи дарс болж, ууж иддэггүй. Гэхдээ эрчүүд нь энэ өдөр өглөө нь цэцгийн дэлгүүрт очин уртаас урт дараалал үүсгэдэг гэх. Тэгээд гэр гэртээ харина. Ажлын газрын бүсгүй, ангийн охидоо баярлуулах гэж хөл алдахгүй гэр гэртээ өөрсдийн бүсгүйчүүдээ цомхон нандин баярлуулдаг аж. Улмаар эмэгтэйчүүдийн эрх нь зөрчигдсөн аливаа асуудал байгаа бол төр засагтаа ил захидал бичиж, тайван жагсах гэх мэтээр эрхээ хамгаалах, үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Харин манайд үйл явдал эсрэгээрээ өрнөдөг. Бүхий л байгууллагууд эмэгтэйчүүдээ, эрчүүд ч эхнэрээ баярлуулах гэж эрвийх дэрвийхээрээ гүйдэг. Энэ мэдээж муу биш. Гэхдээ орой нь баар, шөнийн клубүүд хүнээр хахаж, эх захгүй архидалт болдог. Шанд нь олон эмэгтэй ямарваа нэг байдлаар хүчирхийлэлд өртөж, цагдаагийнхны ачаалал ихэсдэг. Ер нь эмэгтэйчүүд энэ өдөр эрхээ хамгаалж дуу хоолойгоо өргөхөөс илүүтэй энэ өдрийг зөвхөн баяр гэж хараад бэлэг нэхэх хандлага давамгайлдаг. Эндээс бид эрхээ хамгаалж сураагүй бөгөөд жендер, тэгш эрхийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй нь харагдаж буй.
Уг нь, мартын-8 баяр биш эмэгтэйчүүд эрхээ хамгаалах олон улсын өдөр. Тиймээс бүү уйл бүсгүй минь. Нулимсаа арчаа арчаад эрхийнхээ төлөө тэмц. Хажуудахаа буруутгаад уйлж хэвтэхийн оронд өөртөө анхаар. Сэтгэлдээ дааж давшгүй хана хэрэм үүсгэсэн бол түүнийгээ нураа. Гунигаа сэвээд өөртэйгөө ажилла, бас хөгж. Аан тийм, 1857 онд Нью Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчид жагсаал зохион байгуулж, цалин нэмж, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардсанаар мартын-8 үүссэн түүхтэй. Эл өдрийн утга учир ердөө л энэ. Бүсгүй та ганц энэ өдрөөр баярлах бус, үүргээ биелүүлэхийнхээ хажуугаар өдөр бүр баярлах, эрхээ эдлэх эрхтэй гэхдээ битгий мартаарай.