Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнийг Unuudur.mn онцолж байна. Түүний олон арван зохиол, шүлэг та бидний зүрхэнд хүрч, тархинд цэнэг өгсөн билээ. Тэрбээр Францад гэр бүлээрээ ажиллаж, амьдарч, туурвиж буй. Энэ удаагийн ярилцлагаараа зочин хатагтай маань уншигчдыг хэрхэн уяруулж цэнэглэх бол… хамтдаа сонирхъё.
-Та бүсгүй хүн, гоо сайхны талаар олонтаа бичиж үлдээсэн. Ном зохиолд бичсэнээсээ өөрөөр, яг өнөөдрийн энэ мөчид бүсгүй хүний талаар төрж буй сэтгэгдлээ хуваалцаач?
-Гэнэт ингээд асуучихаар элдэв юм бодогдохгүй л байна. Нэг бол их гоё эсвэл нэлээд тэс хөндлөн үгс орж ирээд байгаа тул энэ асуултын хариуг түр хойшлуулъя.
-Эмэгтэй хүний үнэ цэн гэж юу юм бэ, таны бодлоор?
-Эрх бай, зөрүүд бай, эрхэмсэг гэхдээ ойлголцоход хялбар бай гэж би охиддоо захидаг. Миний хувьд хүүхдүүддээ “Чи хүнтэй суух, хүүхэд төрүүлэх, хэн нэгний өмнө зохиомлоор элдэв ял, үүрэг хүлээхгүй зайлшгүй шаардлага, алба байхгүй. Зүгээр л сайхан амьдраад аль. Гэхдээ хэн нэгний аз жаргал, хувь тавиланд саад тотгор болохгүйгээр шүү” гэж сануулдаг. Хэрвээ өөрөө маш их хүсвэл л том хүний амьдралаар амьдар. Тэгээгүй цагтаа юунд ч бүү хөнгөн хандаарай гэж гуйдаг. Тэгэхээр эмэгтэй хүний гэхээсээ илүү хүний үнэ цэнийг л яримаар байна. Гэвч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө учраас хэдэн үг хэлмээр байна. Хэдэн жилийн өмнө “Охидоо бардам өсгө” гэж нэг нийтлэл бичиж байсан юм. Охид маань өөрийгөө яаж хайрлахыг мэддэг, өөрийгөө хайрлах хайр нь бусдыг ч бас аливааг хэтрүүлэлгүй үйлдэхэд нь тусалдаг ухаанаар услуулсан баймаар байна. Эмэгтэй хүн бол хайраас хайр ургуулах л жам ёсны үүрэгтэй бүтээгдсэн. Тэрхүү жам ёсноосоо гажвал нэлээд хэцүүхэн зүйлс түүнээс ургаж эхэлдэг. Харгис хэрцгийгээ хүрвэл бүр эрчүүдээс ч хэрцгий авир эмэгтэй хүнээс гардаг шүү дээ. Тэр чинь өөрөө ч хайраас ургаагүй, нэгэнт хайраас ургаагүй учраас эсрэг бүтэцтэй өсөж торнисон гэсэн үг. Тийм учраас л араатан болон хувирч байгаа хэрэг. Эмэгтэй хүн араатан болох уу, алаг цэцэг шиг дэлгэрэх үү гэдэг нь өөрийгөө хайрлах ухаанаас л эхэлнэ дээ. Яагаад гэвэл бидэнд хэн нэгний эрхэнд автахгүй байх эр зориг, бусдын харцаар бус өөрийн хүсэл сонирхлоор амьдрах ухаан хэрэгтэй. Хажуудахаа буруутгаад уйлаад хэвтээд байх уу, аль эсвэл түүнийг өөртөө хайртай байлгах тал дээр нөлөөлөх үү, үгүй бол бүхнийг дуусгаад өөрийн эрх чөлөөгөөр явах уу гэдэг нь хүнээс өөрөөс л шалтгаалах асуудал. Тиймээс дааж давшгүй хана хэрэм дунд сууж байгаа бол эхлээд өөртэйгөө л ажиллах хэрэгтэй. Тэр хана хэрмийг өндөрлөж амжаагүй байхад нь ухасхийгээд гарах хангалттай хугацаа байсан гэдгийг бодолцох хэрэгтэй.
-Францад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ. Биднийг эрхээ хамгаалах биш, эрхэлж бэлэг нэхлээ л гэлцдэг. Хоёр улсын ялгаатай байдлыг талаар анзаарснаа яриач.
-Нөхөр маань өглөө эрт цэцгийн дэлгүүрт орохдоо эрчүүдийн маш урт дугаар хөвөрч буйг хараад цочсоноо ярьж байсан. Манайхан шиг энд тэнд цуглаж, нийллэг, цайллага, лужир том уулт идэлт хөврүүлээд байгаа юм харагддаггүй. Гэхдээ цэцэг тэвэрсэн эрчүүд их таардаг. Хувь хувьдаа л баяр талархлаа нандин цомхон байдлаар хүргэдэг байх. Ер нь бол баяр гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг л хөндөж байгаа харагддаг.
-Ер нь Франц эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, биднийхээс хэр ялгаатай юм бэ?
-Гаднаасаа бол франц эмэгтэйчүүд ихэнхдээ жижигхэн, турьгүй харагддаг. Гэхдээ цаанаа бол бас л гүжирмэгдүү, хувийн орон зай эрх чөлөөгөө маш эрхэмлэдэг, өөртөө эзэн болсон, хэн нэгнийг аялдан дагалдаад байхгүй бардам эрхэмсэг хүүхнүүд байдаг. Хууль нь ч эмэгтэйчүүдийнхээ эрхийг сайн хамгаалж өгдөг тул франц эхнэрүүдийг хажуудаа торгооё гэвэл нэлээд анхаарал тавьж, нэлээд халамжилж, эрх чөлөөг нь ч сайн хангаж өгөх хэрэгтэй болдог доо. Тэдгээр гэр бүлийн хуулиуд, өрх толгойлсон эхчүүдийн нийгмийн байр суурийг нь харахаар эмэгтэй хүн өөрийн эрхгүй л өөртөө итгэлтэй, бие даасан байр суурьтай, бардам эрхэмсэг болдог юм билээ дээ. Олон хүүхэдтэй үлдлээ ч ажрахааргүй амьдраад явах ухаалаг хуулийн зохицуулалт үйлчилж байна.
-Тэнд эмэгтэйчүүдийг хүндлэх соёл хайрлах сэтгэл нь манай нийгмийнхээс өөр үү?
-Яг “Би эмэгтэй хүн” гэж түрий бариад байх хүмүүжлийг дунд сургуулиас нь эхлээд заагаад байгаа юм алга. Хүн гэдгээр л хандаж байна. Жишээ нь “Эмэгтэй хүнд зодуулчихлаа. Эмэгтэй хүнд дийлдэж болохгүй” гэсэн үгсийг хэлбэл хүүхдүүд лав ойлгохгүй юм билээ. Гэхдээ аливаад эмэгтэйчүүдийнхээ өмнүүр зүтгээд байх зан авир энд огт алга. Зүгээр л хүндлэх, соёлтой харилцах арга ухааныг бол хүнтэй нь хамт төрүүлж байна. Тэгэхээр нийгмийн байр суурь дээр хэн мэдлэг чадалтай нь л дээш сугарч, хэн сул дорой нь байрандаа үлдэж байна. Гэхдээ ажил мэргэжлийн байр сууринаас нь болж бусдад илүү дутуу хандана гэх юм байхгүй. Хэн ажиллаж байна, тэр л хүнийг бүгд хүндэтгэж байна. Гудманд зам цэвэрлэдэг байлаа ч тэр хүн ажил л хийж байгаа учраас бүгд үнэ цэнтэй ханддаг. Харин сул доройг өмгөөлөх, эмэгтэйчүүдийг хамгаалах гэдэг эрчүүдийн байгалийн зөн нь үргэлж зөв ажиллаж байх тэр боломжийг нь нээлттэй үлдээсэн санагддаг.
-Таны бичсэн зохиол кино болох мөч ойртсоор. Киноныхоо талаар уншигчидтай минь хуваалцаач?
-Швейцарийн нэгэн кино студийн захиалгаар бичсэн “Амьдрал ямархуу байна даа?” ( Comment va la vie?) нэртэй кино одоо ид монтаж хийж байна. Өнгөрсөн жил зураг авалтаа хийсэн. Ямархуу бүтээл гарах, ямархуу чансаатай кино болохыг хэлж мэдэхгүй байна. Би бол зохиолыг нь бичээд л өгсөн хүн. Ямартай ч шинэ зам нээж байгаа гэдэг утгаараа мэдээж харж хүлээж л байна. Ерөнхийдөө амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуухан охидыг тосон авч байгаа нийгэм, гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанаас ямархуу алдаа гарч, ямар хувь тавиланг тэдэнд бэлдэж болохыг л үзүүлэхийг хичээсэн. Би хувьдаа эндээс нэг их том зүйл хүлээхгүй байгаа.
-Зарим нь эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс авьяас дутуу гээд л маргах нь бий. Та үүнд хариулт өгч болох уу?
-Иймэрхүү ярианд үнэндээ миний харшил хөдөлчихдөг юм. Эмэгтэй зохиолчид муу бичдэг, эмэгтэй зохиолчийн ном уншдаггүй гэх мэт өрөвдмөөр юм ярьсан хүмүүс таарч л байдаг. Бэлэг эрхтнээ бүхэнд дүрж л бичдэггүй юм бол тэд биднээс яг юугаараа онцгойрох гээд байдгийг нь ойлгодоггүй. Бид адилхан л хүн гэсэн ухагдахуун дотор төрж өсөж, оршин тогтнож байгаа. Тиймээс иймэрхүү байдлаар эрхтнээрээ түрий барьсан хүмүүстэй харилцах маш дургүй. Энэ бол үнэндээ ажил үйлсээрээ бус аль нэг эрхтнээрээ ч болтугай түрий барьж илүү харагдах гэсэн өчүүхэн хүмүүсийн хандлага.
-Эрдэнэсолонго ах таныг, охидоо энэ өдөр хэрхэн баярлуулдаг вэ?
-Хамгийн сайхан хоолыг өөрөө хийгээд, хамгийн сайхан цэцэгсийг бэлдчихээд өвдөглөн сууж байгаад бэлгээ өгдөг дөө, хөөрхөн. Манай гэр бүлийн хувьд аав бол тэр чигээрээ хайр юм. Аав л бид нарыг эрх зоргоороо, хайр дүүрэн байлгадаг учраас охид маань дүүрэн сэтгэлтэй өсөж байна. Өглөө сэрэхэд зочны өрөөнд ширээ засчихаад, охидоо сэрэхийг хүлээн, амандаа шүлэг гунганан нааш цааш сэмхэн холхиж байдаг тийм л аавтай гэр бүл дээ, бид.
-Санаанд хамгийн тод үлдсэн мартын-8-ны дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач?
-Ээжийгээ баярлуулах гээд хар гурилаар, давс нь ихэдсэн бууз хийж тавьчихаад, дүүтэйгээ хамт өмнө нь нугарч үзүүлж байсан нэлээд багын дурсамж харваж орж ирж байна. Ээжийгээ л баярлуулчих юмсан гэсэн хүүхэд байж дээ.
-Монголоо саналаа гээд бичих тань уйтай. Нутгаас минь бэлэг ирлээ гээд бичих нь догдлолтой. Хэзээ ирье гэж төлөвлөж байна вэ?
-Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн. Надад дахин юу бэлдчихээд байгааг хэлэхэд амаргүй байна. Тиймээс төлөвлөнө гэдэг санаан зоргоор бүтдэг зүйл биш юм. Ямартай ч нэг л өдөр би эх орондоо очино. Өөртөө тавьсан зорилго, бэлдсэн том босгоо давчихаад нүүр бардам очно гэж боддог.