Оросыг бараг бүгд зэмлэн, буруутгаж, Украинд эхлүүлсэн “тусгай ажиллагаа”-г нь шүүмжлэн дэлхий дахинаар шуугьж байна. Тун цөөн орноос бусад нь Украиныг дэмжин мөнгө, зэвсэг тийш нь цутгаж байна. Үүнийгээ “практик дэмжлэг” гэж нэрлэж буй. Оросын эсрэг хоригоо Өрнөд бүхий л талаар чангалж, гар, хөлийг нь тушихыг хичээж байна. Бууж өгсөн орос цэрэг бүрт Киев таван сая рубль өгөхөөр амлах болов. Украинд ирж Оросын эсрэг байлдах хүмүүс байвал төвөггүй нэвтрүүлэх амлалтыг ч Украин өглөө. Украины Ерөнхийлөгчийг хөнөөх даалгавартай Чеченийн тусгай бүлэг бут цохигдсон, Африкаас хөлсний этгээдүүдийг Украины эсрэг ашиглахаас буцахгүй болсон гэх мэдээлэл ч дуулдах болсон. Оросын эсрэг бүгд хошуурч буй ийм нөхцөлд АНУ болон Европын холбооны нөлөөнд авталгүй өөрийн гэсэн байр суурьтай хандаж буй цөөн орны тоонд Хятад, Беларусь, Куба, Сири, Никаруга, Венесуэл зэрэг улс орж буй. Энэтхэг, Бразил, Африкийн улсууд төвийг сахиж байна.
Украинд цэргийн ажиллагаа явуулахаар Оросын гаргасан шийдвэрийг улс төрийн төдийгүй хүмүүнлэг, энэрэнгүйн хэмжүүр гэж Беларусийн Гадаад хэргийн яам онцоллоо. Ийн үзэхдээ найм шахам жил Украинд гадуурхагдсан орос иргэдийн үзсэн, туулсныг харгалзсан нь лавтай. Түүнчлэн тухайн бүс нутагт байдлыг хүндрүүлэхэд АНУ, Европын Холбоо буруутай гэж үзэж буйгаа илэрхийлэв. “Хүчирхийллийг өдөөн хатгаж, Украин хийгээд Балтийн орнуудыг цэрэг, зэвсгээр турхирч, хууль бус хориг тавихаа зогсоох нь чухал гэж Беларусийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тус улс өөрөө бас хоригт өртөв. Казахстан арай өөр чиг баримталж байх шиг байна. Донецкийн болон Луганскийн БНУ-уудыг хүлээн зөвшөөрөх тухайд эднийх ам нээхгүй байгаа. Америкийн хэвлэлд бичсэнээс үзвэл эдгээрийг тусгаар улс хэмээн үзэхээс Казахстан татгалзсан аж. Харин хоёр тал хэрэгтэй гэж үзвэл Орос, Украиныг яриа хэлэлцээ хийх талбар болоход бэлэн гэдгээ хоёрдугаар сарын 28-нд Гадаад хэргийн яам нь мэдэгдсэн. Зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээс ч Казахстан татгалзахгүй юм билээ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь Францын Төрийн тэргүүн Эммануэль Макрон, Европын Холбооны ерөнхийлөгч Шарль Мишель нартай уулзсан. Европчуудтай тэрбээр хоёр талын эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах асуудлыг ярилцсан аж. Байдлыг ажиглахад Казахстан эдийн засагтаа голлон анхаарч байх шиг байна.
Оросын цэргийн тусгай ажиллагааг Бишкек дэмжиж буй. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Оросын “шийдмэг үйлдэл”-ийг дэмжиж буйгаа Владимир Путинтэй утсаар ярихдаа илэрхийлсэн юм. Минскийн хэлэлцээрийг зөрчсөн хариуцлага Киевт ногдоно гэж Садыр Жапаров үзсэн байна. Киргизийн ард түмэн эдийн засгийн бэрхшээлтэй тулгарна гэдгийг тэрбээр иргэддээ шулуухан хэлжээ. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Донецк, Луганскийн БНУ-уудыг хүлээн зөвшөөрөх шийдвэр ОХУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурсан өдөр Москвад айлчлал хийх байснаа “бидний харилцаанд юу ч өөрчлөгдөх ёсгүй” гэж тодорхойлсон. Путинийг уг шийдвэртээ гарын үсэг зурж байхад Ильхам Алиев онгоцоор нисэж явсан бөгөөд “тухайн үед би Бакуд байсан ч гэсэн Москва руу нисэх байсан” гэж хэлсэн байдаг. Москвад тэрбээр “Холбоотны харилцан ажиллагааны тухай Тунхаглал”-д гарын үсэг зуржээ. “Одоо тохиолдож буй хийгээд цаашид манай бүс нутагт тохиолдож болох үйл явдалтай холбогдон Азербайжан, Оросын аль ч талаас Тунхаглалд ямар нэг засвар, өөрчлөлт оруулах гүй” гэж Ильхам Алиев батлан хэлсэн байна. Украинд байдал хурцадсанаас хойш БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Путин утсаар ярьсан. Бий болсон нөхцөл байдалд Оросын удирдлагын хийж буй үйлдэлд хүндэтгэлтэй хандаж буйгаа Хятадын удирдагч илэрхийлжээ. Хоёр улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ван И нар ч санал бодлоо солилцсон. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайшаасан Минскийн “Цогцолбор арга хэмжээ”-г хэрэгжүүлэхээс АНУ болон түүний холбоотнуудаар дэмжүүлсэн Киев татгалзсан нь одоогийн хямралын шалтгаан болсныг сайд нар илэрхийлээд, аюулгүй байдал хуваагдахгүй байх зарчмыг аливаа улс орон хүндэтгэхийн чухлыг Орос, Хятад хоёр хүлээн зөвшөөрч буйг тэмдэглэсэн. Асуудлыг шийдэхэд хориг тавихыг урьтал болгож буйг Бээжин дэмжихгүй, олон улсын эрх зүйд үл нийцэх нэг талын хориг хэрэглэхийг эсэргүүцэж, тийм ч учраас Москвагийн эсрэг хязгаарлалт тогтоохгүй гэдгээ Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдсэн. Өөр нэг төлөөлөгч Жао Лицянь Украин дахь зөрчилдөөний гал руу бензин хийж буй “Сэм өвөө”-г дүрсэлсэн шог зураг twitter хуудсандаа байрлуулсан байсан.
Серби улс хатуу байр суурьтай байгаа юм. 1999 онд НАТО-гийн гишүүн орнууд Сербийг бөмбөгдсөнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэмлэн буруушаах юм бол Донецк, Луганскийн БНУ-уудын тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрснийг шүүн хэлэлцэхэд бэлэн гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдлээ. “АНУ, Британи, Герман болон бусад улс Сербийн эсрэг аймшигтай түрэмгийлэл үйлдсэнийг буруушаахыг ноён Зеленскийгээс утсаар хүсэхийг Сербид суугаа Украины Элчин сайд Александрт санал болгож байна. Үүнийг хэрэгжүүлбэл би түүний урилгыг баяртай хүлээн авч, хүсэлтийг нь биелүүлэх болно” гэж Вучич мэдэгджээ. Түүний хэлснээр бол Оросын эсрэг Белград хориг тавихгүй аж. Тэгэхдээ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр аливаа улсын эсрэг хориг тавих нь улс төр, эдийн засгийн амин чухал эрх ашигт нийцэхгүй гэж үздэгээ хоёрдмол агуулгагүйгээр хэлэв. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Серби бэлэн байгааг бас илэрхийлсэн. Өрнөдөөс үзүүлж буй дарамт шахалтыг ч Сербийн удирдагч анхааралгүй өнгөрөөгүй. Өрнөд хийрхэлийг дэвэргэж байна гэж тэр бас тэмдэглэв. Ойрын үед НАТО, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, ОХУ, АНУ, Хятад, Европын Холбоо, Дорнод, Өрнөдийн алинтай ч ямар нэг сургуулилалт, цэргийн ажиллагаанд Белград оролцохгүй гэж Сербийн Батлан хамгаалахын сайд Александр Вулин мэдэгдсэн. Түүнчлэн Сербийн иргэдийг Украины зөрчилдөөнд оролцоход саад хийнэ хэмээн Белград бас хэллээ. Парламентын дарга Ивица Дачич нь “Орост хориг тавих нь Оросын биш, Сербийн эсрэг үйлдэл. Украиныг Оросын эсрэг Өрнөд турхирч, НАТО-г Оросын хилд ойртуулсны үр дүн нь энэ дайн боллоо” гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Европын Холбоонд голлох үүрэгтэй Герман улс бусдынхаа адил Украинд хийж буй үйлдлийнх нь төлөө Оросыг зэмлэх болсон. Бусдаасаа өөрөөр хандаж, үйл явдлыг өөрөөр үнэлж буй улстөрч ч бас тэнд байна. Германы Альтернатив намын дарга нарын нэг хатагтай Алиса Вайдель Бундестаг (Парламент)-т үг хэлэхдээ Украиныг Оростой муудалцуулсан нь Өрнөдийн том алдаа гэж үзэв. Бундестагийн депутат, Зүүний намын удирдагч, эдийн засгийн ухааны доктор Сара Вагенкнехт түүний энэ үзлийг хуваалцлаа. Тэрбээр Украин руу Оросын хийсэн довтолгооныг сүүлийн жилүүдэд АНУ хийгээд түүний холбоотнуудын өдүүлсэн бүх дайны адилаар үзэж буруутгах ёстой. Эдгээр дайн олон улсын эрх хэмжээг зөрчиж, олон хүний амь сүйтгэсэн. Дайныг зогсоох, аюулыг нь зайлуулахын төлөө бид бололцоотой бүхнийг хийх ёстой гэж хэллээ. Тусламж нэрээр Украинд зэвсэг нийлүүлэх нь байдлыг бүр эвгүй болгоно гэж тэр үзэж буй аж. Орос, Хятадтай зөрчилдөхөөс болгоомжлохыг Сара Вагенкнехт Өрнөдөд анхааруулж, зэвсэг худалдах болон бусад салбарт Европын гадаад бодлогод шинэ санаачилга гаргахыг уриалав.
“Бид Оростой төдийгүй Хятадтай сөргөлдөх гээд байна. Европ биеэ дааж, манай ашиг сонирхолд нийцсэн аюулгүй байдлын бусдаас хамааралгүй бодлого явуулах ёстой” гэж тэрбээр мэдэгдлээ. Сүүлийн 20 жилд НАТО Оросын хил хүртэл тэлснийг Сара хүлээн зөвшөөрөв. Оросын цэргийн зардал 60 тэрбум орчим ам.доллар байхад Умард Атлантын эвслийнх нэг их наяд ам.долларт ойртож байгаа гэж тэр бас дурдсан юм. “Тиймээс Оросын аюул занал гэж ярих нь дэмий үг” гэж хэллээ. АНУ-ын гадаад бодлогыг шүүмжилж, түншүүдээ Вашингтон “гар, хөл” мэт хандаж байна гэв. Зэвсэг хураах асуудалд санаачилга гаргахгүй бол цөмийн зэвсэг ч шинэчлэгдэж байгаа одоо цагт тун аюултайг тэр сануулжээ. “Нөхцөл байдал одоогийнхоос дээр байгаагүй ч ХБНГУ-ын канцлер Вилли Брандт (1969-1974 онд канцлер байсан) намжмал байдал бий болгох, улс төрийн яриа хэлэлцээ хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрхэмлэдэг байсан. Энэ л бидний зам байх ёстой” хэмээн Сара Вагенкнехт үзэл бодлоо илэрхийлэв. Бундестагийн бас нэг депутат Канцлер Олаф Шольцоо зэмлэж, сүүлийн найман жил Засгийн газрын бүрэлдэхүүнд байхдаа Украиныг хөөргөж дэвэргэж байсныг нь Европарламентын хурал дээр хэлээд авч байна лээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант