Цахим орчинд "Тэр ганц улаан онгоц бол агаарын тээвэрлэгч олон улсын нислэг үйлдэж буй МИАТ-ын онгоц. Энэ дайн дажинтай үед ганц л онгоц Украины дээгүүр нислэг үйлдсэн нь МИАТ юм" гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад "Украин Улсын дээгүүр Монгол онгоц нисэж буй гэх мэдээлэл худлаа. Тэр чиглэлд нислэг үйлддэггүй" хэмээн мэдээллээ. Мөн тус компаниас дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал,
"МИАТ ТӨХК нь ОХУ болон Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна.
Манай компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг бөгөөд дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд/маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байна.
МИАТ ТӨХК нь Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байна" гэв.