Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулж, гар урлал хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн цөөнгүй бий. Тэдний төлөөлөл болох “Эко даавуун тор” бичил төслийг хэрэгжүүлэгч Ч.Даваасүрэн, “Tsendmaa’s hand made” нэрийн савангаараа олон нийтэд танигдсан Г.Цэндмаа нартай ярилцлаа. Ч.Даваасүрэн оёдлын технологич мэргэжлийг хуучнаар ЗХУ-д эзэмшсэн мэргэжилтэн. Г.Цэндмаагийн тухайд өдгөө МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн тусгай хэрэгцээт багшийн ангид суралцангаа саван хийж, борлуулсаар байна. Тэдний зорилго, мөрөөдөл нь тун адил буюу үйлдвэрлэлээ өргөжүүлэх, улмаар олон хүнийг ажлын байраар хангах юм билээ
Ч.ДАВААСҮРЭН: Оёдлын үйлдвэртэй болж, олон ажлын байр бий болгох зорилго тавьсан
-“Эко даавуун тор” төслөө хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?
-Би 2016 онд цус харваж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдан, биеийн нэг тал саажсан юм. Одоо бол бие минь өдрөөс өдөрт сайжирч байгаа. Баруун гар, хөл сайн хөдөлдөг. Гүйж чадахгүй ч тор оёод суухад төвөг багатай. Тиймээс өнгөрсөн оны аравдугаар сараас тор оёж эхэлсэн. Одоогоор гурван төрлийн тор оёж байна. Үйлчлүүлэгчийн захиалгын дагуу ажлаа гүйцэтгэдэг. Ажлын өдрүүдэд тороо оёод, бямба, ням гарагт дэлгүүрүүдэд хүргэдэг юм. Эсвэл “Драгон” авто вокзалд очиж, орон нутгийн унаанд дайн, хэрэглэгчид рүүгээ явуулдаг.
-Эко буюу даавуун тор оёж эхлэх санааг хаанаас олсон бэ. Материал авах, оёдлын машинтай болох гээд багагүй зардал гарсан байх. Анхны санхүүжилтээ хэрхэн бүрдүүлж байв?
-Гялгар уут байгальд шингэхгүй олон зуун жил болдог, экологид ээлгүй хэрэглээ. Тиймээс юуны түрүүнд гялгар уутан торыг халахад хувь нэмрээр оруулъя гэж бодсон. Даавуун тор нь өрхийн санхүүд ч хэмнэлттэй. Угааж, цэвэрлээд, удаан хэрэглэж болно. Төслөө эхлүүлэхийн тулд ХНХЯ-ны харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс өнгөрсөн есдүгээр сард таван сая төгрөгийн зээл авсан. “Эко даавуун тор” төсөл минь шалгарч, санхүүжилт авах эрхтэй болсон юм. Зээлийнхээ 2.5 саяыг нь буцаан төлнө. Үлдсэн нь буцалтгүй тусламж. Сард 70 000 төгрөг төлдөг. Би сар бүр тэтгэмж авдаг. Бас тор зарсан орлогоо тооцвол зээлээ сар сард нь төвөггүй төлдөг. Ер нь санаачилгатай хүнд төрөөс олон дэмжлэг үзүүлдгийг ойлгосон.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээнд та хамрагддаг юм байна шүү дээ.
Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, амьжиргааг нь сайжруулах зорилгоор төрөөс хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагддаг уу. Энэ талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн харьяа “Нэг зүрх” төвийн бясалгалын сургалтад сууж байлаа. Өөр сургалт, арга хэмжээнд оролцож байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, уулзалт болсон талаарх мэдээллийг тухайн арга хэмжээ өнгөрсний дараа авдаг гэхэд болно. Мэдээллээ ил тод, хүртээмжтэй түгээх хэрэгтэй болов уу.
-Тор худалдан авагч хэр олон байдаг бол?
-Нэг торыг 3000 төгрөгөөр борлуулдаг. Нэг ам метр даавуугаар гурван тор хийж болдог. Олон нийтийн сүлжээнд зар байршуулж, тороо борлуулж байна. Ажлаа эхлүүлээд удаагүй учраас үйлчлүүлэгч тийм ч олон биш ээ. Би охин болон хоёр зээ хүүгийн хамт амьдардаг юм. Охин минь багш. Зээ нар цэцэрлэгт явдаг. Тэд маань тор эвхэж, тоолоход надад тусалдаг юм. Бидний сарын орлого хангалттай хүрэлцдэг гэж хэлж чадахгүй. Гэсэн ч орлогоо сайжруулах гэж тор оёж, бас өөр чиглэлүүдээр ч хөдөлмөр эрхлэх хүсэлтэй. Жишээ нь, би орос хэлний орчуулга хийх боломжтой. Гурван жилийн өмнө оросуудтай хамтарч ажилласан нэгэн компанийн төслийн орчуулгыг хийж байлаа. Харин сүүлийн үед орчуулгын товчоо олширч, орос хэлний хэрэглээ хумигдсан юм уу, ажлын санал ирэхээ больсон. Бас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэрээр герман хэл зааж чадна.
-Та цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйлдвэртэй болох зорилготой гэсэн байх аа?
-Хойд хөршид оёдлын технологич мэргэжил эзэмшээд, 1992 онд эх орондоо ирж байлаа. Түүнээс хойш энэ чиглэлээр дагнан ажилласан. “Буян” компани болон бусад үйлдвэрт ажиллаж байв. Мөн Чех, Германд оёдолчин, мастераар 7-8 жил ажилласан. Миний чадах ажил бол оёдол, эсгүүр хийх, мөн аргачлалыг нь бусдад заах юм. Одоохондоо хоёр бүсгүйг туслахаараа ажиллуулж байна. Цаашид оёдлын үйлдвэртэй болж, илүү олон ажлын байр бий болгох зорилготой. Хөнгөн үйлдвэрлэл нь ажлын байр олноор бий болгож, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой байлгадаг чухал салбар. Тиймээс өрхийн үйлдвэрлэлээ хамт олных болгох зорилготой. Мөн хувцаслалтын талаар зөвлөгөө өгч, ажил, мэргэжлийнхээ онцлогт тохируулан зөв дүр төрх хэрхэн бүрдүүлэх талаар сургалт зохион байгуулах хүсэл ч бий.
-Оёдлын үйлдвэртэй болоход эхний ээлжид хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатайг тооцож байв уу. Энэ чиглэлээр судалж амжсан уу?
-Цаашид хоёр төрлийн зүйл оёх төлөвлөгөөтэй. Нэг нь гэр ахуйн жижиг хэрэгсэл. Нөгөөх нь биеийн тамирын танхимд болон гэрт өмсөхөд тохиромжтой хослол. Гэр ахуйн жижиг хэрэгсэлд тор, хормогч, бээлий зэргийг хамруулж болно. Мөн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хэрэгцээт жижиг эдлэл буюу дэр, хөнжил, гадуур хувцасны уут нийлүүлж болох юм билээ. Ийм бүтээгдэхүүний захиалга тасардаггүйг анзаарсан. Хүн бүр гэртээ, амралт зугаалгад өмсөхөд тохиромжтой хослолыг биед эвтэйхэн, зөөлөн материалаар оёх боломжтой. Олон жил оёдлын салбарт ажилласан болохоор материалын чанарт би их ач холбогдол өгдөг. Манай улсад БНХАУ-аас төрөл бүрийн даавуун материал хангалттай орж ирдэг учраас оёдлын үйлдвэрлэл эрхлэх боломж их. Эхний ээлжид оёдлын цех нээхэд юуны түрүүнд зориулалтын ажлын байр хэрэгтэй. 10 орчим хүн сууж ажиллахад тохиромжтой, шаардлагатай төхөөрөмж, оёдлын машин суурилуулах зай талбай бүхий байр шаардлагатай. Үүнд хэр их санхүүжилт шаардлагатайг одоогоор нарийвчлан тооцоогүй. Учир нь хил хаалттай, материалын сонголт цөөн, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт ч одоохондоо тааруу байна.
Г.ЦЭНДМАА: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын харж буйгаас илүү чадвартай
-“Tsendmaa’s hand made” нэрийн саван тодорхой хэмжээнд олон нийтэд танигдсан. Байнгын үйлчлүүлэгчтэй ч болсон байх. Үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлж байв?
-Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос олон хүн гэртээ сууж, цаашид ямар бизнес эрхэлж болох талаар бодсон болов уу. Би ч тэдний адил бодож, төлөвлөн, саван хийж эхэлсэн. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын Ч.Ганжавхлан ах эхний санхүүжилтийг бүрдүүлэхэд тусалж байлаа. Би найз залуутайгаа хамт ажилладаг. Бид цуглуулсан багахан мөнгөн дээрээ Ч.Ганжавхлан ахын өгснийг нийлүүлж, саван хийх плитка, тогоо, жин, түүхий эдээ авч байлаа. Ингээд нэг жил хүрэхгүй хугацаанд цөөнгүй хүнд танигдан, байнгын үйлчлүүлэгчидтэй ч болсон. Саван борлуулсан орлогоосоо сайн үйлсийн аянд ч хандивлаж байлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө гар, нүүрийн саван хэрхэн хийх тухай сургалтад суусан минь бичил бизнесээ эхлүүлэхэд тусалсан гэж болно. Түүхий эд олдоцтой бол хийхэд тийм ч хэцүү биш.
-Савангийн түүхий эд элбэг байдаг уу?
-Бид савангийнхаа суурь түүхий эдийг БНСУ-аас авдаг. Цар тахлын улмаас хилийн боомтууд хаагдсан нь түүхий эдийн нөөц багасан, тээврийн зардал өсөхөд нөлөөлж байна. Харин зөгийн бал болон бусад түүхий эдийг дотоодоос бэлтгэдэг. Жишээ нь, савангаа анх 3000 төгрөгөөр борлуулж эхэлсэн ч өдгөө 4000- д хүргэсэн. Энэ нь түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой. Харин сав, баглаа боодолд их мөнгө зардаггүй. Логог дүрсэлж, савангийн найрлагыг бичсэн жижиг шошго наасан нимгэн гялгар уутаар бүрдэг. Энэ нь хог хаягдал бага үүсгэх савлагаа. Савангийн найрлага нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, харшил үүсгэхгүй. Би хоёр төрлийн саван хийдэг. Бүтээгдэхүүнүүд маань МХЕГ-ын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. Нэмж хэлэхэд, савангаа хүргэлтээр түгээхээс гадна заримдаа гудамжаар явж борлуулдаг байлаа. “Гар хийцийн саван аваарай” гээд л хашхирч явна. Тэр үед зарим хүн биднийг гуйлга гуйж буй мэтээр хүлээн авдаг байсанд сэтгэл эмзэглэдэг. Уг нь залуу хүмүүс санаачилсан жижиг бизнесээ эхлүүлэн, бүтээгдэхүүнээ л борлуулж буй хэрэг шүү дээ. Гэхдээ өрөвдөж юм уу, эсвэл буян бодож худалдан авахаас илүүтэй талархан дэмжигч олон бий.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тав хүртэлх сая төгрөгийн зээл олгодог. Үүнд хамрагдах талаар судалж байв уу?
-Уг нь бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр цөөнгүй байдаг. Гэхдээ би тэдгээрт хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, халамжийн тэтгэвэр авдаг, байнгын асаргаа шаардлагатай учраас зээл авах эрхгүй, эргүүлэн төлөх чадамжгүйд тооцогддог юм билээ. Харин сургалтын төлбөрийг минь төрөөс төлдөг юм. Би Сүхбаатар дүүрэг дэх “Оюутны өргөө-II” дотуур байранд амьдардаг. Хэдийгээр Улаанбаатарт төрж, өссөн ч сургуульдаа ойр байхыг бодолцон, уг байрны хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан өрөөнд амьдардаг. Оюутны байрны төлбөрөө өөрөө төлдөг.
-Хөгжлийн бэрхшээлтэй залуус нийгмийн харилцаанд төвөггүй оролцох, ялангуяа бизнес эрхлэх орчин нөхцөлийг манай улсад хэр сайн бүрдүүлсэн гэж та үнэлэх вэ?
-Шинэ бизнес эхлүүлж буй бүх хүнд тулгардаг бэрхшээл адил байх. Тухайлбал, санхүүжилт олох, үйлдвэрлэлээ эхлүүлэх, борлуулах сувгаа олох зэрэг асуудал тулгардаг. Бид ч эдгээр асуудлыг тойроогүй. Сурталчилгаа чухал юм билээ. Бид фэйсбүүк дэх “Tsendmaa’s hand¬made” хуудсаараа дамжуулан сурталчилгаа хийж, худалдан авагчдаа олдог. Мөн CU дэлгүүрийн бүх сүлжээгээр савангаа борлуулж байгаа. Тус байгууллагынхан бидний ажлыг үнэлж, ийнхүү дэмжсэнд үнэхээр их талархдаг. Олон нийт, нийгмийн харилцаа хандлага энэ мэтээр өөрчлөгдөж байна. Одоогоос 10 жилийн өмнө бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бусад хүн гайхаж, хачирхан харах, зарим тохиолдолд айж бэргэх нь түгээмэл байлаа. Эсвэл учиргүй эвийлж, хөөрхийлдөг байсан. Харин одоо ийм тохиолдлууд багасаж, эрх тэгш харилцах учиртай гэдгийг хүмүүс ойлгодог болжээ.
-Төрөөс хэрэгжүүлж буй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд хамрагддаг уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг клубээр дамжуулан саван хийх сургалтад 2018 онд үнэ төлбөргүй хамрагдаж байлаа.
-Түүхий эдээс шалтгаалан үйлдвэрлэл тодорхой хувиар буурсан уу. Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаарх төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Ямартай ч фэйсбүүкээр ирүүлсэн болон CU дэлгүүрийн долоо хоног бүрийн захиалгыг биелүүлж буй. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, эхний ээлжид Улаанбаатарын бүх дэлгүүрээр савангаа борлуулах мөрөөдөл бий. Үүний тулд үйлдвэрт ажиллах хүмүүс олж, үйл ажиллагаа өргөжүүлэн, тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй. Одоохондоо би хичээлээ хийх, захиалгат бүтээгдэхүүнээ нийлүүлэх гээд зав муутай учраас цаашдын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж амжаагүй л явна.
-Та МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангид суралцдаг. Багш болохоороо шавь нартаа хичээлийн агуулгаас гадна ямар мэдлэг, ойлголт өгнө гэж боддог вэ?
-Би хоёрдугаар дамжааны оюутан. Сургуулиа төгсөх үедээ илүү мэдлэг, бодол, ойлголттой болох байх. Гэхдээ ямар ч байсан өөртөө болон хийж хэрэгжүүлэх ажилдаа итгэлтэй, зоригтой байхыг зөвлөнө. Хичээж, зүтгэвэл боломжгүй зүйл үгүй гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын харж буйгаас илүү хүчтэй, чадвартай. МУБИС тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг гадаадад бэлтгэх зорилготой. Ялангуяа ОХУ-д энэ чиглэлээр мэргэжилтэн төгсгөх эхний алхмыг хийж, монголчууд тэнд суралцаж байна. Сургуулиа төгсөж ирээд МУБИС-даа ажиллаж буй багш ч бий. Би бакалаврын зэргээ Монголд хамгаалсны дараа ОХУ-д магистрт сурах мөрөөдөлтэй.