Хөгжлийн банкны үе үеийн удирдлага болох А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-нд ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15.30 цаг хүртэл, Мөн яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар