Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ жил 40 420 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Түүнчлэн шалгалт зохион байгуулахад 9000 орчим багш, ажилтан оролцох аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шалгалт өгөх хүүхдүүдийн 38 200 нь 17-18 насныхан. Тэд ирэх сарын 19 гэхэд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд, багш нар, эцэг, эхчүүд бүгд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн байх учир шалгалт зохион байгуулахад эрсдэл учрахгүй гэж үзсэн. Цөөнгүй эцэг, эх шалгалтыг цуцалж, судалсан хичээлийн дүнгээр тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал гаргасан. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар дүйцүүлэх боломж байгаагүй” гэж мэдээлсэн юм.
Эргэн сануулахад, элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 1-4-нд орон даяар зохион байгуулахаар товлосон байв. Гэтэл цар тахлын улмаас хойшлуулах шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн зургадугаар сарын 23-нд гаргасан. Тодруулбал, 1061 төгсөгч халдвар авч, 100 хүүхэд ойрын хавьтал болсон, шалгалт зохион байгуулахад оролцох багш, мэргэжилтнүүдээс 16 нь “Ковид-19”-өөр өвчилж, эмчлүүлж байсан тул ийнхүү шийдвэрлэснийг салбарын сайд мэдэгдсэн юм. Үүнээс гадна нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут бөгөөд хэрэв шалгуулагч “Ковид-19”-өөр өвчилснөө мэдээгүй байвал олон хүүхдэд халдвар тараах эрсдэлтэй гэж үзсэн билээ. Тиймээс төгсөгчдийг заавал коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулсны дараа шалгалтыг зохион байгуулах нь зүйтэй гэж БШУЯ-наас мэдэгдэж байлаа.
Бэлтгэсэн М.Оч