Сүхбаатарын талбайд иргэн амиа егүүтгэсэн явдалтай холбогдуулан уг хэргийг яаралтай шалгаж, учир шалтгааныг нь нэн даруй олж тогтоохыг тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагуудад Ерөнхийлөгч Х.Баттулга даалгасан. Улсынх нь иргэн гэгээн цагаан өдрөөр төв талбайд түм түжигнэж байхад өөрийгөө шатаасан нь Төрийн тэргүүний сэтгэл чилээх асуудал мөн ч иргэн өмнөд бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад ажилласныхаа цалинг авч чадаагүйн улмаас зулын гол болсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан нь түүнийг түргэн авхуулахад хүргэв бололтой. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6, Тавантолгой-Гашуунсухайтын 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөгийн Ерөнхийлөгч өмнөө барьж, ярьсаар ирсэн. Тиймээс ч тэрхүү том ажилд хүмүүсийг дайчилчихаад, цалин хөлсийг нь өгөхгүй, өөрийгөө шатаах хүртэл нь зовоолоо гэх сэтгэгдэл, шүүмжлэл тэрхэн зуурт нийгмийн сүлжээнд газар авах нь тэр. Гэвч талийгаач хаана, ямар ажил эрхэлдэг байсан талаар цагдаагийн байгууллагаас өгсөн албан ёсны тайлбар, мэдээлэл дээрхээс тэс өөр, тэр хүн төмөр замын бүтээн байгуулалтад оролцоогүй гэх. Үхэл, хагацлыг ч улстөржүүлж, юу ч хийхээс буцахгүй болох цаг үе цаашлах биш, наашилж байна. Улстөрчид улам увайгүй болох цаг айсуй явааг ядаж иргэд, сонгогчид бид мэдэж байх учиртай.
…Иргэд, олон нийтийн сэтгэл санаа туйлын тогтворгүй, эмзэг болчихсон. Ийм нөхцөлд эвийг эрхэмлэх, хүчээ нэгтгэх нь юу юунаас чухал атал төр, засгийн удирдлага нь иргэдийг, олон нийтийг үг, үйлдлээрээ хямрааж байна. Угтаа удирдан чиглүүлж, урам зориг өгөх ёстой атал “төрийн эргэлт”, “хувьсгал” гэх мэт үгийг хаа хамаагүй хэрэглэж, хүн ардыг хөөргөж сууна. Энэ нь иргэдийн зарим нэгнийг болчимгүй үйлдэл хийхэд түлхэж байхыг ч үгүйсгэхгүй. Төв талбайд өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатаана гэх мэтээр сүржигнэсэн гишүүний үйлдэл ч түмэн олонд таатай санагдсан нь юу л бол…
Өөр нэг жишээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрохоо мэдэгдэхдээ “Залуучуудын жагсаал, цуглааныг далимдуулж улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, иргэд үзэл бодлоо илэрхийлэх үйл явцыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна. Цаашид зохион байгуулалттайгаар жагсаал, цуглаан хийж, Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн ийм үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн төрийн институц хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх, улмаар олон нийт үймээн, самуунд татагдан орж, монгол хүний амь нас эрсдэх вий гэдгээс урьдчилан сэргийлж байна. Та бүхэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг мартаагүй. Үүн шиг үйл явдал дахиж бүү давтагдаасай хэмээн Ерөнхий сайдын хувьд хүсэж байна. Огцорч буй маань ч үүнтэй холбоотой. Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах үүргийг түүнд Үндсэн хуулиар олгосон. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлэлгүй, зөвхөн сонгуульд чиглэсэн улс төрийн үйл ажиллагааг удаа дараа хийж, төрийн тогтворгүй байдал бий болгох, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүдийг өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулж байгаа. Төр төвшин, түмэн олон амгалан байх нь төрийн “өндөрлөгүүд” гэгддэг ҮАБЗ-ийн гурван гишүүнтэй шууд холбоотой. Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж надад алга” хэмээсэн нь айдас төрүүлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар ч үүнтэй агаар нэг үг хэлэв. Тэрбээр УИХ-ын намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн өмнөх Засгийн газар иргэнээ дээдэлдэг төр байх, тэдний өмнө хүлээсэн үүрэгтээ эзэн болох, алдаа, дутагдал гарвал ёс зүйн хариуцлага хүлээж чаддаг байхын үлгэр дуурайлыг харуулсан. Нөгөө талаар цаг зуурын ашиг хонжоо эрэлхийлэх, хууль зөрчиж улстөржих, ард түмнийхээ эв нэгдлийг хагалан бутаргах аливаа үйлдлээс ангижрах цаг болсныг дохиолсон сануулга болсон” хэмээн онцолно лээ.
Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр (У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас чөлөөлсөн өдөр) Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг МАН-д авч ирсэн, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж, тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх, Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн хүмүүс, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гэх нь тэр. Дайн, байлдаантай кино ч биш дээ.
У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн тус жагсаалын үеэр хэн нэгэн, тэр дундаа Төрийн тэргүүн улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсэхийг бид мэдэхгүй. Харин дөнгөж төрсөн эмэгтэйг коронавирусийн халдвартай гэх шалтгаанаар нярайн хамт тусгаарлах үйл ажиллагаанд олон нийт шүүмжлэлтэй хандаж, улмаар Улсын онцгой комисс, Засгийн газрын холбогдох сайд нарт хариуцлага тооцохыг шаардаж иргэд, тэр дундаа залуучууд голдуу жагссан нь хэн бүхэнд ойлгомжтой байсан. Засгийн газар нь огцорчихно гэж залуучууд санаагүй биз. Сэтгэл эмтрэм, элэг шимшрэм үйл явдлыг эрх баригчид ийнхүү өөрсдөд ашигтайгаар эргүүлсэн нь энэ. Ингэхдээ үймээн, самуун, иргэдийн амь нас эндэх гэх мэт үг хэллэг хэрэглэж, долдугаар сарын 1-ний үйл явдлыг сануулав.
Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш төд удалгүй “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байна. Архираад л байдаг, зууж чаддаггүй. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно” хэмээсэн нь мартагдаагүй л байна. Уг нь У.Хүрэлсүх хамгийн хүчтэй Ерөнхий сайд болчихоод байв. Манай үе үеийн Ерөнхий сайдыг “шүдгүй арслан” болгосон хуулийн хүлээсийн гадна ашиг сонирхлын зөрчилд цаламдуулалгүй ажиллах боломжийг өнгөрсөн хавраас мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр түүнд олгосон юм. Засгийн газрын бүтцээ зурж, бүрэлдэхүүнийг нь томилохоос авхуулаад бяр нь амтагдаж байх учиртай ч “Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж надад алга” хэмээсэн нь юу өгүүлнэ вэ. Түүний үг үнэн бол төрийн дээр үнэхээр аймаар зүйл өрнөж буй болж байх нь. Харин худал бол тэд өвчин зовлон, өлгийтэй нялхсыг улс төрийн “тоглоом”-доо ашиглаж, үзэл бодол, үнэт зүйлсийг минь гишгэлсэн хэрэг.
Коронавирусийн халдварт цар тахал бидэнд амаргүй сорилт, бэрхшээл учруулж буй. Цар тахлын сөрөг нөлөө иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эх орны эдийн засаг, улс хоорондын харилцаанд хүртэл нөлөөлж байна. Үүнийг дагаад иргэд, олон нийтийн сэтгэл санаа туйлын тогтворгүй, эмзэг болчихсон. Ийм нөхцөлд эвийг эрхэмлэх, хүчээ нэгтгэх нь юу юунаас чухал атал төр, засгийн удирдлага нь иргэдийг, олон нийтийг үг, үйлдлээрээ хямрааж байна. Угтаа удирдан чиглүүлж, урам зориг өгөх ёстой атал “төрийн эргэлт”, “хувьсгал” гэх мэт үгийг хаа хамаагүй хэрэглэж, хүн ардыг хөөргөж сууна. Энэ нь иргэдийн зарим нэгнийг болчимгүй үйлдэл хийхэд түлхэж байхыг ч үгүйсгэхгүй. Төв талбайд өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатаана гэх мэтээр сүржигнэсэн гишүүний үйлдэл ч түмэн олонд таатай санагдсан нь юу л бол. Удахгүй хавар болж, хүмүүсийн сэтгэл санаа улам тогтворгүй болох нөхцөл бүрдэнэ. Сонгуулийн солиорол ч залгана. Бохир технологи, хар, муу бүхнийг бие бие рүүгээ бөмбөгдөх та бүхний хөлд ард түмэн хохирох учиргүй. Ядаж л эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүд бүгдээрээ үгээ бодож яримаар байна. Үг, үйлдлүүд чинь үнхэлцэг хагалах шахам айдаст автуулж байна шүү.