Манай Ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас урьтаж, ойрын хүмүүс, шадар туслах, зөвлөхүүдээ аль нэг улсад Элчин сайдаар илгээж, албан тушаалтай болгочихоод буудгийг нь бодвол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг АНУ, аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдыг Герман руу томилно гэх яриа оргүй зүйл биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд л 2017 оны тавдугаар сарын сүүлчээр (сонгууль зургадугаар сард болсон) зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцар, зөвлөх А.Баттөрийг Франц, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар томилох саналаа УИХ-д танилцуулан, дэмжүүлж байв. Өдгөө тэд бүгд үүрэгт ажлаа гүйцэтгэж буй.
Элчин сайд А.Баттөр нь мөнгө угаасан гэх хэрэгт “холбогдсон” ч Францад дөрвөн жил ажиллаж, бүрэн эрхийн хугацаа нь ч үндсэндээ дуусаж байгаа билээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө угаасан байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулан, цагдан хорьж байсан бөгөөд өдгөө үргэлжлүүлэн шалгаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд асан Ө.Энхтүвшинг Франц улсад Элчин сайдаар илгээх тухай яриа өнгөрсөн зун, Ардын намын үнэмлэхүй ялалтын дараачаас чих дэлсэх болсон. Уг нь Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг эгүүлэн татаж, Б.Болормааг томилох саналыг Засгийн газраас Ерөнхийлөгчид уламжилж, улмаар өнгөрсөн оны эхээр Төрийн тэргүүн түүний хамт 10 гаруй хүний талаар зөвшилцөхөөр УИХ-д саналаа хүргүүлэн, хэлэлцсэн. Гэвч БНСУ-д Ц.Өнөрзаяа, БНЭУ-д Ч.Бүрэнбаярыг Элчин сайдаар томилохыг МАН-ын бүлэг дэмжээгүй тул Ерөнхийлөгч зөвшилцөх саналаа бүхэлд нь татчихсан юм. Үүнээс хойш, өнгөрсөн оны тавдугаар сард Н.Эрдэнэтуяаг БНСУ, Т.Бадралыг БНХАУ-д Элчин сайдаар томилсноос өөрөөр энэ “талбар”-т хөдөлгөөн хийгдсэнгүй.
АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2018 оны гуравдугаар сард Төрийн тэргүүнээс итгэмжлэх жуух бичгээ авч, ажилдаа орсон. Тэрбээр Элчин сайдаар ажиллаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Уг нь Л.Пүрэвсүрэн, А.Баттөр, Д.Ганбат нарын хамт УИХ-аас дэмжлэг авсан ч Ё.Отгонбаяр жил гаруй хугацаанд “саатуулагдсаны” эцэст АНУ-ыг зорьсон. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед АНУ-д албан ёсны айлчлал хийхээргүй байсан бол түүнд итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй байхыг үгүйсгэхгүй гэлцэх нь ч бий. Гэвч Ё.Отгонбаяр азтай. Түүнтэй хамт УИХ-аар орж, дэмжлэг хүлээн, Япон, Канадаас агреманыг нь хүртэл хүргүүлээд байсан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар явуулаагүйг санаж буй биз ээ. Б.Хурцад ч БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг нь өгөөгүй билээ.
Мөн ИБУИНХУ-аас С.Баяр, Шведээс М.Энхсайханыг ирүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлж, Элчин сайдаас нь эгүүлэн татах зорилгодоо өнөөгийн Төрийн тэргүүн хүрсэн. Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад төд удаагүй тэднийг эгүүлэн татах талаар зөвшилцөх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснийхөө дараахан УИХ-д уламжилсан юм даг. Тухайн үед М.Энхсайханыг гэхэд л Элчин сайдаар томилохыг УИХ дэмжээд ердөө зургаа, тэрбээр Шведийн Хаант Улсын хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад дөнгөж хоёр сар болсон байв. Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Шведтэй тогтоосон харилцаандаа баримтлах зарчим нь Төрийн тэргүүн хэн байхаас хамааран өөрчлөгддөг, эсэхэд тус улсын төр, засгийнхан эргэлзсэн нь лав. Эсвэл өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь М.Энхсайхан гэж үл бүтэх этгээдийг тэдэн рүү илгээсэн юм биш биз хэмээн гайхсан байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн Төрийн тэргүүн Засгийн газраас өргөн барьсан, Элчин сайд нарыг томилохтой холбоотой саналаас заримыг нь УИХ-д өргөн мэдүүлэлгүй, үлдээж байсан удаатай. Тодруулбал, Австрали дахь Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа хэдийн дууссан байхад өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга (тухайн үед тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байсан) Н.Анхбаярыг тэнд томилох саналаа Засгийн газраас уламжилсан ч Ерөнхийлөгч түүнийг нэрийг УИХ руу оруулаагүй. Өөрөөр хэлбэл, түүнтэй хамт танилцуулсан хүмүүсийг Төрийн тэргүүн УИХ-д өргөн мэдүүлж, Элчин сайдаар томилсон. Хэдийгээр Засгийн газраас уламжилсны дагуу нэрийг нь УИХ-д хүргүүлсэн ч Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй хүн ч бий. Жишээ нь, Болгар улсад Элчин сайдаар томилуулахаар танилцуулсан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийг дэмжээгүй. Тиймээс ч УИХ дахь олонхын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Ц.Өнөрзаяа, Ч.Бүрэнбаяр нарыг дэмжилгүй, хариуг нь барьсан гэдэг.
Гэхдээ Ерөнхийлөгч бүгдийг нь голж, шилж, элдэв саад, тээг тавьсан уу гэвэл үгүй. Тухайлбал, Куба, Орос, Тайланд, Польш, Швед улс, НҮБ-ын дэргэд суух Элчин сайд нарыг өнгөрсөн оны эхээр хамтад нь дэмжиж, итгэмжлэх жуух бичгийг нь өвөртлүүлээд, тус тусын оронд нь илгээсэн билээ. Өдгөө Унгар, Киргиз, Австрали, Болгар, Чех, Итали, Энэтхэг, Беларусь, Египет, Сингапур, Лаос, Арабын Нэгдсэн Эмират болон БНАСАУ зэрэгт суугаа Элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаа нь хэдийн дууссан бөгөөд заримыг нь эгүүлэн татахтай холбоотой саналыг хоёр жилийн өмнөөс тавьсан юм. Сая албаа өгсөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Энэ онд бүрэн эрхийн хугацаа нь хэтэрсэн долоо, хугацаа нь болчихсон 10 гаруй Элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томилох ёстой. Өөрөөр хэлбэл, 20 орчим Элчин сайдтай холбоотой саналыг холбогдох газарт нь уламжилж, шийдвэрлүүлэхээр байна. Үүнийг энэ ондоо багтаана. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллаж байсан долоон хүнийг эгүүлэн татсан. Харин ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд бий. Иймд 30 орчим Элчин сайдыг томилохтой холбоотой асуудал яригдахаар байна” хэмээн хэвлэлийнхэнтэй уулзахдаа хэлж байсан.
Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад ажиллах Элчин сайдын томилгоонд сайнаар хэлбэл, нухацтай, яарч тэвдэлгүй, саараар хэлбэл, гацааж, хэдэн сар, жилээр уяж байж шийддэг хандлагыг танил болгон үлдээж байх шиг. Энэ нь ч хоёр талтай. Монголын төр үеэ өнгөрөөсөн улстөрчдөд өртэй юм шиг албан тушаал зэхэж, аль нэг улс руу амрааж буй аятай Элчин сайдаар илгээдэг хандлагыг тэр нэг талаар сөрсөн. Дэмжихгүй, явуулахгүй, итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй байж болдгийг тэр харууллаа. Энэ хэрээр тэтгэврийн улстөрчдийн бөглөх байсан зайнд мэргэшсэн дипломатчид ажиллах нь нэмэгдэж, Элчин сайдын томилгоо чамбайрсан гэж хэлж болно. Улмаар мэргэжлийн биш, дипломат салбарын байтугай төрийн албаны ч туршлагагүй, эрх барьж буй улс төрийн намын хүн гэх “шошго” зүүчихсэн залуус дараалал дайрдаг бичигдээгүй дүрмийг бага ч болов өөрчлөв. Нөгөө талаас аль нэг улс төрийн нам, хувь хүнийг чадахын тулд чадах гэж буй мэт илт ялгаварлаж байгаа дүр зураг ч тод ажиглагдлаа. Тиймдээ ч гадаад бодлого, дипломат харилцаандаа ул суурьтай хандаж, тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын нэр хүндийг хайрлах ёстой гэсэн эрхэм үүргээ хойш тавиад байна уу гэх хандлага ч ажиглагдаж байв.