Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг парламент дахь сөрөг хүчний гишүүд, Ерөнхийлөгч Х.Баттулга нар огцруулахгүй гэсэн ч УИХ-ын үнэмлэхүй олонхыг бүрдүүлдэг МАН-ынхан санал нэгтэйгээр огцруулсан сонирхолтой гэмээр үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Өөрсдийн Засгийн газраа сайн ажилласан хэмээн магтсан хэрнээ огцруулж орхисон эрх баригчид дараагийн Ерөнхий сайдаа тодруулж, нэг амьсгаагаар танхимыг нь бүрдүүлэхээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна.
…ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан ажиллахаар болсон гэсэн мэдээлэл хэд хоног явсан. Харин өчигдрийн байдлаар түүнийг намын 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлаа гардах, ой өнгөрөөгөөд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр тохирсон, харин ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан томилогдоно гэх “бор шувуу” МАН-ын цагаан байрнаас нисэв. Мөн Шадар сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн тул түүний орыг залгах өрсөлдөөнд Ж.Энхбаярын нэр тогтвортой яригдсан ч өчигдөр “Шадар сайд Улсын онцгой комиссыг удирдана. Онцгой хариуцлагатай энэ албанд УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүн байвал тохиромжтой” гэсэн байр суурь давамгайлж буй тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилно гэсэн мэдээлэл сонсогдож эхлэв. Нөгөө талаар Ж.Энхбаярт ч Шадар сайдаар ажиллах хүчтэй хүсэл байхгүй, тэр “Намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшвэл сонгуулийн штабыг нь ахална” хэмээсэн гэх…
Өмнөх Засгийн газраа алга урвуулахын зуурт унагасан тэд дараагийнхыг нь хуруу инчдэх төдийд байгуулахаар яаравчилж буй. Баасан гаргийн 10.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Ерөнхий сайдаа тодруулан, араас нь МАН-ын Бага хурал 99 хувийн саналаар дэмжсэнээ зарлав. Тухайн өдрийнхөө үдээс хойш Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад дуулгаж, зөвшилцөх саналаа хүргүүлсэн. Тэд бас “Ерөнхий сайдаа долоо хоногийн эхний хагаст томилж, шинэ Засгийн газраа энэ долоо хоногтоо багтаан байгуулна” хэмээн мэдэгдлээ.
Хэдийгээр парламентад үнэмлэхүй олонхын суудалтай МАН-ыг зогсоох хүч үгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг байгуулах үйл явцыг харьцангуй саадгүй явуулахаар болгосон ч гэлээ шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон нь хэтэрхий яарсан хэрэг байв. Ерөнхий сайдын томилгоонд Ерөнхийлөгч саад хийж, хориг тавих, эсвэл зөвшилцөхгүй хэмээн буцаах эрхгүй ч тэр тав хоног өөр дээрээ барих эрхтэй. Үндсэн хуульд УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн 15.00 цагт хүргүүлсэн. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буй МАН-ын албан бичгийг Төрийн тэргүүн өөрийн биеэр хүлээж авахаас татгалзаж, Тамгын газрын даргаа гаргасан гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир зөвшилцөх саналыг гардаж авах үеэрээ “Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь багтаан УИХ-д саналаа оруулна” гэсэн. Хуулийн хугацаанд багтаана гэдэг нь лхагва гаргийн 15.00 цагаас өмнө гэсэн үг.
Эрх баригчид Ерөнхий сайдыг томилох асуудлыг ажлын эхний өдөр “машиндахаар” төлөвлөсөн нь бярандаа хэт эрдсэн хэрэг байсныг сануулах өөр нэг шалтгаан нь тэд сөрөг хүчинтэй гэдгээ мартсан явдал. УИХ дахь АН-ын бүлэг “Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Танхимаараа хариуцлага хүлээж байна гэж огцорчихоод, огцорсон ЗГХЭГ-ын даргыг Ерөнхий сайдаар томилох нь ёс зүйгүй үйлдэл” хэмээн мэдэгдлээ. Эл мэдэгдлийг сөрөг хүчин өөрт хуулиар олгогдсон боломжийг ашиглаж, Ерөнхий сайдын томилгоог саатуулна гэж уншихад буруудахгүй биз. УИХ-д бүлэгтэйн хувьд АН-ынханд завсарлага авах боломж нээлттэй. Олонхын шийдвэрийг өөрчилж чадахгүй ч ганц, хоёр хоногоор хойшлуулж “уях”, тэр хоорондоо чадлынхаа хэмжээгээр улс төр хийх арга сүвэгчлэх биз. Тэгэхээр эрх баригч намынхны “Энэ долоо хоногт Засгийн газраа томилно” хэмээн хөөрсөн хүсэл нь биелэхгүй байж мэдэх нь. Гэхдээ зөвхөн энэ долоо хоногт. Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг өөр дээрээ “уях”, сөрөг хүчин завсарлага авах зэрэг нь бүгд хуулийн хугацаа, хязгаартай учраас асуудал эрх баригчдын хүссэнээр үргэлжилнэ.
Эрх баригч намынхан Л.Оюун-Эрдэнийг санал нэгтэй дэмжиж буй. Ерөнхийлөгч болон сөрөг хүчинд тэдний шийдвэрийг нэгмөсөн өөрчлөх, саад хийх чадамж байхгүй. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллах нь нэгэнт тодорхой болсон. Түүнийг УИХ ойрын хугацаанд томилох нь гарцаагүй. Тиймээс тэр Засгийн газраа бүрдүүлэх асуудалд
төвлөрч буй. Одоогоор тодорхой болсон зүйл нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалах, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зэрэг ерөнхий чиг үүргийн зургаан яам ажиллана. Мөн Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн зэрэг чиглэлийн найман яамтайгаар цааш явах нь.
Соёлын яамыг татан буулгах гэх мэтээр бүтцэд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдсөн ч ингэвэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаас эхлээд дуусахгүй ажил ундарна. Намрын чуулганы завсарлах хугацаа хаяанд ирсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй энэ үед Засгийн газрын бүтцийн асуудал ярьж сунжрах нь улстөржилтийн бай болох эрсдэлтэй гэж үзэн хойш тавьсан гэнэ. Яам татан буулгах, шинээр яам байгуулахын тулд Ерөнхий сайд саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцүүлэн хууль батлуулах зэрэг процесстой билээ.
Бүтцийг ийнхүү хуучнаар нь үргэлжлүүлэхээр шийдсэн Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэд танхимын бүрэлдэхүүнээ тодруулах гэдэг том асуудал тулгарах нь мэдээж. Танхимдаа хэнийг ажиллуулахаа шийдэх нь үе үеийн Ерөнхий сайд нарыг хамгийн их зовоодог асуудал билээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ хуучин, шинэ танилууд, найз нөхөд, хамаатан садан, намын доторх бүлэг фракцын эв аяыг олж, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй хандах, зарим газар өөрийнхөө хүнийг эвтэйхэн шургуулж, зарим газар хэн нэгнээс эгзгийг нь тааруулж бултах гэдэг амаргүй бөгөөд амттай ажилтай энэ өдрүүдийг өнгөрөөж яваа нь цаг цагт солигдож буй сайдад горилогчдын нэрээс илт. Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн шийдэж, зарлаагүй тул сайдад горилогчид ч амсхийх завгүй хор найруулан гүйлдэж байгаа нь тодорхой харагдана.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцрохоос эхлээд явсан мессеж бол “Өмнөх танхимд сайн ажилласан сайдуудаа дараагийн засагт улираана”. Энэ ёсоор цөөнгүй сайд улирахаар байгаа ч солигдох нь бас чамлахааргүй дуулдана. Өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж буй тул түүний оронд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажиллахаар болсон гэсэн мэдээлэл хэд хоног явсан. Харин өчигдрийн байдлаар түүнийг намын 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлаа гардах, ой өнгөрөөгөөд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр тохирсон, харин ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан томилогдоно гэх “бор шувуу” МАН-ын цагаан байрнаас нисэв. Мөн Шадар сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн тул түүний орыг залгах өрсөлдөөнд Ж.Энхбаярын нэр тогтвортой яригдсан ч өчигдөр “Шадар сайд Улсын онцгой комиссыг удирдана. Онцгой хариуцлагатай энэ албанд УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүн байвал тохиромжтой” гэсэн байр суурь давамгайлж буй тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилно гэсэн мэдээлэл сонсогдож эхлэв. Нөгөө талаар Ж.Энхбаярт ч Шадар сайдаар ажиллах хүчтэй хүсэл байхгүй, тэр “Намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшвэл сонгуулийн штабыг нь ахална” хэмээсэн гэх.
Бусад яамны тухайд хамгийн олон эрх ашиг мөргөлдөж, хүмүүсийн шуналыг хөдөлгөж буй нь Эрүүл мэндийн яам. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ч явах хүсэлгүй байв. Тэр сайдын суудалд үлдэхийн тулд эмч, эмнэлгийн ажилчдыг жагсааж, хэвлэл, олон нийтийн сүлжээ ашиглан янз бүрээр үзэж буй. Нөгөө талд нь түүний суудлыг авахаар санаархагчдын нэр гарын хуруунд багтахааргүй жагсаалт үүсгэлээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед цар тахлаар далимдуулан хамгийн их мөнгө эргэлдүүлж буй, улсын томоохон эмнэлгүүдийг менежментээр хувьчлах ажил эхэлсэн, шинэ хавдрын эмнэлэг зэрэг том төсөл хэрэгжүүлэх гээд энэ салбарт бусдыг татах хүч их байгаагийн илрэл нь Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Ж.Цолмон, А.Цогцэцэг, С.Төгсдэлгэр гэхчлэн үргэлжлэх сайдад горилогчдын жагсаалт билээ. Эрүүл мэндийн яам үндсэн чиг үүргийн яам биш учраас давхар дээлтэй сайд томилогдох боломж үгүй. Ийм шалтгаанаар боломж нь хаагдсан зарим хүн Эрүүл мэндийн сайдад зүтгүүлчихээр итгэлт хүн хайж явсан сураг ч гарсан.
Энэ мэтээр өмнөх Засгийн газарт ажиллаж байсан бүх салбарын сайд үлдэх арга зам хайж, танхимын гаднах хүмүүс бүгдийг нь явуулж, оронд нь суух хор найруулж явна. Засгийн газрын бүрдэх хугацаа цаашлах тусам сайдад горилогчийн тоо нэмэгдэх биз ээ.