Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хэрхэн нөлөөлдгийг харуулах томоохон жишээ нь хандив. Хэдэн жилийн өмнө хэвлэл мэдээллээр “Бусад улс орны улстөрчид, урлаг соёлынхон ингэж сайн үйлс хийдэг, олон нийт нь хандив өгсөөр улс орноо босгоод ирдэг” хэмээн олонтоо жишээ авдаг байв. Харин өдгөө манайхан сайн үйлс, хандивын үйл ажиллагаанд өргөнөөр оролцдог, хувь, төр, иргэний ямар ч асуудлыг хандиваар шийдэхээр ханцуй шамладаг болж. Өөрт байгааг бусдын сайн сайхны төлөө хуваалцаж, хэн нэгэнд тусалсныхаа төлөө сэтгэл ханамж эдлэхэд буруу нь юу билээ. Гэхдээ аливаа зүйл хэт нэг тал руугаа хэлбийж, тун нь ихэдхээр туйлшрал, завхрал болдог зүй тогтол энд бас давтагдаж буйг анзаарч, анхаарал хандуулахаас аргагүй.
Хандив мэдээж муу зүйл биш. Ардаа ямар нэг зорилго агуулаагүй сэтгэлийн дэмжлэг бол буян. Эрүүл мэндийн тогтолцоо нь хүчгүй дорой, эмнэлгийн үйлчилгээ нь хүрэлцээ, чанар муутай манай улсын хэчнээн иргэн түмэн олныхоо сайхан сэтгэлийн хандиваар гадаадад эмчлүүлж, амьдрах хоногоо уртасгаж, эрүүл болж буйг тоолбол овоо дүн гарна. Бас ядарч зүдэрсэн нэгэндээ орон гэр, идэх хоол, өмсөх хувцсаар тусалж байгаа буянтан ч олон харагддаг. Аргагүй хоолойд нь тулсан асуудалтай, амь наана, там цаана яваа хүмүүст, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бэрхшээл тулгарсан нэгэндээ олуулаа нийлээд туслах нь гарцаагүй хэрэгтэй бөгөөд буянтай үйлс. Цаад хүндээ үнэхээр хэрэгтэй байгаад, олон түмний дэмжлэг хүссэн үед нь нүдээ олсон тус хүргэж, олны хүчээр асуудлыг нь шийдээд өгч чадвал хаана хаанаа баярлахаас яах билээ. Ийм буянтай сайн үйлсийн аян, хандив тусламжийн арга хэмжээ олон өрнөдөг нь сайхан хэрэг.
Гэтэл сайны хажуугаар саар гэдэг шиг нүдээ олоогүй, зорилго нь тодорхойгүй хандив, тусламжийн арга хэмжээ олны дунд цөөн биш болоод багагүй хугацаа өнгөрлөө. Сэтгэлийн өглөг, буянт үйл гэхээсээ илүү нэр алдарт дуртай хүмүүсийн зохисгүй үйлдэл гэвэл зохилтой явуургүй, ядсан хэлбэрдэлтүүд хэрээс хэтэрч, сайн үйлс, хандив тусламжийн үнэ цэн, утга учрыг алдуулж буй.
Улс төрд орохоор горилж буй нэгэн үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад аяга аарц, ганц бургер аваачиж өгөөд, түүнийгээ бариулан зургаа авхуулж, олон нийтийн сүлжээнд түгээхийг сонгуулийн жилүүдэд бид бишгүй хардаг. Үүнийгээ сүрхий сайн үйлс мэтээр сурталчилна. Гэвч угтаа өөрөө олонд танигдахын тулд бусдын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг аяга аарцнаас доор аваачсан энэ үйлдэл нь буян биш, харин ч нүгэлд дөхөх, хүний эрх зөрчсөн явдал билээ.
Хандив тусламжтай холбоотой хүний эрх зөрчих явдал үүгээр дуусахгүй. Угтаа хандив гэдэг сайн дурын үндсэн дээрх сэтгэлийн өглөг байх ёстой атал эрх мэдэл, албан тушаалтнуудын захирамж, шийдвэрээр шийдэгдэх нь олонтоо. Байгууллагын дарга нь ажилтнуудынхаа цалинг өөрийн дураар хандивт өгч, халааснаасаа гаргасан мэт царайлж зогсох явдалтай бишгүй л таарч байв. Хамгийн ойрхны жишээ гэхэд, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хандив цуглуулах шоунд оролцож суухдаа удирдлага дор нь ажилладаг хэдэн мянган хүний нэг өдрийн цалинг дур мэдэн хандивлаж орхисон. Энэ бол олон хүний цалинд дураараа халдаж, хэтэвч рүү нь шууд гар дүрсэн хэрэг юм. Хатуухан хэлэхэд, хүний эрхэнд халдаж дээрэм хийснээс өөрцгүй үйлдэл.
Зохимжгүй, хүнд хэрэгтэй гэхээсээ илүү өөрийгөө бодсон, бусдын эрхэнд халдсан хандивын жишээ үүгээр тогтохгүй. Дархан-Уул аймагт байр түрээслэн амьдарч байсан айлын бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан хэрэг гарахад энд тэндгүй хандивын аян өрнөсөн. Бурханд буцсан охидын аав, ээж, хамаатан садны хэн нь ч бусдаас тусламж, тэр тусмаа мөнгө төгрөг хүсээгүй байхад ийн шуурсан нь хандивын хэт туйлшрал, завхралын бодит жишээ болсон юм. Охидод яаралтай эмчилгээ шаардлагатай, босгоод ирэх горьдлоготой байсан бол өөр хэрэг. Гэтэл тийм зүйл үгүй. Үнэн хэрэгтээ эцэг, эхэд нь тэр мөнгөний хэрэг байгаагүй.
Тухайн үед, зарим нэг харласан дотортон нь хар нялхаараа, гурвын гурвуулаа бурхан болсон хөөрхий охидыг өрөвдсөн олон нийтийн эмзэглэл дээр дөрөөлж, өөртөө ашиг хонжоо олохоор хуурамч аян өрнүүлж, хувийн дансандаа мөнгө авсан нь хавтгайрсан хандивыг дагасан залилан, луйвар газар авч буйн баримт болсон. Мөн олны танил, хүүхэд залуусын даган дуурайдаг нэг бус хүн олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийн сүржигнэж, хэн ч тусламж гуйгаагүй байхад өөрсдийн дураар данс нээн хандив цуглуулж, нас барсан охид, тэдний ар гэрийнхний оршихуйд халдсан нь мөн л сайн үйлс нэрийн дор саармаг явдал нуугдаж буйн илэрхийлэл болж үлдсэн. Хандив цуглуулсан хүмүүс аав, ээжийнх нь данс руу хэдэн төгрөг хийсэн, түүгээр нь тэд аппарат, хэрэгсэл авч аймгийн эмнэлэгт өгсөн гэсэн товч мэдээ сүүлд гарсан харагдсан. Эцэг, эхэд нь энэ мөнгө байсан, байгаагүй адилхан, мөнгө байлаа гээд охидоо босгоод ирэхгүйгээс хойш гээд буцаан хандивлахаар шийдсэн хэрэг биз. Эцсийн дүндээ уг хандив юуны төлөө, ямар утга учиртай байсан нь тодорхойгүй, хандивын зарцуулалт, тайлан бүрхэг нууцлаг хэвээр дууссан. Зарцуулалт тодорхой байх шаардлагыг хэн ч тавьдаггүй, тайлан заавал тавих албагүй, энэ талаар тодорхой зохицуулалт байхгүй нь хандив ийнхүү хавтгайрч, олноороо уралдан хошуурах шалтгаан болж буй гэхэд хилсдэхгүй.
Утга учиргүй хандив хавтгайрсны хамгийн ойрын жишээ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай давах үйлсэд нэмэр тус болох зорилготой хэмээн танилцуулж, энд тэндгүй өрнүүлсэн аянууд. Асрамжийн газарт амьдардаг хөгшид тэтгэврээ, арван настай охин хадгаламжийн мөнгөө хандивласан л гэнэ. Нэг талаас харвал иргэд хэрэгтэй цагт улс орныхоо төлөө байгаагаа өргөж, нэгдэж, нийлж чадахыг харуулсан сайхан үйл явдал. Гэвч нөгөө талаас нь харвал үнэхээр хөгшдөөс тэтгэврийн мөнгийг нь, хүүхдүүдээс хадгаламжийг нь хандив болгон авахаас аргагүй хэмжээнд байдал хүндэрсэн үү. Олон түмнээс цугларсан их хэмжээний хөрөнгийг тооцож, бүртгэж, зарцуулалтад хяналт тавих тогтолцоо бий юү гэдэг асуултад хариулт хайх хэрэгтэй.
Улсын онцгой комисс, цар тахлаас урьдчилан сэргийлэх, оношилж, эмчлэх ажилд оролцож буй бусад байгууллагад өргөсөн хандивын тооцоог гаргасан, зарцуулалтыг нь тайлагнасан албан ёсны мэдээлэл одоогоор алга. Цаашид ч гарах, эсэх нь эргэлзээтэй. Харин хандиваар цугларсан мөнгө, хөрөнгө ямар ч хяналт, зохицуулалтгүй байж, албан тушаалтнуудын идэш болоод өнгөрч буй талаар таамаг төдий мэдээлэл, хардлага олноор хөвөрч байна. Ингэхээр хөгшидийн тэтгэврээсээ илүүчилсэн, хүүхдүүдийн гацуураасаа сугалсан мөнгө, мөнгөнөөс илүү үнэ цэнтэй сэтгэл юу болох вэ.
Үнэндээ хандив хэмээх буяны үйлс улстөрчдийн сурталчилгааны сонгодог хэрэгсэл, зарим зальхай нэгний бизнес, хөлжих хэрэгсэл, бүр залилан мэхлэх гэмт хэргийн төрөл болтлоо хавтгайрсан. Хандивын аян нэрээр залилан хийсэн тохиолдол бишгүй. Хүнд өвдсөн, амьдрал тааруу иргэдийн нэрийг барьж, өөрсдөө ч мэдээгүй байхад хуурамч хаягаар хандив цуглуулсан тохиолдол нэг бус.
Улайм цайм залилан луйвар хийхгүй ч хандивын аян өрнүүлж, амар аргаар мөнгө олдог бизнестэй хүн олон болсон. Өвчин зовлонтой хүмүүст хандивын аян зохион байгуулж өгөөд, орж ирсэн мөнгөний талыг нь авах гэрээ байгуулахыг хэвийн үзэгдэл, ажлын хөлсөө авч буй явдал гэх юм билээ. Буяны ажил хийдэг гэсэн имиж бүрдүүлж, гэгээлэг сайхан зүйл ярьж явсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллагынхан цуглуулсан хандиваа булаацалдан олон нийтийн сүлжээгээр булайгаа дэлгэж, тангараг тасрахыг ч харж л байв.
Хандив ингэтлээ гажуудаж, утга учраа алдаж байхад хөлсөө дуслуулж олсон хэдийгээ хэнд, юунд илүүчлэхээ бодолцох үүрэг бидэнд ногдож байна. Бас ямар ч зохицуулалтгүй хоосон орон зайд дураараа дургиж буй хандив цуглуулагчдыг анхаарч, зохицуулах шаардлага байгааг хууль журам тогтоогчдод уламжилъя.
Бэлтгэсэн: А.Амина