Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн “бие халаалт” хэдийн эхэлсэн. Ахмадуудын тэтгэврээ барьцаалж авсан зээлийг тэглэхээ өнгөрсөн өвөл он солигдох мөчид Төрийн тэргүүн зарласны хувьд “автор”-уудынх нь нэг. Тиймээс ч Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн нэг хэсэг болох, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшүүлэх заалт ирэх жилийн сонгуулийн том “хөзөр” байх болно. Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах уг үнэт цаасыг ирэх оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэхээр байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай ид давхацна гэсэн үг. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зунаас эхлэн “Эхийн алдар” одонг орон даяар гардуулж явсан бөгөөд төмөр замын бүтээн байгуулалт ч түүний сонгуулийн “шоу”-ны нэг хэсэг байхаар буй. Тэрбээр энэ долоо хоногоос телевизээр монгол бичиг зааж эхэллээ. Намаасаа дэмжлэг авч, нэр дэвших эрхээ олж авах гэсэн түүний “ажиллагаа” ч ил, далд өрнөж байгаа юм. УИХ-д суудалтай буюу Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй бусад нам ч зүгээр байгаагүй ээ. Эрх баригч намын энэ цаг үед хэрэгжүүлж буй арга хэмжээг Ерөнхийлөгчийн сонгуулийн урьтал гэж харахгүй байхын аргагүй нөхцөл ч үүссэн билээ.
Сонгууль ийн албан бусаар эхлээд байхад түүний дүрмийг заах Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл парламентад анхны хэлэлцүүлгийн шатанд явна. Өнгөрсөн лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан билээ. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өдгөөгөөс жил гаруйн өмнө Л.Энх-Амгалан нарын гишүүд санаачлан, өргөн мэдүүлж, хэлэлцэх, эсэхийг нь дэмжээд буй. УИХ, ИТХ болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгтгэн зохицуулсан, 2015 оны Сонгуулийн тухай хуулийг буцааж задлан, тус тусад нь батлах үйл явц өндөрлөх тийшээ хандаж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Ерөнхийлөгчийнх л үлдчихээд байгаа юм. Тэгвэл тунаж үлдсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөс ямар заалтууд анхаарал татаж байна вэ.
Тухайлбал, Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босго 45 байв. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт учраас уг хуульд ч тусгалаа олох ёстой. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн, найм дахь удаагийн сонгуульд ялсан хүний бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх анхны Төрийн тэргүүн болно. Магадгүй өнөөгийн Ерөнхийлөгч өрсөлдөөд ялбал ардчилсан Монголын Төрийн тэргүүнээр хамгийн удаан ажиллах боломжтой анхны бөгөөд цорын ганц эрхэм байх нь.
Тиймээс ч өнгөрсөн жилээс эхлэн Х.Баттулга 2021 оны ээлжит сонгуульд дахин нэр дэвших боломжтой юу, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд өмнөх бүх Ерөнхийлөгч шиг Монгол төрийг тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнд хоёронтоо хүч үзэх эрхтэй юү, магадгүй тэр энэ албанд 10 жил ажиллах уу гэх мэт олон асуулт хөвөрсөн. Эсвэл Х.Баттулга дөрвөн жилээр сонгогдсон сүүлчийн
Ерөнхийлөгч болох уу гэх асуулт ч гарч байлаа.
Уг нь өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх ашиг, дахин нэр дэвших, эсэх нь үүгээр хөндөгдөх учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарт эл заалтыг 2025 оноос мөрдөхөөр тусгаад байсан юм. Өөрөөр хэлбэл, бүр 2025 оны сонгуулиас буюу Х.Баттулга гэх хүний Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг хязгаарласан, эсэхтэй холбоотой ямар нэг маргаан, хэл амнаас ангид дээрх зохицуулалтыг хэрэгжүүлнэ хэмээн тооцож байсан хэрэг. Гэвч шинэ хуулиар холбогдох хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндсэн зарчимд үндэслэн дээрх заалтыг энэ оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй. Гэлээ ч нэгэнт ойлголцсон эл сэдвийг ойрын үед улстөржүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад элдвээр тайлбарлахгүй гэх газаргүй.
Үндсэн хуулийн эдгээр шалгуураас гадна өөр бусад шаардлагыг нэр дэвшигчдэд тавьдаг. Энэ удаагийн төсөлд тусгаснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэд хэдэн шалгуур нэмж тавихаар буй аж. Тодруулбал, сэтгэцийн эмгэггүй байх шаардлагатай. Түүнчлэн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлага тавьжээ. Өмнөх хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэсэн товчхон заалтыг ийн дэлгэрэнгүй тайлбарлажээ. Харин “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” шаардлагыг энэ удаагийн төсөлд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэж тодорхойлсон байна. Иймэрхүү заалтаар нэр дэвшихийг нь зориуд хязгаарласан гэх гомдлыг байнга хэлж ирсэн хүмүүс бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэлэлцүүлгийн үеэр ч эл заалт маргаан дагуулах биз ээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлэх заалт хэвээрээ аж. Мөн уг төсөлд санал тоолох автоматжуулсан системээс гадна хяналтын тооллогыг 100 хувь гараар хийж, баталгаажуулахаар тусгасан юм. Эдгээрээс гадна санал хураалтад оролцсон сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхээр заагаад байна. УИХ болон орон нутгийн сонгуулиар нийт хэсгийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийсэн бөгөөд сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийгээгүй билээ.
Тавдугаар бүлэг. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх
25.2 Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
25.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;
25.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр, төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
25.2.3. сэтгэцийн эмгэггүй байх,
25.3 нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө чөлөөлөгдсөн байна:
25.3.1.төрийн жинхэнэ албан хаагч,
25.3.2. үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,
25.3.3. төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал,
25.3.4. Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх
25.4. Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
25.5. эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөс