Эмнэлэг бараадна хэмээн нийслэлийг зорьсон иргэн О Улаанбаатарын баруун хаалга 22-ын товчоон дээр ирээд, цар тахлыг дотооддоо алдсаны улмаас Засгийн газраас зарласан бүх нийтийн бэлэн байдлын үед дагаж мөрдөх дүрэм журмуудын шаардлагыг давж чадалгүй амьсгал хураав. Хөөрхий эмэгтэй өвчиндөө шаналан хүйтэн машинд шөнөжин дагжихад, сүүлдээ дуу нь гарахаа болиод нулимстай нүдээр амь гуйхад, халуун амь нь тасарч, эцсийн амьсгалаа татахад ч төрийн гар, хөл, нүд, чих, зүрх, тархи (төрийн бүх шатны албан хаагчид)-ны аль аль нь жишим хийсэнгүй. Бүр хөрж хөшсөн цогцсыг нь ч 22-ын товчооноос дотогш оруулалгүй өчнөөн цаг хорьсон гэх. Юутай харгис вэ.
Гэтэл хамгийн хоржоонтой нь, төрийн албан хаагчид ямар ч шалтгаан, амь насыг нь аврах, эсэхийг шийдэх нөхцөл байдлыг ч үл хэрэгсэн иргэдийг 22-ын товчоонд мал шиг хашиж, хааш нь ч хөдөлгөхгүй байх цаг мөчид, тэдний дээрээс авсан үүрэг чиглэлдээ хэт үнэнчээс болоод иргэн О эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хурааж, хоёр хүүхэд нь ээжийнхээ цогцсыг ч авч чадаагүй зүдэрч байхад Ерөнхий сайд Налайхад шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцож явав. Налайх руу явах замд яг 22-ын товчоотой ижилхэн чиг үүрэгтэй, адилхан шалгалт, хамгаалалттай Баянзүрхийн товчоо бий. Түүгээр У.Хүрэлсүх, түүнийг дагалдан яваа хүмүүсийг гарахад яасан бол. Иргэн О-д тулгасан шаардлагаа тавьсан болов уу. Эсвэл иргэн О биш, У.Хүрэлсүх болохоор нь, эмнэлэгт очих гэж биш, үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцох гэж яваа гэхээр нь бүх замыг нь чөлөөлж, товчооныхоо хаалтуудыг нээгээд, аль болох саад болохгүйг хичээн явуулсан болов уу. Таах гэж тархиа гашилгах ч хэрэггүй, хоёр дахь хувилбар.
Ерөнхий сайд Налайх руу ганцаараа яваагүй, асуудал хариуцсан яамдын сайд нар, хотын удирдлага, бусад албаны хүмүүсийг дагуулан сүр дуулиантай очсон. Тэнд очоод бүтээн байгуулалтад оролцсон барилгачид, инженер, техникийн ажилчид, “Тавантолгой түлш” компани, Зүүн бүсийн үйлдвэрийн хамт олныг цуглуулж, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан. Яаж ч харсан Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргаад байгаа тушаал, шийдвэр, санамж, зөвлөгөөг зөрчсөн явдал мөн.
Шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхий сайд “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэн ч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1.5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан. Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа” гэж хэлсэн. Чухам ингэж хэлэхийн тулд л нөгөө айхтар шийдвэрүүд, хөл хорионы дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлаа умартан Налайхыг зорьж, цар тахлын гамшиг нөмөрсөн үед олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан хэрэг.
...Ерөнхий сайд минь та иргэдээс нэхэж буй сахилга батаа өөрөө сахиж хайрла. Пиар хийхийн тулд олон нийтийг бүү эрсдэлд оруул, дүрэм журмаа өөрөө битгий зөрч. Төрийн бүх шатны дарга нар минь, хэзээ ч сайжирдаггүй, дээрддэггүй ажлын уялдаа холбоо гэгчээ сайжруулж хайрла. Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид минь, та нар дарга нарын далайсан газар далд орж, далласан газар ил гарч, өөрийн зүрх, тархигүй мэт явахыг үүргээ биелүүлж, тангаргаа сахиж сайн ажиллаж байна гэх юм уу, төрт улс, эх орон, ард түмний эрүүл, аюулгүй, амгалан тайван байдлын төлөө ажиллана гэж тангараг өргөсөн үү гэдгээ дахин нэг тунгааж хайрла...
Ерөнхий сайд учраас улс орны амин чухал, минут, секундээр хэмжигдсэн яаралтай ажлыг явуулах үүрэг түүнд ногддог байж таарна. Харин бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ёслолыг хийх нь тийм хойшлуулшгүй, аминд тулсан ажил мөн үү.
Үйлдвэр баригдсан нь сайн хэрэг. Үйл ажиллагаа нь эхэлсэн бол шахмал түлшээ үйлдвэрлэж л байна биз. Тэгж л их нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлах дон нь хөдлөөд байдаг юм бол ядаж бүх нийтийн бэлэн байдлын зэргээ бууруулж, хөл хориогоо зөөлрүүлсний дараа хийж болмоор. Засгийн газар сайн ажилласан бол түүнийгээ хэлэх, ажлаа тайлагнах уртаас урт цаг хугацаа урд байна. Юунд ингэтлээ яарна вэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өөрийгөө пиардахын тулд Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргасан тушаал шийдвэрийг анх удаа зөрчиж байгаа юм биш. Амны хаалт зүүхгүй бол торгоно, шийтгэнэ хэмээн сүрдүүлж, олон нийт ч амны хаалтыг арай гэж амьдралынхаа нэг хэсэг болгож хэвшээд байх үед сонгуулийн солиорол нь хурц хэлбэртээ орсон У.Хүрэлсүх “Нарантуул” худалдааны төвөөр маскгүй зорчиж, худалдаачдыг хуйлруулсан удаатай.
Өөрийгөө дөвийлгөн харуулах, хамаатай, хамаагүй зүйлийг өөртөө наан пиардах дарга нарын хүсэл бүхнээс хүчтэй, тэдэнд хэн ч, юу ч саад болж чадахгүйн тод жишээ нь дээрх тохиолдлууд. Бас “дээрээс” гаргасан тушаал шийдвэр нь төрийн нэр барьсан шат шатны мануухайнуудын хэтийдсэн хийрхэл, сэтгэлгүй сүржигнэл, амьдралаас тасарсан тэнэглэлээр хачирлагдсаар иргэдэд хэд дахин хатуу, хүнд буулга болж буудаг бол дарга сэтэртнүүдэд огт үйлчилдэггүйн баримт нь иргэн О болон У.Хүрэлсүхийн жишээ.
Аливаа хууль цааз, дүрэм журам иргэдээ ингэж алагчилж үзэх ёстой сон бил үү. Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, иргэн бүр гэдэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч, иргэн О ч хамаарна гэж лоозогнодоггүй бил үү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр “Төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоо жигдрээгүйгээс зарим алдаа гарсан. УОК үүнд онцгойлон анхаарч, хариуцлагаа сайжруулах ёстой. Хүний алтан амь хохирч, ард иргэдийг бухимдуулсанд Засгийн газар албан ёсоор уучлал гуйж байна” гэсэн. Ядаж уучлал гуйсанд баярлалаа. Харин цар тахал дэгдээд хоёр дахь өвөлтэйгөө золгож байхад манайхан одоо болтол ажлыг уялдаа холбоо, хоорондын ойлголцол яриад сууж буй, үүнээс нь болоод хүний амь хохирчихоод байхад хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр үлдэж байгаа нь даанч харамсалтай.
Бас Ерөнхий сайд “Энэ үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал” гэж байна билээ. Иргэд төр, засгийн гаргасан эргэж буцсан, эргүүтэж гацсан олон шийдвэрийг маш дуулгавартай, ухамсартайгаар биелүүлж байгаа. Гэр нь хүйтэн, ходоод нь хоосон байсан ч сууцгааж л байна. Нийслэлийн “хаалга”-аар оруулах зөвшөөрөл өгөхийг нь амиа тасартал хүлээж л байна. Үүнээс өөр яаж дуулгавартай, номхон хүлцэнгүй байх билээ. Цаашид ч шийдвэрийг тань сахилга баттайгаар дагах биз.
Харин Ерөнхий сайд минь та иргэдээс нэхэж буй сахилга батаа өөрөө сахиж хайрла. Пиар хийхийн тулд олон нийтийг бүү эрсдэлд оруул, дүрэм журмаа өөрөө битгий зөрч. Төрийн бүх шатны дарга нар минь, хэзээ ч сайжирдаггүй, дээрддэггүй ажлын уялдаа холбоо гэгчээ сайжруулж хайрла. Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид минь, та нар дарга нарын далайсан газар далд орж, далласан газар ил гарч, өөрийн зүрх, тархигүй мэт явахыг үүргээ биелүүлж, тангаргаа сахиж сайн ажиллаж байна гэх юм уу, төрт улс, эх орон, ард түмний эрүүл, аюулгүй, амгалан тайван байдлын төлөө ажиллана гэж тангараг өргөсөн үү гэдгээ дахин нэг тунгааж хайрла. Ядаж л эмч нар минь хүн амь тавьж байхад дээрээс чиглэл ирээгүй гээд орхиод явахаа больж хайрла.
Бэлтгэсэн: А.Амина