Эрх баригчид ийнхүү баталж байна. Та бүхэн төсөвт тодотгол хийж, зарим хөрөнгө оруулалтыг царцаан, өрхийн хэрэглээг дэмжих замаар коронавируст цар тахлын хатуу хөл хорионы үеийн эдийн засгийн шокийг зөөлрүүлье гэсэн Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын гишүүдээс хэн хэн нь эсэргүүцсэнийг санаж байгаа биз. Тийм ээ, сумд соёлын төв барих нь төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийг дэмжиж байгаа хэлбэр мөн. Ингэвэл эдийн засгийн хямралын үед соёлын төв барих тендерт ялсан компани орлоготой байж ажлын байраа хамгаална. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянган компани бий. Эдгээрийн 10 хүрэхгүй хувь нь тендерт ялна. Тэгэхээр бусад нь яах вэ. Ямар ч дэмжлэггүй хоцорно.
...Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хямралын үеийн эдийн засгийн шийдвэрт сөргөөр нөлөөллөө гэж эдийн засагчид дүгнэж байна. Эрх баригчид төсвийн бодлогоо өөрчилж, хэрэглээг дэмжих, ажлын байр хамгаалах бодлого явуулбал Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн мэт харагдана гэж болгоомжилж байгаа бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга хямралтай үед бодлогын дэмжлэгээр иргэдэд гар сунгасан баатар болно гэж тэд айж байгаа. Харин эрх баригчид эхлүүлсэн ажлаа царцаасан ялд унана. Тиймээс ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд оноо алдахгүй байх нүүдэл хийх шиг боллоо...
Аж ахуйн нэгжээс гадна өөрөө өөртөө ажлын байр бий болгодог хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өргөн арми бий. Тэд сохор зоосны орлогогүй болсон. Хатуу хөл хорио тогтоох болсон нь тэдний буруу биш. Энэ хэцүү цаг үед төр бага боловч дэмжлэг үзүүлэх байлгүй гэж тэд горьдож байсан. Харин тэдний найдлагыг эрх баригчдын “Соёлын төв бол эдийн засаг мөн” гэсэн мэргэн санаа нухчин дарлаа. Зарим “ухаантан” муусайн юмнуудыг халамжилсаар байгаад давраачихаж гэж тавлаж сууна.
Монгол Улс сүүлийн жилд эдийн засгийн том хямралтай байлаа. Эдийн засаг гурван улирал дараалан агшсан тохиолдолд хямрал болсон гэж хүлээн зөвшөөрдөг. Манай эдийн засаг гурван улирал дараалан хасах үзүүлэлттэй гарсан. Эрх баригчид короновирусийн халдварыг дотооддоо алдахгүй, эдийн засаг аажмаар сэргэнэ гэсэн хүлээлтэд үндэслэн тооцоо хийж, бодлого боловсруулж ирлээ. Өнөөгийн баримталж буй эдийн засгийн бодлого нь ч ийм. Гэтэл коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, хатуу хөл хорио тогтоосон. Эдийн засаг ч шоконд орсон. Эдийн засаг аажмаар сэргэхээсээ өнгөрлөө. Хямрал улам гүнзгийрнэ. Тэгэхээр хямралыг сөрөх, эдийн засгийн уналтыг сааруулах чиглэлд бодлогоо өөрчлөх хэрэгтэй.
Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөг олгоё, 200 мянгыг нь бэлнээр, 800-г нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авах эрхийн бичиг хэлбэрээр өгье гэсэн санал гаргасан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мөнгө байвал ард иргэддээ өгмөөр байна. Би мөнгө хэвлэж, тарааж чадахгүй” гэж мэдэгдсэн. Ямаа гэхээр тэмээ ярина гэдэг шиг л юм болсон. Олон улсын валютын сангаас шаардлагатай тохиолдолд мөнгө хэвлэх буюу уламжлалт мөнгөний бодлого хэрэгжүүлэх зөвлөмж улс орнуудад өгч байгаа. Гэхдээ монголчууд У.Хүрэлсүхээс мөнгө хэвлээд тараа гэж нэхээгүй. Сөрөг хүчин болоод эдийн засагчид эрх баригчдаас маш ойлгомжтой зүйл л хүсэж буй.
Байгаа нөөц боломждоо тулгуурлаад, хямралыг сөрөх, эдийн засгийн уналтыг сааруулах, эргээд хурдтай сэргэх нөхцөлийг нь бүрдүүлье, илүү өргөн хүрээ хамарсан бодлого хэрэгжүүлье гэсэн санаачилга гаргасан. Төсвийн хөрөнгө оруулалтыг “царцааж” нэг их наяд орчим, Засгийн газрын зардлыг хэмнэх мөн төдий хэмжээний мөнгө “суллах” боломж бий гэж эдийн засагчид тооцсон. Азийн хөгжлийн банк гэх мэт түншлэгч байгууллага ч ийм байр суурьтай байгааг дуулгая.
Төсвийн зардлаас 1.5 их төгрөг хэмнэлээ гэж тооцъё. Эдийн засгаа идэвхжүүлэх, мөнгөний эргэлтийг хурдасгахын тулд өрхүүдэд 500 тэрбум төгрөгөөр нь нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлж болно. Зөвхөн хүнс л худалдаж ав гэж тулгаж болохгүй. Үйлчилгээ болон хүнснээс бусад салбарын худалдаа сохор зоосны орлогогүй болсныг санах хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр нь жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнест урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох шаардлага бий. Мөн авчихсан байгаа зээлийг дахин санхүүжүүлж, нөхцөлийг нь хөнгөрүүлэх хэрэгтэй. Энэ бол ажлын байрыг хамгаалах бодлого. Жижиг, дунд үйлдвэрлэл бага мөнгөөр эргэлдүүлдэг ч маш олон ажлын байр бий болгодог онцлогтой. Бага мөнгөөр олон ажлын байрыг хамгаалж чадвал маш оновчтой бодлого болно. Ажлын байр эдийн засгийн гол суурь гэдэгтэй маргах учиргүй.
Эдийн засагчид мөнгөний эргэлтийг хэрхэн хурдасгах талаар байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал, хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн төлсөн шимтгэлийг буцааж олгох хэрэгтэй гэсэн санал гаргаад байна. Ингэвэл 330 тэрбум төгрөг зах зээл рүү урсах аж. Тэрбээр ингэхдээ Монголбанк, Сангийн яам төгрөгтэй тэнцэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах виртуаль төлбөрийн нэгж гаргаж болно гэсэн санал дэвшүүлээд байна. Тэрбээр “Засгийн газар эдийн засгийг хамгаалах ямар нэг арга хэмжээ авахгүй юм бол хатуу хөл хориогоо цуцлах хэрэгтэй. Хатуу хөл хориог сунгавал иргэддээ хэрэглээг нь дэмжих мөнгөн тусламж үзүүлэхээс өөр аргагүй” гэж ярив.
Ингэж хэлэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уламжлал ёсоор “Ядуу иргэдэд хүнсний талон, хүүхэд бүрт сард 100 мянган төгрөг тарааж байгаа” гэсэн үгээр хариу барих биз. Тэгвэл түүнээс “Нэг хүүхэдтэй цалингүй гэртээ сууж байгаа эхнэр, нөхөр хоёр сард 100 мянган төгрөгөөр амьдрах уу. Хүүхдийн мөнгө эдийн засгийг идэвхжүүлэх, мөнгөний эргэлтийг хурдасгахад том нөлөөтэй байж чадах уу” гэж асуумаар байна. Төрийн албан хаагч, төрийн өмчит компани болон хүнсний үйлдвэрлэл, зарим санхүүгийн байгууллагад ажиллагсад, тэтгэвэр, тэтгэмж авагчдын орлого буураагүй байгаа. Харин хувийн хэвшилд ажилладаг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэсэн зайлшгүй хамгаалах шаардлагатай бүлэг нийгэмд байгааг мартаж болохгүй.
Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хямралын үеийн эдийн засгийн шийдвэрт сөргөөр нөлөөллөө гэж эдийн засагчид дүгнэж байна. Эрх баригчид төсвийн бодлогоо өөрчилж, хэрэглээг дэмжих, ажлын байр хамгаалах бодлого явуулбал Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн мэт харагдана гэж болгоомжилж байгаа бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга хямралтай үед бодлогын дэмжлэгээр иргэдэд гар сунгасан баатар болно гэж тэд айж байгаа. Харин эрх баригчид эхлүүлсэн ажлаа царцаасан ялд унана. Тиймээс ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд оноо алдахгүй байх нүүдэл хийх шиг боллоо. Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр буувал яана. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болбол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болох тохироотой гэсэн явган яриа “тэнээд” эхэлсэн нь ортой дог. Төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй байх нь УИХ-ын гишүүдэд ч ашигтай. Тэдний хамаарал, оролцоотой компани тендерт ялна. Монголд ажил ингэж л явдгийг олон нийт мэддэг болсон. Үндсэндээ тэд амиа хичээж, ардаа хаясан шийдвэр гаргаж байгаа юм. Уг нь соёлын төв барихыг буруу гээгүй. Эрсдэлтэй, эгзэгтэй цаг үед эдийн засгаа хамгаалахын тулд эдийн засагт төдийлэн үр дүн багатай зүйлд зарцуулах мөнгийг илүү оновчтой хэрэглэе л гэсэн санал гаргаж буй.
Эрх баригчдын эл үйлдэл эдийн засгийн хямралыг хэр гүнзгийрүүлэх бол. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас нийгмийн сүлжээгээр дамжуулан “Хэдэн хүн ажлын байргүй болох вэ” гэж асуулаа. Хариулт өгсөнгүй. Эрх баригчид эдийн засгийн хямралын сөрөг нөлөөний талаар ярих тун дургүй байгаа. Үнэнийг тодорхойлж чадахгүй бол зөв шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой. Энэ онд эдийн засаг 10 орчим хувиар агшина. Дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жил оны үнээр 37.2 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр ойролцоогоор 3.7 их наяд төгрөг эдийн засгаас алга болох нь байна. Дундарч буй зүйлийг бүтэн болгохын тулд нэмдэг. Эдийн засгийг сэргээхэд нэмэлт мөнгө зайлшгүй хэрэгтэй. Магадгүй мөнгө бага хэмжээгээр хэвлэхэд ч бууруудахгүй цаг үе. Үүнтэй эрх баригчдаас бусад нь маргахгүй болов уу. 3.7 их наяд төгрөгтэй хамт маш олон ажлын байр алга болох нь дамжиггүй. Ядуурал хүрээгээ тэлэх нь ойлгомжтой. Байдал бүр ужгирвал санхүүгийн салбар татаж унана. Энэ бол гол аюул.
Эрх баригчдын олонхоороо түрий барьж, амьдралын үнэнд нийцсэн биш, улс төрийн өнгөнд тааруулсан шийдвэр гаргасныг мэдэрсэн жирийн иргэн “Тэр Ч.Хүрэлбаатар эдийн засагч мөн үү” гэж асууж байна. Ямартай ч тэр “Соёлын төв бол эдийн засаг мөн” гэсэн мэргэн санааг батлагчдын тэргүүнд яваа бололтой.