Сайн сайхан ирээдүйг мөрөөдөвч маргааш хэн болохоо, ямар мэргэжил эзэмшиж, аль салбарт ажиллахаа мэдэхгүй, хүсэл, тэмүүллийнх нь луужин хаашаа чиглэж буйг ч анзаарах “завгүй”, “толгойгүй” сурагчдыг ерөнхий боловсролын сургуулиуд жилд мянга мянгаар нь их, дээд сургуульд нийлүүлж байна. ЭЕШ-ын батламжийн хуудсаа атгачихаад “Би аль ангид, ямар мэргэжлээр элсвэл тохиромжтой вэ” гэж сургуулийн хонгилд зогсох танихгүй хүмүүсээс, сургалтын албаны мэргэжилтнээс асуух сурагчтай өчнөөн таарлаа.
Боловсролын асуудал хариуцсан төв байгууллагынхан сүүлийн жилүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хөтөлбөр зэргийг санаачлан, хэрэгжүүлж байгаа ч монгол хүүхдүүдэд эцэг, эхийнх нь үзэл бодол, амжилттай, гялалзаж яваа хэн нэгний “мөр” мэргэжлээ сонгоход нь голлох нөлөө үзүүлдгийг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байна. “Ямар ч байсан хүүхдээ их, дээд сургуульд элсүүлчих юм сан” гэх эцэг, эхчүүд, “Сургуульгүй хоцорч болохгүй” хэмээн зүтгэдэг сурагчдынхаа “ачаар” бид нэг хүнд ногдох их, дээд сургууль, дээд боловсрол эзэмшигчдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт давхисаар буй ч ур чадвартай мэргэжилтний нөөц боломж хамгийн муу орон гэж цоллуулсаар байна. 2020 онд ч энэ үзүүлэлтээр сүүл мушгисныг “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан-2020” (IMD world talent ranking) судалгааны үр дүн харуулав. Боловсролын салбарын үр өгөөжийг сургууль болон төгсөгчдийн, хөдөлмөрийн зах зээлийн нөөцийг диплом “өвөртлөгсөд”-ийн тоогоор үнэлэх боломжгүйн бодит жишээ нь энэ буюу.
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв энэхүү эрэмбийг тогтоохдоо хэд хэдэн үзүүлэлтийг чухалчилжээ. Тодруулбал, тухайн улс чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хэр хэмжээний хөрөнгө оруулж, бодлогоор дэмждэг вэ, дотоод төдийгүй гадаадаас ажиллах хүчнийг татах, тогтоон барих чадамжтай юу, хөдөлмөрийн зах зээлийн нөөц, ажилтнуудын ур чадвар, үнэлэмж ямар вэ зэргийг харгалзжээ. Швейцар, Дани, Люксембург, Исланд, Швед улс энэ үзүүлэлтээр тэргүүлсэн бол Бразил, Венесуэл, Словак, Энэтхэг, Монгол хамгийн муу дүн авчээ. Манай улс өмнөх жилүүдэд ч сүүлийн байранд Венесуэл, Энэтхэг, Болгар, Бразилтай урд, хойноо орон “ана мана” үзэж байсан бол энэ удаа яалт ч үгүй сүүлджээ.
Судалгааны эхэнд “Дэлхийн улсууд ур чадвартай ажиллах хүчнийг хэрхэн татаж, бэлтгэж, “нөөцөлж” байгааг бид 2014 оноос эхлэн эрэмбэлсээр байна. Чадвартай, боловсролтой ажиллах хүчин бэлтгэх нь тухайн улсын хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг дээшлүүлж, урт хугацааны хөгжил дэвшилд хөтлөх чухал ач холбогдолтой. Ялангуяа хиймэл оюун ухаан, бусад шинэ технологид суурилсан мэргэжил, ур чадварууд шинэ сорилт дагуулах төлөвтэй. Боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг, амьдралын чанар сайтай, дундаж эдийн засагтай Европын орнууд энэ удаа тэргүүлэв” гэж дурдаад, Швейцар улсыг хэдэнтээ онцолжээ. Тус улс эл жагсаалтыг сүүлийн дөрвөн жил тэргүүлжээ.
Эхний арван байрт жагссан улсуудад нийтлэг хоёр зүйл буйг онцолжээ. Тэр нь чанартай боловсролын систем, хөдөлмөрийн зохистой үнэлэмж. Өөрөөр хэлбэл, боловсрол, хөдөлмөрийн зах зээл хоёр салшгүй уялдаатай гэж шинжээчид үзжээ. Ур чадвартай, шилдэг мэргэжилтэн бэлтгэхийн тулд чанартай боловсролын тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр залуучууд шилдэг мэргэжил эзэмших нь бус, шилдэг мэргэжилтэн болох нь нийгэмд илүү үнэ цэн, өгөөжтэйг ойлгож эхэлнэ. Тэр хэрээр бүтээмж, үнэлэмж сайжрах, ажлын байрны өрсөлдөөн бий болох зэрэг олон талын ач холбогдолтойг дурджээ. Харин манай улсад энэ бүхэн урвуу хамааралтай байна.
Хатуухан хэлэхэд, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиуд дамжин өнгөрөх цэг төдий үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Юун ур чадвар. Мэргэжлийн чиг баримжаа. Дөрвөн жил онолоор “бөмбөгдүүлж”, эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулсан залуус ажлын байранд гарав уу, үгүй юү, наад захын шалгалтуудад бүдэрч, мэдэхгүй, чадахгүйн түмэн зовлонд унадаг. Ингээд нэг байгууллагаас нөгөө рүү хэрэн хэсдэг. Зарим нь “түв түүхий”-гээ мэдэрч, хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн сурдаг бол олонх нь “Ажил олдохгүй байна” хэмээн гомдоллож, хойш суудаг.
НҮБ, манай Засгийн газартай хамтран хийсэн “Монгол Улсын хүний хөгжлийн тайлан”-д “Тохирох ажлаа олохын тулд залуучуудын 63 хувь нь нэг, 40 хувь нь гурван жил гаруйн хугацаа зарцуулдаг” гэжээ. Их, дээд сургууль төгссөн залуус тогтвортой ажлын байранд очтолоо Азийн бусад орныхоос хоёр дахин урт хугацаа зарцуулдаг байна. Үүний улмаас санхүүгийн хувьд доройтох, ажил хийх урам зориг нь мохох зэрэг шууд болон шууд бус олон сөрөг үр дагавартай учирдаг талаар онцолжээ. Нөгөөтээгүүр, энэ бүхэн нь хөдөлмөрийн зах зээлд зохиомол хомсдол үүсэх нөхцөл бүрдүүлдгийг эдийн засагч, судлаачид хэлсээр буй. Үнэндээ Монголд ажлын байр хомс бус, хөдөлмөрөөс зугтдаг хүн олон. Нарийн мэргэжил эзэмшсэн, чадвартай, боловсролтой ажиллах хүчин цөөн. Харин төрийн албаны тохьтой суудал “сахисан”, нөлөөлөгч (инфлүүнсер) нэртэй их мэдэгч залуус олширсон нь гашуун боловч үнэн. Олон улсын судлаач, шинжээчид ч үүнийг хүлээн зөвшөөрч, Монголыг ур чадвартай мэргэжилтнээр цангаж буй улс гэдгийг дэлхий нийтэд зарлав.
Залуус нь “Ажил олдохгүй байна, цалин бага” хэмээн гэдийж, ажил олгогчид нь “Одоогийн залуус нялцгай, хөдөлмөрийн дөргүй” гэж шүүмжлэн талцах зуурт дэлхийн орнууд чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд байдгаа барьж байна. Нийгэм, цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг дагаад шинэ чадваруудыг мэргэжилтнүүдээсээ нэхэх боллоо. Ажилтан шалгаруулахдаа эсээ бичүүлэх, тест бөглүүлэх, харилцан ярилцах, тусгай даалгавар өгөх зэргээр хандлага, сэтгэлгээг нь шалгаж байна. Үүнийгээ тэд ур чадварын үндэс гэж үзэн, сурсан жил, гардсан дипломоос нь илүүд үзэж эхэлжээ. Дэлхий ийм л хурдтай эргэж, өөрчлөгдөж байна. Бид энэ их хурдыг гүйцэж, Европын орнуудтай эн зэрэгцдэггүй юм гэхэд чанартай боловсролыг залууст харамгүй өгөх тогтолцоог бүрдүүлэх сэн.
Мэргэжилтнүүдийнхээ авьяас, ур чадвараар дэлхийд тэргүүлсэн 10 орон:
Швейцар, Дани, Люксембург, Исланд, Швед, Австри, Норвеги, Канад, Сингапур, Нидерланд
Сүүлийн байрт орсон 10 орон:
Орос, Болгар, Мексик, Румын, Колумб, Бразил, Венесуэл, Словак, Энэтхэг, Монгол