УИХ-ын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл оролцсон нь урьд байгаагүй өндөр тоо. Тэр тусмаа 121 хүн бие даан өрсөлдөж, нийт нэр дэвшигчийн тоо 606-д хүрсэн нь түүхэн үзүүлэлт.
Үндэсний аудитын газрын тайланд дурдсанаар нам, эвслүүд 9.4, нэр дэвшигчид 64.2 буюу нийт 73.6 тэрбум төгрөгийг энэ удаагийн сонгуульд зарцуулжээ. Хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч өрсөлдсөний хувьд зардал нэмэгдэх нь зүйн хэрэг байж болох ч энэ нь өмнөх сонгуульд зарцуулсан хөрөнгөөс даруй хоёр дахин өссөн дүн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэл санал хураасан өдрөөс хойш 45, нэр дэвшигч 30 хоногт багтааж зардлын тайлангаа гаргаж, аудит хийлгэн, дүгнэлт үйлдүүлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой. Улмаар төрийн аудитын дээд байгууллага тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлж буй.
Тэд сонгуулийн сурталчилгаанд зориулан радио, телевизэд 5.7 тэрбум төгрөг гаргасан нь хамгийн өндөр зардал бөгөөд нам, эвслүүдийн зарцуулсан нийт хөрөнгийн 60 хувийг эзэлж байна. Энэ удаагийн сонгуульд зориулсан МАН-ын зардал нь 5.5 тэрбум төгрөг бөгөөд сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад хамгийн өндөр буюу 2.4 тэрбумыг зориулжээ. Эл дүн тус намын нийт зардлын 43.6 хувьтай тэнцэнэ. АН үүнд гурван тэрбум төгрөг зарцуулсан нь нийт зардал болох 3.4 тэрбумын 88.2 хувийг эзлэх юм. “Та, бидний эвсэл” 79.4 сая төгрөг буюу нийт зардлынхаа 44.5 хувийг радио, телевиз ашиглахад зарцуулсан нь тус эвслийн хувьд хамгийн өндөр зарлага аж.
Нөгөө талаас сонгогчидтой хийх уулзалт, хуралд зарцуулсан нам, эвслүүдийн хөрөнгө 211.7 сая буюу нийт зардлын ердөө 2.1 хувийг эзэлж байна. Сонирхолтой нь, үүнээс 200 сая нь МАН-ын тайланд тусгагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, тайлан ирүүлсэн 14 нам, эвслээс “Та, бидний эвсэл”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон МАН л сонгогчидтой хийх уулзалт, хуралд тодорхой хөрөнгө гаргаснаа тайлагнажээ. Хэдийгээр сонгогчидтой хийх уулзалт, хуралд урьдынх шиг ач холбогдол өгөх нь багассан ч огт хөрөнгө зарцуулаагүй гэдэг нь үнэнд үл нийцнэ.
Цаашлаад тайлагнасан зардал нь хэр бодитой вэ гэдэг нь ч эргэлзээтэй. Тухайлбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайдын хувьд цөөнгүй сайд, дарга нараа дагуулан ихэнх аймагт нисдэг тэрэг хөлөглөн ажилласан. Уг “томилолт”-ын зардал МАН, эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын төсвийн чухам алинаас гарсан нь тодорхойгүй. Энэ нь манай намууд сонгуулийн зардалдаа ёс төдий ханддагийн тод жишээ гэж хэлж болно. Юутай ч тайланд тусгагдсан бүх ангиллын дагуу зардлаа тоочсоны хувьд МАН-ын сонгогчидтой хийх уулзалт, хуралд зарцуулсан хөрөнгө нийт зардлын 3.6 хувьтай тэнцэж байгааг тодотгоё.
Нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчин ашиглахад хэр хэмжээний хөрөнгө гаргасныг тооцох сэжим өгч байгаа нь энэ удаагийн тайлангийн онцлог, дэвшилттэй тал гэлтэй. МАН гэхэд л нам болон нэр дэвшигч тус бүрийн цахим хуудсанд 100, олон нийтийн сүлжээний цахим хуудсанд 44, бусад цахим хуудсыг сурталчилгаанд ашиглахад 327 буюу нийт 471 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь сонгогчидтой хийх уулзалт, хуралд зарцуулснаас даруй хоёр дахин өндөр дүн юм. Нэр дэвшигчдийн нийт зардлын дүнд “цахим орчин ашиглах” нь 1.6 тэрбум төгрөгтэй дүйж байгаа нь 2.4 хувийг эзэлж буй хэрэг. Тэгвэл сонгогчидтой хийх уулзалт, хуралд нэр дэвшигчид нийт 1.8 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм.
Харин нийт нэр дэвшигчийн зардлыг нэгтгэж харвал, хамгийн өндөр дүнтэй нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан 44.1 тэрбум төгрөг буюу бараг 60 хувийг эзэлж байна. Нэр дэвшигч бүр “сонгуулийн штаб” байгуулан ажиллаж байгаа нөхцөлд өндөр зардал гаргах нь зүйн хэрэг.
Энэ удаагийн сонгуулийг коронавирусийн цар тахлын үед явуулсан. Бие биеэсээ зай барих дүрэм мөрдөж, цахим платформ эргэж буцалтгүйгээр ноёлсон энэ цаг үе сонгуулийн кампанид ч мэдэгдэхүйц өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, цар тахлын хөл хорионы дүрэм сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалтыг улам бүр цөөрүүлж, эсрэгээрээ цахим орон зайгаар дамжуулан зорилтот бүлгүүд рүү чиглэсэн кампанит ажил өрнүүлэх хөшүүрэг болсон биз ээ.
Зориуд онцлоход, зардлын задаргааг ингэж харах боломж бүхий тайланг өмнө нь эрх бүхий байгууллагаас гаргаж байсангүй. Тодруулбал, 2008, 2012, 2016 онд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах болон нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах гэх мэт ерөнхий ангиллаар зардлыг тайлагнаж байв. Мөн 2016 оны сонгуулиар мөрдсөн Сонгуулийн тухай хуульд нам, эвсэл, нэр дэвшигч зардлын тайланг дээрх хугацаанд сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо төрийн аудитын байгууллагад тайлангуудыг тушаах шат дамжлагатай байлаа. Төрийн аудитын байгууллага тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлаж байв. Тухайн үед хуулийн этгээд 15, иргэн гурван сая төгрөгөөс хэтрэхгүй хандив өгч болох хуулийн зохицуулалттай байлаа. Харин 2012 оны сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигч нэг сарын дотор зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, сонгуулийн төв байгууллага үүнээс 15 хоногийн дотор тайланг хянаж, 200 мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, 500 мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлаж байсан юм. 2008 оны сонгуулиар ч ийм хуулийн зохицуулалт үйлчилсэн. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулж байлаа. Үүнээс өмнөх сонгуулиудад зардлын тайлан гаргах, ил тод болгох, хянах зохицуулалт үндсэндээ байсангүй.
Хэдийгээр зардлын тайланг хянах чиглэлд хуулийн зохицуулалт сайжирч, чангарсан ч төрийн аудитын байгууллага үүнд бүрэн аудит хийхээр тусгаагүй, ердөө л нийтэд мэдээлнэ гэх буюу ёс төдий хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, АН-аас авхуулаад олон нам сонгогчтой хийх уулзалтад хэдэн төгрөг зарцуулснаа яагаад тайландаа тусгаагүйг асуух эрх, үүрэг Үндэсний аудитын газрынханд алга. Гэтэл өнгөрсөн сонгуулийн кампанийн үеэр намууд энд тэндгүй туг далбаа намируулан, уриа лоозон хашхирч, энд тэндгүй уулзалт, цуглаан хийсэн нь баримттай үнэн шүү дээ. Цаашлаад МАН-ын зардлын задаргаа, тоочсон тоонуудад ч “но” байхыг үгүйсгэхгүй. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэгчлэн сонгуулийн зардлын тайлан өгсөн, авсан болж аргацаадгаа больж, бодитой болгочихвол манайд үүссэн олон асуудлын учир тайлагдаж, цэгцрэх гээд байна шүү, намууд аа.