Нийтийг хамарсан гамшиг, осол, гал, усны гашуун зовлон, цар тахал гээд ямар ч тохиолдолд “хаяж” болохгүй салбарын нэг нь боловсрол. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хойш бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн цахим сургалтад алдаа, оноо байсан ч тэд учраа олоод хичээлийн жилийг тэгсхийгээд дуусгасан юм. Тэгвэл суурь мэдлэг олгох, хамгийн чухалд тооцогддог ерөнхий боловсролын сургалт өнгөрсөн хугацаанд хаягдчихлаа. Сурагчид бүтэн жил шахам теле хичээлээр аргацаасаар зуны амралттай золгосон. 2020-2021 оны хичээлийн жил эхлээд удаагүй байхад тэд дахиад л гэртээ хоригдчихов.
...Үнэндээ БШУЯ-ныхан өнгөрсөн хичээлийн жилд хагас дутуу бэлтгэсэн, чанаргүй, сургалтын хөтөлбөрийн зөрүүтэй теле хичээлүүдээ сайжруулахгүйгээр сурагчдад “шахчихаад” санаа амар сууж байгаа нь утгагүй. НҮБ-ын Хүүхдийн сангийнхан өнгөрсөн хичээлийн жилийн теле хичээлийг танхимын сургалттай харьцуулан судлахад хангалтгүй дүн үзүүлсэн шүү дээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 903 мянган хүүхдийг хамруулсан тус судалгаагаар 640 мянган сурагчдын 16 хувь нь теле хичээлийг үзэх боломжгүй нөхцөлд амьдарч байсан. Энэ нь тухайн жилийн сургалтын хөтөлбөрөөс хоцорсон гэсэн үг...
Хэдийгээр хүнд хэцүү цаг тохиосон ч хөл хорионы үеэр хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж, төрийн захиргааны байгууллагууд тэднийг чанартай боловсрол эзэмших нөхцөлөөр хангаж чадахгүй байгаа нь харамсалтай.
Тэр дундаа 2019, 2020 онд I ангид элсэгчдэд сургууль завсардсан нь хүнд тусаж байна. Өнгөрсөн онд сургуульд орсон зургаан настнууд энэ жил II ангид дэвшин суралцаж буй ч одоо л дөнгөж уншиж сурчээ. Энэ сарын 18-наас сурагчдын өвлийн амралт эхэлж, 2021 оны хоёрдугаар сарын 1-нд хичээл эхлэх хуваарьтай. Тухайн үеийн нөхцөлд байдлаас шалтгаалж танхимын сургалтыг эхлүүлэх, үгүйг шийднэ. Хэрвээ теле хичээлийг үргэлжлүүлэн заах болбол 2019, 2020 онд элссэн 80 мянга орчим хүүхэд цэцэрлэгээсээ II, III ангид дэвшин суралцах хэмжээний “мэдлэг эзэмшиж”, хоцрогдох нь.
Тиймээс ирэх хавраас сурагчдыг аль болох танхимын сургалтад хамруулах шаардлагатайг багш, эцэг, эхчүүд хэлж байна. Теле хичээлийн хоцрогдол, үр дагавар нь одоохондоо мэдэгдэхгүй байгаа ч боловсролын системд магадгүй ирэх 8-10 жилд ихээхэн дарамт учруулна гэдгийг судлаачид ч хэлсэн. Халдварын тархалт өндөртэй Япон, БНСУ, ОХУ зэрэг орон өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудаа удаан хугацаагаар хаагаагүй. Өөрөөр хэлбэл, манай улс 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлэх хүртэлх хугацааг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлснийг багш нар шүүмжлэв. Засгийн газар, ЭМЯ-наас коронавирусийг намар, өвөл хүн амын дунд тархах эрсдэлтэйг өнгөрсөн хавраас анхааруулж, сэрэмжлүүлсэн хэрнээ боловсролын салбарт огт анхаараагүй нь хачирхалтай.
Цар тахлын онцгой дэглэмтэй энэ цаг үед хамгийн тайван, нүдэн балай, чихэн дүлий газар нь Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) болов. Салбарын сайд нь коронавирусийг хүн амын дунд дэгдсэнээс хойш хоёр л удаа мэдэгдэл хийсэн. Эхлээд сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх, эсэх асуудлыг ярилцаж байна гэсэн. Дараа нь сурагчдыг энэ сарын 18-наас буюу хуучин хуваарийн дагуу амраах болсныг хэлэв. Уг нь өдийд хүүхдүүдийн теле хичээлийг өнгөрсөн жилийнхээс хэрхэн үр бүтээлтэй зохион байгуулах, чанар, хүртээмжийг нь яаж сайжруулах, үр дүнг нь ямар арга, барилаар үнэлж байгаагаа мэдээлж баймаар. Гэтэл эдгээр нь одоо болтол тодорхойгүй.
Үнэндээ БШУЯ-ныхан өнгөрсөн хичээлийн жилд хагас дутуу бэлтгэсэн, чанаргүй, сургалтын хөтөлбөрийн зөрүүтэй теле хичээлүүдээ сайжруулахгүйгээр сурагчдад “шахчихаад” санаа амар сууж байгаа нь утгагүй. НҮБ-ын Хүүхдийн сангийнхан өнгөрсөн хичээлийн жилийн теле хичээлийг танхимын сургалттай харьцуулан судлахад хангалтгүй дүн үзүүлсэн шүү дээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 903 мянган хүүхдийг хамруулсан тус судалгаагаар 640 мянган сурагчдын 16 хувь нь теле хичээлийг үзэх боломжгүй нөхцөлд амьдарч байсан. Энэ нь тухайн жилийн сургалтын хөтөлбөрөөс хоцорсон гэсэн үг. Тэдний олонх нь малчдын болон зорилтот бүлгийн хүүхэд байжээ. Сурагчид теле хичээлээ гол төлөв зурагт, гар утаснаас үзсэн байна. Ийм төхөөрөмжгүй, ухрааж, нөхөх үйлчилгээгүй нь хичээлээ алдаг оног тэмдэглэсэн аж. Үүнээс гадна сургалтын хөтөлбөрийн агуулга теле хичээлийнхээс зөрж, нэг бол түрүүлж, эсвэл хоцорсныг нь хүүхдүүд үзэж, хохирчээ. Тиймээс нөхцөл байдал цаашид хүндэрч, хичээлийг зайнаас заах болбол дээрх төхөөрөмжүүдээс гадна сургалтын хэвлэмэл материал ашиглах, багш, сурагчдыг интернэт шаардахгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг тухайн үед Хүүхдийн сангийнхан БШУЯ болон мэргэжлийн бусад байгууллагынханд зөвлөж байжээ.
Харин БШУЯ-ныхан зөвлөмж, зааврыг ч ажил хэрэг болголгүй өнгөрсөн хавар, зунжин амарсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеийн боловсролын салбарын бэлэн байдлыг хангаагүй гэсэн үг. Сурагчдын 57 хувь нь өнгөрсөн жилийн теле хичээлийн хурд, ойлгомжтой байдлыг дунд болон муу гэж үнэлсэн байна. Түүнчлэн теле хичээл зааж буй багш нарын ур чадварыг голж, мэдлэг эзэмших, бататгах хичээл хангалтгүй байгааг шүүмжилжээ. Албаныхан боловсролын салбарт цахим шилжилт хийж буйгаа өнгөрсөн намаржин л сурталчилсан. Тэгсэн хэрнээ зайны сургалтынхаа агуулга, хэлбэрийг ч өөрчлөөгүй. Сурагчдын бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц, дэмжлэг үзүүлэхүйц нэгдсэн систем, аппликэйшн ч алга.
Теле хичээлийн үр дүнг төдийлөн үнэлж, цэгнэхгүй байгаагаас боловсролын тэгш бус байдал ч ажиглагдах боллоо. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд теле хичээлүүдээ хуваарийн дагуу дэвтэртээ тэмдэглэж, даалгавар өгвөл л хийдэг. Бага ангийнхны хичээл, даалгаврыг багш нар нь тэр бүр шалгадаггүй учраас эцэг, эхчүүд нь тоохоо ч больсон гэнэ. Учрыг тодруулбал, 6-8 настнууд багшийн оролцоогүйгээр хичээлээ ихэнхдээ ойлгодоггүй, сургалтын программ зөрсөн зэрэг шалтгаанаар даалгавраа хийдэггүй аж. Мөн нэг ангиас дунджаар 15-20 хүүхэд теле хичээл үзэх боломжгүй, хөдөө, эсвэл өвөө, эмээгийндээ амьдарч байна. Тиймээс цөөнгүй багш сурагчдаа алагчлаад яах вэ хэмээгээд хичээл, даалгавраар шахахаа больсон гэх. Харин улсын шалгалттай, төгсөх анги удирдсан багш нар хүүхэд, эцэг, эхчүүдтэйгээ байнга холбогдож, хичээл тэмдэглэсэн байдал, гэрийн даалгавар зэргийг өдөр өдөрт нь шалгаж байгаа аж.
Улсын сургуулиуд сайндаа л “Classroom” аппликэйшн ашиглаж байгаа бол хувийнхан зайны сургалтын бараг бүх программаар хичээлээ явуулдаг юм байна. Цар тахлын улмаас улс орнууд ийм сургалтын арга барилд шилжээд хэдийн даджээ. Ихэвчлэн “Classroom”, “Zoom”, “Google meeting”-ээр хичээлээ явуулдаг. Манайх шиг нэг хичээлийг 8-20 минутад багтаасан болоод хаячихдаггүй. Эдгээр аппликэйшнийг ашиглан хүүхдүүдтэйгээ өдөр бүр холбогдож, танхимын сургалтын арга барилаар хичээлээ заадаг аж. Энэ нь ч маш үр дүнтэй. Тэгвэл манайд, цөөнгүй хүний адлаад байдаг хувийн сургуулиудын багш нар л сурагчидтайгаа өдөр бүр холбогдож, зайнаас чанартай боловсрол олгохоор хичээж байна. 08.00-д хичээл нь ордог сурагчид тэр цагтаа “цуглаж”, 40 минут хичээллээд, 10 минут завсарладаг. Ингээд өдөрт 4-5 цаг хичээллэж, гэрийн даалгавраа хийнэ. Багш нар нь ойлгохгүй хичээлүүдийг тухай бүрт нь тайлбарладаг учраас хоцрогдол харьцангуй бага гэнэ. Хувийн сургуулиуд теле хичээл үздэггүй юм билээ. Тэдний зайны сургалтыг яагаад эш татсан бэ гэхээр мөнгөтэй нь чанартай боловсрол эзэмшдэг тогтолцоо цар тахалтай энэ үед ч амь бөхтэй оршсоор байгаа учраас тэр. Тэгвэл төрийн өмчийн сургуулийн сурагчид дампуу яамныхаа өгсөн “бантанг” дуугүй идээд, боловсролгүй, мангараараа дуудуулсаар л байх уу.