УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэж байна. Уг тойргоос УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ татгалзаж, нийслэлийн Засаг даргаар томилогдоод буй. УИХ-ын нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал хураалтаас 70- аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор товлон зарлах ёстой. Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх шийдвэрийг парламент өнгөрсөн аравдугаар сарын 23-нд гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ сарын 13 гэхэд 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын өдөр нь тодорхой болно. Үндсэндээ ирэх оны хоёрдугаар сард санал хураалт явуулж, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг төлөөлөх нэг гишүүн УИХ-д орж ирнэ гэсэн үг.
Уг нь уржигдар Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг парламентаар хэлэлцүүлэх гэсэн ч олонхын бүлгээс тавьсан саналын дагуу хойшлуулаад байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ төслийг хэлэлцэх бэлтгэл хангагдаагүй байна. Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярих, зардал, тооцоог нь бэлтгэх гээд нэлээд ажил бий учраас хэлэлцүүлгийг хойшлуулж, ирэх долоо хоногт оруулж ирье” хэмээн хүсэлт тавьсныг ёсоор болгосон юм. Үнэндээ хүссэн ч, эс хүссэн ч болох ёстой, товлох учиртай сонгуультай холбоотой асуудлаар эрх баригч намын бүлгийн дарга нь зардал, тооцоо гэх мэт ялих шалихгүй зүйл ярьж, яагаад хойшлуулав гэдэг нь анхаарал татаж байна.
Хууль тогтоох байгууллагад 62 гишүүнтэй МАН-ын үнэмлэхүй олонхын байр суурийг өөрчлөхөд эл нөхөн сонгуулийн үр дүн тийм ч чухал биш. Гэхдээ одоо айсуй сонгуулиар эрх баригч нам ялагдах магадлал өндөр байна. Учир нь коронавирусийн цар тахлын халдварыг манай улс дотооддоо алдаж, улс даяар хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд шүүмжлэлийн бай хамгийн ихээр болж байгаа хүн нь нийслэлийн удирдлага, Засаг дарга Д.Сумъяабазар. Хамгийн сүүлд гэхэд согтууруулах ундаа худалдан борлуулах, эсэхтэй холбоотойгоор тэрбээр ярианы сэдэв болоод байна. Шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах, эсэх тухайд Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөнийг нийслэлийн Засаг дарга нийгмийн сүлжээгээр анх мэдэгдсэн нь иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсгэсэн. Харин тэрбээр “Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэх мэдэгдлээ иргэдийг нэлээд эргэлзүүлсний эцэст хийсэн юм.
Энэ мэт эргэлзээ, хүлээлт үүсгэсэн, эргэж буцсан шийдвэрийг нийслэлийн удирдлага нэлээд гаргасан учраас иргэд түүнийг даапаалаад байх шиг. Тухайлбал, хатуу хөл хориог дөнгөж тогтоосны дараа нэр бүхий салбарын албан хаагч, ажилтнуудыг нийтийн тээвэр, хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой шийдвэр иргэдийг хамгийн их төөрөгдүүлж, бухимдуулсан гэхэд болно. Автомашинаар явахыг нь зөвшөөрөхгүй, нийтийн тээвэрт нь чихцэлдүүлж нэг үзсэн. Ингээд хувийн автомашинд нь зөвшөөрөл олгосны үндсэн дээр хөдөлгөөнд оролцуулна гэж баахан хүсэлт, өргөдөл авч, байрныхаа гадна баахан хүн шавуулчихаад, “Ерөөсөө зөвшөөрөл өгөхөө болилоо” гээд буцаах жишээтэй. Эцэст нь саяхнаас нэг юм нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Цаашлаад нөөцийн мах худалдах, коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авах, орон нутгийн хүмүүсийг нийслэлээс гаргах гээд иргэдийг бөөгнүүлж, бухимдуулсан ажил бишгүй. Хэдийгээр шүүмжлэл, саналыг хүлээн авч, дор дор нь засаж байгаа ч их хотын ажил, амьдралыг удирдана гэдэг туршилт явуулахын нэр биш л дээ. Тэр тусмаа цар тахал дэгдсэн аюулт нөхцөлд иргэдээ бөөгнөрүүлж, бухимдуулж, чирэгдүүлэн байж туршилт явуулна гэж ч юу байх вэ. Юутай ч ажлын зохион байгуулалт сайнгүй, нэгдсэн удирдлагаар хангаж, зангидаж чаддаггүй гэсэн шүүмжлэл Д.Сумъяабазарын улстөрчийн намтраас салахааргүй болж байх шиг. Тэр удирдагчийн хувьд үнэлэгдэж, олон нийтийн итгэлийг хүлээх боломжоо үндсэндээ алдлаа.
Цар тахлын үед улс орныг хэрхэн удирдсан, цаашдаа үр дагавар, учруулсан хохирлыг нь хэрхэн гарз багатай даван туулах вэ гэдэг нь өнөөгийн эрх баригчид, Ардын намынхны хувьд том сорилт болж байна. Цаг нь болохоор УИХ, Засгийн газарт иргэд, сонгогчид дүнгээ тавина. Харин хамгийн түрүүнд дүгнүүлэх хүн нь нийслэлийн удирдлага, тэр тусмаа Д.Сумъяабазар. Тиймээс ч 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН ялагдаж, Сонгинохайрханы нэг суудлаа алдах магадлал өндөр байна гэж хэлээд буй хэрэг. Магадгүй МАН энэ сонгуульд амжилтгүй оролцвол нам нь Д.Сумъяабазарын ажлыг дүгнэж, хариуцлага тооцох талаар ярьж эхлэх биз. Тэр нийслэлийн Засаг даргаас гадна МАН-ын нийслэлийн хороог удирддаг. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийн сонгогчид УИХ болон орон нутгийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчдэд хамгийн өндөр хувиар итгэл хүлээлгэж, бүх түвшинд бүтэн багаар нь сонгосон.
Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, нийслэлийн Засаг дарга болоход гайхах хүн олон байсан. Удаа дараагийн сонгуульд амжилттай оролцсон гэж шагнав уу, эсвэл бүр “шоглоод” байна уу ч гэж шивэр авир хийсэн. Тэгж хэлэх ч үндэслэл бүрдээд байсан юм. Тухайлбал, үе үеийн сонгуулиар аймгуудад түлхүү ялалт байгуулж ирсэн Ардын намыг анх удаа Улаанбаатарт үнэмлэхүй ялуулсан хүн нь нийслэлийн хороог нь удирдсан Д.Сумъяабазар атал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар нь яагаад улираасангүй вэ гэдгийг олон хүн ярьж байсан шүү дээ. Бүр намын дарга, Ерөнхий сайдтайгаа гар зөрүүлсэн гэх яриа ч гарч байлаа. Ингээд орон нутгийн сонгуулиар нийслэлийн МАН амжилт гаргаж, үнэмлэхүй олонх болж, түүнийг Засаг дарга болгосон юм. Орон нутгийн сонгуулийн үеэр нийслэлийн МАН ерөнхийдөө бие даан ажиллаж, намын дарга, Удирдах зөвлөл нь кампанит ажилд нь туслаагүй, хуруугаа ч хөдөлгөөгүй гэлцдэг. Гэвч эцэст нь Д.Сумъяабазар намын удирдлагаас тавьсан саналын дагуу нийслэлийн Засаг дарга болох шийдвэр гаргаснаа “амаргүй” хэмээн тодорхойлж байлаа. Хэрэв нам нь түүнийг “шоглох” гэж төрийн эрх барих дээд байгууллагын сэнтийгээс буулгасан бол дараа дараачийн алхмаа хэдийн төлөвлөчихсөн байгаа биз. Жишээ нь, нөхөн сонгуулиар дээр дурдсанчлан муу үр дүн гарвал нийслэлийн ИТХ дахь намын нөхөд нь Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах санал гаргахыг үгүйсгэхгүй. Цар тахал, хатуу хөл хорионы үед хэрхэн ажилласныг сонгуулийн үр дүнтэй холбож “шоу” хийж мэднэ. “Олдохоороо өлддөг” зовлонг МАН-ынхан амсаж ирсэн хойно тэгтлээ гайхах хэрэггүй болов уу. Үүнийг нь ИТХ дахь сөрөг хүчин, цөөнх нь өлгөж аваад улстөржүүлнэ, дэмжинэ. Өдгөө нийслэлийн ИТХ-д Д.Сумъяабазарыг гэх дэмжлэг тэгтлээ хүчээ аваагүй тул ийм нөхцөл үүслээ гэхэд тэр тэсэж үлдэхэд тун хэцүү болно.